Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/624

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            09           14                                         2022/ШЦТ/624                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч А.Алтангэрэл /томилолтоор/, шүүгдэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Н-ийн Б-д холбогдох эрүүгийн 22100 1541 0931 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Иргэний нисэхийн ерөнхий газарт карго ачигчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Н-ийн Б /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамжны 45 тоотод 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хамтран амьдрагч Н.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хоолойг боож, газарт чирсний улмаас зүүн өвдөгт шарх, баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Б-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 1541 0931 дугаартай хэргээс:

 

1. Аюулын зэргийн үнэлгээ баримт (хэргийн 08-09 дэх тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ц-ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүүхэд маань эмнэлгээс гараад удаагүй байсан болохоор би ажлаасаа чөлөө аваад, гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрөөх гэж байсан юм. Тэгэхэд Н.Б хэвтчихээд босохгүй, намайг бухимдуулаад байсан. Тэгтэл Н.Б-ийн эгч Н.Оюунсүрэн залгахаар нь би бухимдсан байсан учир “дүүдээ орон байр аваад өгчихөж чадахгүй байж өмх мах харамлалаа” гэж хэлсэн ба эгч нь утасны цаанаас уурлаж хашгираад байсан. тэгтэл Н.Б миний хоолойноос боож, газарт унагаад чирэх үед миний өвдөг шалбарсан.

Ингээд би хүүхдээ унтуулаад байж байхад гаднаас Н.Б-ийн эгч орж ирээд над руу уурлаж хашгираад байсан. Тэгээд жижиг өрөөний хувцасны шүүгээнээс миний хувцсыг аваад шидээд байхаар нь би гарыг нь түлхсэн. Энэ үед гаднаас Н.Б орж ирээд миний хоолойноос багалзуурдаж, чирээд гэрээс гаргасан. Мөн 2021 оны 8 сард муудалцаад нөхөр маань уурлаж миний хавирга руу гараараа цохиод хугалж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй, эмнэлэгт үзүүлээд л өнгөрсөн. Тэгээд энэ удаад ийм зүйл болж байгаад би үнэхээр их гомдож, цагдаад хандсан юм.

Бид 2 гэр бүлийн баталгаагүй, дундаасаа нэг нас 7 сартай хүүхэдтэй. Гэр бүл болоод 3 жил болж байна.

...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Оюунсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай бэр байж байсан ба би түүнийг “яагаад нөхөртэйгөө маргалдаж муудалцаад байдаг юм” гэж  асуухад “дандаа дүүгээ өмөөрдөг” гэж уурлаад байсан. Тэгээд бид хоёр бага зэрэг маргалдахад Н.Ц- над луу уурлаад дайраад байсан. Энэ үед гаднаас манай дүү Н.Б орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Н.Б, Н.Ц- нар маргалдаад байхаар нь “гэрээс гарч хэрэлд” гэж хэлээд хувцсыг нь шүүгээнээс гаргаад тавьчихсан. Н.Ц- гэрээс гарахгүй орилж, хашгираад байхаар нь Н.Б мөр, хүзүү орчмоор нь давуулж тэврээд гэрээс гаргасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26 дахь тал),

 

4. ШШҮХ-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8825 тоот:

1. Н.Ц-ын биед зүүн өвөгт шарх, баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 28-29 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б-ийн яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хэргийн 41 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 42 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 45 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Н.Ц- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн (хэргийн 50 дахь тал) ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 51 дэх тал) 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 226 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Н.Бд хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 1541 0931 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамжны 45 тоотод 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хамтран амьдрагч Н.Ц-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хоолойг боож, газарт чирэх, хувцас хэрэглэлийг авч шидэх зэргээр зодсоны улмаас хохирогч Н.Ц-ын биед нь “...зүүн өвөгт шарх, баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

- Аюулын зэргийн үнэлгээ баримт (хэргийн 08-09 дэх тал)

- хохирогч Н.Ц-ын: “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүүхэд маань эмнэлгээс гараад удаагүй байсан болохоор би ажлаасаа чөлөө аваад, гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрөөх гэж байсан юм. Тэгэхэд Н.Б хэвтчихээд босохгүй, намайг бухимдуулаад байсан. Тэгтэл Н.Б-ийн эгч Н.Оюунсүрэн залгахаар нь би бухимдсан байсан учир “дүүдээ орон байр аваад өгчихөж чадахгүй байж өмх мах харамлалаа” гэж хэлсэн ба эгч нь утасны цаанаас уурлаж хашгираад байсан. тэгтэл Н.Б миний хоолойноос боож, газарт унагаад чирэх үед миний өвдөг шалбарсан.

Ингээд би хүүхдээ унтуулаад байж байхад гаднаас Н.Б-ийн эгч орж ирээд над руу уурлаж хашгираад байсан. Тэгээд жижиг өрөөний хувцасны шүүгээнээс миний хувцсыг аваад шидээд байхаар нь би гарыг нь түлхсэн. Энэ үед гаднаас Н.Б орж ирээд миний хоолойноос багалзуурдаж, чирээд гэрээс гаргасан. Мөн 2021 оны 8 сард муудалцаад нөхөр маань уурлаж миний хавирга руу гараараа цохиод хугалж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй, эмнэлэгт үзүүлээд л өнгөрсөн. Тэгээд энэ удаад ийм зүйл болж байгаад би үнэхээр их гомдож, цагдаад хандсан юм.

Бид 2 гэр бүлийн баталгаагүй,  дундаасаа нэг нас 7 сартай хүүхэдтэй. Гэр бүл болоод 3 жил болж байна.

...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22 дахь тал),

- гэрч Н.Оюунсүрэнгийн: “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай бэр байж байсан ба би түүнийг “яагаад нөхөртэйгөө маргалдаж муудалцаад байдаг юм” гэж  асуухад “дандаа дүүгээ өмөөрдөг” гэж уурлаад байсан. Тэгээд бид хоёр бага зэрэг маргалдахад Н.Ц- над луу уурлаад дайраад байсан. Энэ үед гаднаас манай дүү Н.Б орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Н.Б, Н.Ц- нар маргалдаад байхаар нь “гэрээс гарч хэрэлд” гэж хэлээд хувцсыг нь шүүгээнээс гаргаад тавьчихсан. Н.Ц- гэрээс гарахгүй орилж, хашгираад байхаар нь Н.Б мөр, хүзүү орчмоор нь давуулж тэврээд гэрээс гаргасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26 дахь тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8825 тоот:

1. Н.Ц-ын биед зүүн өвөгт шарх, баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 28-29 дэх тал),

- Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн  болон шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хохирогч Н.Ц-ын биед учирсан “зүүн өвөгт шарх, баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Б нь түүний хоолойг боож, газарт унаган чирэх зэргээр зодсон гэмт үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамжны 45 тоотод 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хамтран амьдрагч Н.Ц-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хоолойг боох, газраар чирэх, хувцас хэрэглэлийг нь авч шидэх зэргээр зодож цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

Хэргийн хохирогч Н.Ц-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.    

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 45 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

Шүүх, шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Энэ хэрэгт Н.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

                                                      ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД