| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0045/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/98 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/98
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дугаар 2022/ШЦТ/98 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Т.Х,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Т-ийн Хүрлээд холбогдох 2228000000115 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Т.Х нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буянт хотхон” хүүхдийн зуслангийн баруун талд байх гэрт хохирогч Б.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, татаж унагаан бие махбодид нь халдсны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын 6-р хавирганд хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун тохой өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Хг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Таарамжгүй байдлаас болж алдаа гаргасан байна. Архи уусны улмаас маргалдаж тиймэрхүү зүйл болсон байна.
Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгаас хойш 50 километрт байрлах Буянт хүүхдийн зуслан дээр 23 цагийн үед гэртээ байхад Хүрлээ гэдэг хүн таарсан. Согтуу байсан. Тэгээд Хүрлээтэй юм ярьж байгаад бид хоёр маргалдсан. Тэгсэн Хүрлээ миний цамцнаас татаад намайг унагаагаад дарсан. Тэгээд миний хоолойноос багалзуурдсан. Тэгж байгаад намайг тавьсан. Тэгээд бид хоёр юм яриад байж байгаад Хүрлээ явсан. Тухайн үед миний цээжээр өвдөөд хэд хонож байгаад эмнэлэгт үзүүлсэн чинь миний хавирга хугарсан байсан. Тухайн үед гэртээ байж байхад Хүрлээ гээд залуу согтуу хүрээд ирсэн. Тэгээд юм яриад байж байгаад их юм хэлээд байхаар нь уур хүрээд бид хоёр маргалдсан. Би Хүрлээг гэрээс гаргасан. Тэгсэн намайг унагаагаад дараад авсан. Миний хоолойг багалзуурдсан. Тэгж байгаад намайг тавьсан. Дараа нь миний хавирга хөндүүрлээд өвдөөд байсан. Би Хүрлээд гар хүрээгүй ээ. Эмчид үзүүлээд эм тан аваад 300,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Тухайн хохирол мөнгийг Хүрлээ гээд энэ залуу төлсөн. Одоо надад гомдол санал алга. Энэ асуудлыг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. /хх-ийн 14-16 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Ты биед зүүн талын 6-р хавирганд хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт,баруун тохой өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Б.Ты биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Ты биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22 дахь тал/
Шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 12-ний шилжих шөнө цагийн сайн мэдэхгүй байна. Буянт хотхон хүүхдийн зуслан дээр 1 литр монгол архи ганцаараа уусан. Зуслангийн баруун талд байх гэрийн гадаа Тэгшсайхантай таарсан. Тэгээд тухайн гэрт ороод Тэгшсайхантай юм яриад байж байгаад маргалдсан. Тэгшсайханы цамцнаас татаад унагаагаад дээрээс нь дараад хоолойг нь боосон тэгж байгаад би Тэгшсайхан гэдэг хүрнийг босгоод уучлалт гуйгаад танилцсан. /хх-ийн 30 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дахь тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 дахь тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 34 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Т, шүүгдэгч Т.Х нар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буянт хотхон” хүүхдийн зуслангийн баруун талд байх Б.Ты гэрт маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Т.Х нь хохирогч Б.Тыг татаж унагаан бие махбодид нь халдсан болох нь хохирогч Б.Ты: Тэгээд Хүрлээтэй юм ярьж байгаад бид хоёр маргалдсан. Тэгсэн Хүрлээ миний цамцнаас татаад намайг унагаагаад дарсан. Тэгээд миний хоолойноос багалзуурдсан. Тэгж байгаад намайг тавьсан. Тэгээд бид хоёр юм яриад байж байгаад Хүрлээ явсан. Тухайн үед миний цээжээр өвдөөд хэд хонож байгаад эмнэлэгт үзүүлсэн чинь миний хавирга хугарсан байсан. /хх-ийн 14-16 дахь тал/ гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Х нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буянт хотхон” хүүхдийн зуслангийн баруун талд байх гэрт хохирогч Б.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, татаж унагаан бие махбодид нь халдсны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын 6-р хавирганд хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун тохой өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ты эрүүл мэндэд зүүн талын 6-р хавирганд хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт,баруун тохой өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “эм тариа 300.000 төгрөг болсон. Тухайн хохирол мөнгийг Хүрлээ гээд энэ залуу төлсөн. Одоо надад гомдол санал алга” /хх-ийн 14-16 дахь тал/ гэснээр шүүгдэгч Т.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 37 дахь тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 дахь тал/, Оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавиг мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж ...Өөртөө гэмшиж байна. Дахиж архи ууж янз бүрийн асуудал гаргахгүй гэх шаардлагыг өөртөө тавьж байгаа гэх тайлбарыг гаргав.
Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Х нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Т-ийн Хүрлээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Х нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 300.000 төгрөгийн төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА