Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/670

 

 

 


 

 

 

 

    2022          9            05                                    2022/ШЦТ/670

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ш.Анужин,

иргэдийн төлөөлөгч Ж.Наранцэцэг,

хохирогч Д.Э,

шүүгдэгч О.На, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэг,

- Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************ На-д холбогдох эрүүгийн 2205002140087 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмээ нарын хамт ******************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.На нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны 2-р давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан хохирогч Д.Эыг “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж, орц руу дагуулан орж, улмаар Д.Эын цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж, түүний биед цээжний хөндийд 4 тооны, хэвлийн хөндийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алахыг завдсан,

- Мөн О.На нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 2-24 тоотод хохирогч Д.Эыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон,

- 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн төвөөс 50 километрийн зайд хөдөө хээр, хүнгүй газар хохирогч Д.Эыг аваачиж өшиглөж үсдэж, чирч зодсон,

- 2021 оны 10 дугаар сард хохирогч Д.Эын түрээсэлж байсан Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны орцонд даган орж, гэдсэнд нь хутга тулгаад “машинд орж суу” гэж хэлж машинд суулгасны дараа хохирогч Д.Эын хамар хэсэгт цохиж, үсдэж даран нуруунд нь цохиж зодсон үйлдлүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.На мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ: “...Би О.Натай 4 жилийн өмнө танилцаж байсан. Хамт амьдарч байхдаа эрхэлж байсан бизнес маань 100 хувь миний бизнес байсан. О.Наын тухайд хааяа машин барьж, хайрцагтай ном зөөж өгдөг байсан. Өөрөөр надад хийж өгсөн зүйл энэ хүнд байхгүй. Энэ хүн хамт амьдарснаас хойш намайг зодож, байнгын дарамталдаг байсан. Тухайн үед надад хэцүү бие өвдөж байсан хэдий ч боломж л гарвал энэ хүнээс сална гэсэн бодолтой байсан. Би өр зээлтэй байсан хэдий ч Alphard машин, гэрт байсан эд хогшлыг бүгдийг нь О.Над үлдээгээд салсан. 1 удаа биш, нэлээн хэдэн удаа хутга тулгаж намайг айлгаж, мөн миний охиныг дарамталж байсан. О.Наын надад учруулсан гэмтлийн улмаас миний би биедээ маш их сорвитой болсон. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй ч гэсэн маш их гомдолтой байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл, лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн  гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

4. Хохирогч Д.Э-ын:

 “...Би Оюунтогтохын На гэх хүнтэй 2018 онд танилцаж, 2019 оны сүүлээс хамтран амьдарч эхэлсэн. ...Хамт амьдрах хугацаанд намайг урдын амьдралтай маань холбож дарамталж зоддог, их харддаг байсан. Би хамт амьдарч байх хугацаанд 1 удаа цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгч байсан. 2021 оны 03 дугаар сарын 31-ний үед манай охиныг “үгэнд орохгүй байна” гэх шалтгаанаар “танай хүүхэд үгэнд орохгүй байна” гээд миний нүүр рүү цохиж, гуя руу өшиглөж зодсон. Би хувиараа 21 аймгаар ном түгээлтийн ажил хийдэг ба 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймагт явж байхад “хүнтэй утсаар ярилаа” гэж уурлаад хөдөө хээр аваачиж намайг 2 цаг шахам өшиглөөд, үсдэж чирээд зодсон. Тухайн үед миний бие битүү хөх няц болсон ба баруун талын чихний хэнгэрэг хагарсан. Баянгол дүүргийн 6-р хороо, Бичил хорооллын эмнэлэгт үзүүлж, эмчилгээ авч байсан. Тэгээд би охиноо аваад Нааас зугтаад, салсан ба 1 сар гарангын дараа миний түрээсэлж байгаа Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны орцонд намайг дагаж орж ирээд миний гэдсэнд хутга тулгаад, “машинд орж суу” гэж хэлээд машин руу оруулсан. Машинд оруулаад бүх хаалгыг цоожилж байгаад машин дотор зодсон. Тухайн үед би зодуулснаас болж хамар хөхөрч хавдсан, бас гар, хөл хөхөрчихсөн байсан. Түүнээс хойш би хүмүүстэй гэр лүүгээ орж гардаг байсан ба 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр над руу Нааас “би хөдөө явлаа, одоо ахиж муухай зан гаргахгүй, тайван амьдарч болно уучлаарай” гэсэн мессеж ирсэн. Тэгээд би 14 хоног шахуу хүнээр гэртээ оруулж гаргуулж байгаад нээрээ хөдөө явчихсан юм байна гэж бодоод ганцаараа гэр лүүгээ орж гардаг болчихсон байсан юм. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед байрны гадаа охины хамт машинаа байрлуулчхаад машинаа түгжих гэж байтал арын боржуур дээрээс На үсэрч гарч ирснээ “яасан гоё машинтай болчихсон юм, машинд чинь сууж үзье” гэхээр нь би “чи яах гэж ирсэн юм” гэж би асуутал На “ярилцах гэж ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “машинд бол суумааргүй байна, орцонд ороод ярилцъя” гэхэд машиндаа суулгасангүй гээд гадаа уурлаж байгаад орц руу орохоор болсон. Тэгээд орцонд орох гээд алхаж явахдаа өмнө нь надад тулгаж байсан хутгаа үзүүлээд “чи эвтэйхэн ярихгүй бол би чамайг ална шүү дээ” гэж хэлсэн. Хутга нь эвхэгддэг никел, өнгө нь харлаж, бор болчихсон, хуучин хутга байсан. На “чи машин тэрэг аваад ажил чинь сайн байгаа юм байна, өөрөө ингэж явж байхаар надад нэг машин аваад өгч болохгүй байна уу? аль эсхүл чи надад 2-3 сая төгрөг өгч чадсангүй юу” гээд тамхи татаад зогсоод байсан. Тэгснээ татаж байсан тамхиа газар хаяад, миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисноо хэвлий хэсэг рүү эхлээд 2 удаа цохиод, дараа нь миний нуруу хэсэг рүү 5 удаа цохих шиг болсон. Тэгэхэд нуруу дагаад цус урсахаар нь би “авраарай, туслаарай” гэж орилоход, 2 давхарт амьдардаг эгч хаалга онгойлгохоор нь би охинтойгоо гэр рүү нь гүйгээд ортол На зугтаачихсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, би Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед миний охин Анхболор хажууд байсан ба “болиоч ээ” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

5. Хохирогч Д.Э-ын хохирогчоор дахин өгсөн:

“... Би өмнө өгсөн мэдүүлэг дээр болсон зүйлийг бүгдийг нь ярьсан. О.На нь намайг 20-11 УНУ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машинаар дагаад байна. Бас надтай хамт ажилладаг Уранчимэг эгчийг тухайн машинаар дагаад байна. Би маш их айдастай байна. Сэтгэл санаа байнгын айдас түгшүүртэй байна. Энэ хүн урьд нь надад хутга тулгаж авч явж байсан. Бас намайг зодож байсан. Өмнө нь 10 сараас эхлээд намайг дагаад байдаг байсан. Тэгээд орцны гадаа хүлээж байгаад уулзаад зодохдоо “би чамайг алхам тутамдаа дагаж байгаа, сонсох төхөөрөмж болон GPS машинд чинь суулгасан байгаа шүү” гэж хэлсэн. Тэгж хэлсний өмнөхөн нь өглөө гэрээсээ гарч ирээд явах гэтэл машины цонх онгойсон байсан. Би бол маш их айдастай, зүгээр ч байж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал/,

6. Гэрч Б.Да-ийн:

“... 2019 оны 12 дугаар сарын 20-нд анх манай гэрт ирж байсан. Түүнээс өмнө нь О.На-ыг 08 дугаар сард Д.Э гэх хүнтэй уулзаж байна гэдгийг мэдэж байсан. О.На нь Д.Э-аас өмнө Оюунгэрэл гэх эмэгтэйтэй хамтран амьдраад хүүхэдтэй болсон. Тэгж байгаад О.На нь Д.Э-тай хамтран амьдарч эхэлсэн ба энэ хоёрын дундаас хүүхэд гаргаагүй. О.На, Д.Э нар нь ном зардаг наймааны ажил аймаг сумуудаар зарж явдаг байсан ба 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-ны үед гэртээ ирсэн байх. Тэр хугацаанд О.На нь Д.Э-ыг зодож хутга тулгаж, манай гэрт авчирсан. Тэгсэн Д.Э “ээжийг аваад явъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаачих юм” гэсэн чинь Э “манай гэрт очъё” гэж хэлээд тэгээд На, Э нартай хамт приус 30 маркийн машинд сууж явсан ба Эын байрны гадаа очоод Э “би охинтойгоо уулзаад ирье” гэж хэлээд машинаас буусан ба манай хүү На бас машинаас буусан. Тэгээд удалгүй На гүйж ирээд машинаа асаагаад давхичихсан. Тэгэхээр нь би Нааас “юу болсон юм бэ” гэж асуусан чинь На “Э цагдаа дуудчихсан байна” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Тэгсэн миний утас дугарахаар нь авсан чинь Э залгасан ба “танай хүүхэд намайг зодоод, надад хутга тулгаад намайг эвлэрье гээд байсан, тэгэхээр нь би амиа авах гээд эвлэрсэн дүр үзүүлж танай гэрт очиж таныг авсан юм” гэж хэлсэн. Тэгээд На Э-ын машиныг унаад намайг гэрт буулгачхаад “ээжээ та орж бай, би Эын машиныг өгчхөөд ирье” гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш На гэртээ байсан ба би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э над руу утсаар яриад “На хутгалуулсан” талаар хэлсэн. О.На нь Д.Э-ыг үүнээс өмнө зодсон. 2021 оны 08 дугаар сард байхаа Сүхбаатар аймагт бараагаа зарж ирээд Э надад хэлэхдээ “танай хүү намайг зодчихлоо, та анзаарахгүй байна уу, та хүүхдээ өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлсэн. Үүнээс өмнө 03 дугаар сард бас “зодлоо” гэж надад Э хэлж байсан. Би ямар хутгатай байсныг мэдэхгүй байна. Өөрөөс нь асуухад халаасанд хумсны хутга шиг хутга байсан гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

7. Гэрч С.Су:

“...2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнө гэртээ унтаж байхад орцонд эмэгтэй хүн “амь авраарай, авраарай” гээд орилоод байсан. Би шууд орноосоо босоод нүцгэн чигээрээ хаалгаа онгойлгосон чинь 1 эмэгтэй охиноо дагуулаад “би хутгалуулчихлаа” гээд дайраад ороод ирсэн. Би тухайн үед сандраад шоконд орсон байсан ба охин нь “манай ээжийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Манайд орж ирээд “эгчээ би хүнд хутгалуулчихлаа, би амьсгаа авч чадахгүй үхэх нь” гэж хэлсэн. Тэгээд би түргэн болон цагдаад дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

8. Гэрч Ц.Ба:

 “...Би тухайн өдөр гэртээ байгаагүй, гадуур ажилтай явж байсан ба маргааш өдөр нь манай ээж Сувдмаа надад хэлэхдээ “урьд шөнө дүүг чинь дэлгүүр гаргаад байж байхад орцонд 1 хүн орилсон. Тэгэхээр дүүг чинь гэж бодоод хаалгаа онгойлготол 1 эмэгтэй зөрж орж ирээд үүдэнд суугаад “намайг хүн хутгалчихлаа авраарай” гэж хэлсэн” гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

9. Насанд хүрээгүй гэрч Э.Ан:

 “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би ээж Эын хамт /цагийг нь санахгүй байна/ Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байр буюу түрээсэлж амьдарч байсан гэрийн гадаа ирээд машинаа зогсоол дээр байрлуулаад буугаад иртэл ээжийн хамт амьдарч байсан На ах харанхуйгаас гараад ирсэн. Тэгээд ээж дээр ирээд “машин дотор орж ярилцъя” гэж хэлэхээр нь ээж бид хоёр “яах юм бэ” гэж хэлэхэд “орц руу орцгооё” гээд алхаад орсон. Орцонд орсны дараа На ах “дээд давхарт гаръя, энд хүмүүс их яваад байна” гэж хэлэхээр нь ээж бид 2 бас л “яах юм бэ” гэж хэлээд тухайн давхартаа ярилцаж эхэлсэн. Тухайн үед яг юу гэж ярьж байсныг санахгүй байна, их л юм ярьж байсан. Тэгж байснаа ээжийн нүүр рүү гараараа цохисноо гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгэхэд ээж газар унасан ба би На ахыг болиоч гээд түлхсэн чинь халааснаасаа эвхэгддэг юм шиг хутга гаргаж ирснээ ээжийг хутгалаад байсан. Би маш их айгаад болиулах гээд түлхэхэд дийлэхгүй байсан. Тэр үед ээж “амь авраарай” гээд орилсон чинь хажуу талын айлын эмэгтэй хаалга онгойлготол На ах зугтаад яваад өгсөн. Тэгээд би ээжийн хамт нөгөө айл руу орсон ба ээж айлд ороод үүдэнд сөхрөөд суучихсан, тухайн айлын хүмүүс түргэн дуудаад, түргэний эмч цагдаа нар хамт ирсэн. Тухайн үед ээж “амьсгалж чадахгүй байна” гээд юм ярьж чадахгүй гацаад байсан. На ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба ээж бид хоёр дээр машин дээр ирэхдээ “их удаан хүлээлээ, даарч байна, машин дотор чинь ороод ярилцъя” гэж хэлээд байсан. Тэгснээ орц руу явахдаа “өнөөдөр яг ингээд эцэслээд дуусгана” гэсэн утгатай юм яриад орц руу орсон. На ахад эвхэгддэг хутга байсан, би өнгийг нь одоо санахгүй байна. Халааснаасаа гаргаж ирээд хутгаа дэлгэсэн, тийм болохоор нь эвхэгддэг байна гэж харсан. На ах манай ээжийг урьд нь зоддог байсан, гэхдээ би он, сар, өдрүүдийг нь хэлж мэдэхгүй байна. Миний дэргэд ээжийг зодоод, ээж цагдаад дуудлага өгч байсан. Мөн гэрт ээж бид хоёртой хамт байж байхдаа хутга гаргаж ирээд “ална шүү” гэж хэлж байсан. Манай ээж, На ах 2 ном зардаг байсан, тэгж явж ирэхдээ ээж зодуулсан байдалтай ирж байсан ба ээжтэй хамт хороололд байх эмнэлэгт очиж чихийг нь үзүүлэхээр хамт явж байсан. Гэхдээ эмнэлэг рүү ороогүй, гадаа машин дотор нь хүлээж байсан юм. На ах ээжийг хэд хэдэн удаа цохиж, зодож байсан, ямар шалтгааны улмаас зодоод байдгийг нь мэдэхгүй. Ээжтэй хэрэлдэж байгаад зодоод байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

10. Гэрч Б.У:

 “...Би Э-тай хамт амьдарч байсан. На-ыг танина, манай гэрт Э-ын хамт ирж хэд хэдэн удаа уулзаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай охины хүүхэд болох зээ хүү маань даахиа үргээсэн юм. Тэгэхэд Э ирж хүүхдийн үсэнд хүрчхээд явсан ба шөнө над руу “На Э-ыг хутгалчихлаа” гэж Э-ын охин над руу уйлаад ярьсан. Э урьд нь надтай юм ярьж байхдаа “Сүхбаатар аймагт ном зарж явахдаа хоорондоо муудалцаад, сумын төвөөс гараад хээр явж байхдаа намайг зодож байсан. Тэгээд би энэ хүнд алуулах юм шиг байна гэж бодоод салахаар шийдсэн” гэж ярьж байсан. Ер нь бол хэцүү юмаа гээд байдаг байсан, амьдралын нарийн ширийн юмаа ярьдаггүй байсан юм. Мөн он, сарыг нь санахгүй байна, Э хэвлэх дээр хэвлүүлсэн байсан номыг аваад, хэвлэлийн дараах руу аваачиж өгөхөөр тохирсон байсан. Маргааш нь намайг залгасан чинь надад “би машингүй болчихсон” гэж хэлсэн ба яасан талаар асуухад “На өчигдөр орой ирээд намайг цохиод миний машиныг булаагаад аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өөрөө аргаа ольё” гээд байж байтал удалгүй Э над руу залгаад “миний машиныг аваад ирлээ, та байж бай, юмыг чинь зөөгөөд өгье” гээд над дээр ирэхдээ маск зүүчихсэн, хамар нь хавдчихсан юм шиг байхаар нь хамар нүүр чинь яасан юм бэ гэж асуухад “Насаа намайг орцонд дагаж орж ирээд хутга тулгаж авч гараад, машины ард суулгаад, цоожилж байгаад эргэж хараад миний хамар руу цохичихсон. Тэгэхэд галзуу юм шиг авир гаргасан. Миний хуруунд бөгж зүүж өгөөд, тэгснээ намайг үнсээд, тэгснээ намайг цохиж аваад би бүр айлаа” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дэх тал/,

11. Гэрч Д.Ба:

 “...Би Э-ын төрсөн эгч нь байгаа юм. Харин На нь Э-тай хамтран амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад миний утсанд дуудлага ирэхээр нь аваад ярихад Э-ын охин Анхболор “ээжийг На ах хутгалаад зугтчихлаа, бид хоёр 13-р байрны 2 давхарт айлд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд граж руу ороод машинаа унаад тухайн байр руу ирэхэд 103-н машин яг ирж таарсан ба би эмчтэй нь хамт Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Намайг түргэний эмчтэй хамт машин дотор байж байхад цамцыг нь нуруу хэсгээс хайчилж тайлаад, шархыг нь үзээд шууд Гэмтлийн эмнэлэг рүү явахаар болоод хамт явсан. Тэгэхэд нэлээд хэдэн тооны шарх байсан ба би яг нэг бүрчлэн тоолж, бас харж чадаагүй. Цус гоожоод улаан, эрээн биетэй байсан. На Э-ыг 3 удаа зодсоныг сонсож байсан. Түүнээс би зодуулсан байхыг юм уу, яг зодож байхад нь харж байгаагүй. Би сүүлд Э-аас сонсоход “Сүхбаатар аймагт номоо зарж явахдаа зодуулсан, эгээтэй л алуулчхаагүй” гэж ярьж байсан. Байр түрээсэлж байхдаа зодоод цагдаагийн байгууллагад хандаж, Чингэлтэй дүүргийн цагдаа дээр арга хэмжээ авагдаж байсан гэж сонссон. Сүүлд хутганы хэргээс өмнө “орцон дотор хутга тулгаж авч гараад, машин аваад явж байсан” гэж хэлж байсныг санаж байна. Өөр нарийн асуудлыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/,

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №785 дугаартай шинжээчийн:

“... Д.Э-ын биед цээжний хөндий 4 тооны, хэвлийн хөндий 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /96-101 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.На нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул “...Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгий” гэдэгт хохирогчид олон тооны шарх гэмтэл, учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харилцаа, сэдэл, санаа зорилго тогтоох ёстой байтал хэрэгт энэ талаар тогтоосон зүйл байхгүй. Мөн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж зүйчилсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэж давхар зүйлчилсэн нь шүүгдэгч О.На-ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчмыг зөрчсөн бөгөөд өөрөөр хэлбэл нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл оногдуулах зарчим үйлчлэх ёстой юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй. Харин хохирогчийг алах санаа зорилго байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.На-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.На нь:

2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны 2-р давхарт хохирогч Д.Э-ыг “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж, орц руу дагуулан орж, улмаар Д.Э-ын цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж, түүний биед цээжний хөндийд 4 тооны, хэвлийн хөндийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр алахыг завдсан,

 

Мөн О.На нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 2-24 тоотод хохирогч Д.Э-ыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон,

- 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн төвөөс 50 километрийн зайд хөдөө хээр, хүнгүй газар хохирогч Д.Э-ыг аваачиж өшиглөж үсдэж, чирч зодсон,

- 2021 оны 10 дугаар сард хохирогч Д.Э-ын түрээсэлж байсан Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны орцонд даган орж, гэдсэнд нь хутга тулгаад “машинд орж суу” гэж хэлж машинд суулгасны дараа хохирогч Д.Э-ын хамар хэсэгт цохиж, үсдэж даран нуруунд нь цохиж зодсон үйлдлүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Д.Э, насанд хүрээгүй гэрч Э.Анхболор, гэрч Б.Даваацэрэн, С.Сувдмаа, Ц.Бат-Оргил, Б.Уранчимэг, Д.Баярмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №785 дугаартай шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл, лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн  гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “хэргийн зүйлчлэл тохироогүй тул зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой байсан” гэж маргасан.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.На хохирогч Д.Э нар нь 2018 онд танилцаж, улмаар 2019 оны сүүлээс хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамт амьдрах хугацаандаа шүүгдэгч О.На нь хохирогч Д.Э-ыг урдын амьдралтай нь холбож дарамтлах, цохих, зодох байдлаар биед нь халдаж, “танай хүүхэд үгэнд орохгүй байна”, “хүнтэй утсаар ярилаа”, “яасан гоё машинтай болчихсон юм, машинд чинь сууж үзье”, “чи машин тэрэг аваад ажил чинь сайн байгаа юм байна, өөрөө ингэж явж байхаар надад нэг машин аваад өгч болохгүй байна уу? аль эсхүл чи надад 2-3 сая төгрөг өгч чадсангүй юу” гэх зэргээр удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон.

 

Мөн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Д.Эыг “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж, орц руу дагуулан орж, улмаар Д.Э-ын цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж, түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алахыг завдсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Харин “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан” гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч О.На хохирогч Д.Э нар нь 2019 оны сүүлээс 2021 оны 09 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан бөгөөд шүүгдэгч О.На хохирогч Д.Эыг айлган сүрдүүлж, улмаар түүний цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдэх үед тэд хамтран амьдрахаа больсон, хохирогч Д.Э нь шүүгдэгч О.На-аас салсан буюу өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаа дууссан байжээ.  

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь  гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж заажээ.

 

Харин хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тодруулбал, “Онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан зэргийг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл, онц харгис хэрцгий шинжид дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.На нь хохирогчийн цээж, хэвлий тус газарт нь олон удаагийн үйлдэл давтамжтайгаар хутгалсан ба шинжээчийн дүгнэлтээр түүний биед олон тооны шарх гэмтэл учирсан болохыг тогтоосноос дүгнэвэл хохирогч Д.Э-ыг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг болно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.На нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу түүнийг алахыг завдсан, удаан хугацаанд дарамталсан, зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч О.На-ыг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алахыг завдсан”, мөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг,

- Мөн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

-Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч О.На-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.На-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах гэсэн” дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Хэргийн зүйлчлэл дээр маргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон тул эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.На нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заажээ. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч О.На-ыг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алахыг завдсан”, мөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт түүний цагдан хоригдсон 230 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205002140087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн энгэр болон ар нуруун дэрээ “the north face” гэсэн бичигтэй эмэгтэй хүний 1 ширхэг куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.На бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч ************ На-ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр алахыг завдсан”,

- мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.На-ыг 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Над оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.На-ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 228 хоног /хоёр зуун хорин найман/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “the north face” гэсэн бичигтэй эмэгтэй хүний 1 ширхэг куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.На бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.ДАЛАЙХҮҮ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

ШҮҮГЧ                                                     

 

 


 

 

 

 

    2022          9            05                                    2022/ШЦТ/670

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ш.Анужин,

иргэдийн төлөөлөгч Ж.Наранцэцэг,

хохирогч Д.Э,

шүүгдэгч О.На, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэг,

- Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байнхяр овогт Оюунтогтохын Над холбогдох эрүүгийн 2205002140087 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмээ нарын хамт ******************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.На нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны 2-р давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан хохирогч Д.Эыг “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж, орц руу дагуулан орж, улмаар Д.Эын цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж, түүний биед цээжний хөндийд 4 тооны, хэвлийн хөндийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алахыг завдсан,

- Мөн О.На нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 2-24 тоотод хохирогч Д.Эыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон,

- 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн төвөөс 50 километрийн зайд хөдөө хээр, хүнгүй газар хохирогч Д.Эыг аваачиж өшиглөж үсдэж, чирч зодсон,

- 2021 оны 10 дугаар сард хохирогч Д.Эын түрээсэлж байсан Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны орцонд даган орж, гэдсэнд нь хутга тулгаад “машинд орж суу” гэж хэлж машинд суулгасны дараа хохирогч Д.Эын хамар хэсэгт цохиж, үсдэж даран нуруунд нь цохиж зодсон үйлдлүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.На мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ: “...Би О.Натай 4 жилийн өмнө танилцаж байсан. Хамт амьдарч байхдаа эрхэлж байсан бизнес маань 100 хувь миний бизнес байсан. О.Наын тухайд хааяа машин барьж, хайрцагтай ном зөөж өгдөг байсан. Өөрөөр надад хийж өгсөн зүйл энэ хүнд байхгүй. Энэ хүн хамт амьдарснаас хойш намайг зодож, байнгын дарамталдаг байсан. Тухайн үед надад хэцүү бие өвдөж байсан хэдий ч боломж л гарвал энэ хүнээс сална гэсэн бодолтой байсан. Би өр зээлтэй байсан хэдий ч Alphard машин, гэрт байсан эд хогшлыг бүгдийг нь О.Над үлдээгээд салсан. 1 удаа биш, нэлээн хэдэн удаа хутга тулгаж намайг айлгаж, мөн миний охиныг дарамталж байсан. О.Наын надад учруулсан гэмтлийн улмаас миний би биедээ маш их сорвитой болсон. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй ч гэсэн маш их гомдолтой байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл, лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн  гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

4. Хохирогч Д.Э-ын:

 “...Би Оюунтогтохын На гэх хүнтэй 2018 онд танилцаж, 2019 оны сүүлээс хамтран амьдарч эхэлсэн. ...Хамт амьдрах хугацаанд намайг урдын амьдралтай маань холбож дарамталж зоддог, их харддаг байсан. Би хамт амьдарч байх хугацаанд 1 удаа цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгч байсан. 2021 оны 03 дугаар сарын 31-ний үед манай охиныг “үгэнд орохгүй байна” гэх шалтгаанаар “танай хүүхэд үгэнд орохгүй байна” гээд миний нүүр рүү цохиж, гуя руу өшиглөж зодсон. Би хувиараа 21 аймгаар ном түгээлтийн ажил хийдэг ба 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймагт явж байхад “хүнтэй утсаар ярилаа” гэж уурлаад хөдөө хээр аваачиж намайг 2 цаг шахам өшиглөөд, үсдэж чирээд зодсон. Тухайн үед миний бие битүү хөх няц болсон ба баруун талын чихний хэнгэрэг хагарсан. Баянгол дүүргийн 6-р хороо, Бичил хорооллын эмнэлэгт үзүүлж, эмчилгээ авч байсан. Тэгээд би охиноо аваад Нааас зугтаад, салсан ба 1 сар гарангын дараа миний түрээсэлж байгаа Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны орцонд намайг дагаж орж ирээд миний гэдсэнд хутга тулгаад, “машинд орж суу” гэж хэлээд машин руу оруулсан. Машинд оруулаад бүх хаалгыг цоожилж байгаад машин дотор зодсон. Тухайн үед би зодуулснаас болж хамар хөхөрч хавдсан, бас гар, хөл хөхөрчихсөн байсан. Түүнээс хойш би хүмүүстэй гэр лүүгээ орж гардаг байсан ба 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр над руу Нааас “би хөдөө явлаа, одоо ахиж муухай зан гаргахгүй, тайван амьдарч болно уучлаарай” гэсэн мессеж ирсэн. Тэгээд би 14 хоног шахуу хүнээр гэртээ оруулж гаргуулж байгаад нээрээ хөдөө явчихсан юм байна гэж бодоод ганцаараа гэр лүүгээ орж гардаг болчихсон байсан юм. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед байрны гадаа охины хамт машинаа байрлуулчхаад машинаа түгжих гэж байтал арын боржуур дээрээс На үсэрч гарч ирснээ “яасан гоё машинтай болчихсон юм, машинд чинь сууж үзье” гэхээр нь би “чи яах гэж ирсэн юм” гэж би асуутал На “ярилцах гэж ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “машинд бол суумааргүй байна, орцонд ороод ярилцъя” гэхэд машиндаа суулгасангүй гээд гадаа уурлаж байгаад орц руу орохоор болсон. Тэгээд орцонд орох гээд алхаж явахдаа өмнө нь надад тулгаж байсан хутгаа үзүүлээд “чи эвтэйхэн ярихгүй бол би чамайг ална шүү дээ” гэж хэлсэн. Хутга нь эвхэгддэг никел, өнгө нь харлаж, бор болчихсон, хуучин хутга байсан. На “чи машин тэрэг аваад ажил чинь сайн байгаа юм байна, өөрөө ингэж явж байхаар надад нэг машин аваад өгч болохгүй байна уу? аль эсхүл чи надад 2-3 сая төгрөг өгч чадсангүй юу” гээд тамхи татаад зогсоод байсан. Тэгснээ татаж байсан тамхиа газар хаяад, миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисноо хэвлий хэсэг рүү эхлээд 2 удаа цохиод, дараа нь миний нуруу хэсэг рүү 5 удаа цохих шиг болсон. Тэгэхэд нуруу дагаад цус урсахаар нь би “авраарай, туслаарай” гэж орилоход, 2 давхарт амьдардаг эгч хаалга онгойлгохоор нь би охинтойгоо гэр рүү нь гүйгээд ортол На зугтаачихсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, би Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед миний охин Анхболор хажууд байсан ба “болиоч ээ” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

5. Хохирогч Д.Э-ын хохирогчоор дахин өгсөн:

“... Би өмнө өгсөн мэдүүлэг дээр болсон зүйлийг бүгдийг нь ярьсан. О.На нь намайг 20-11 УНУ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машинаар дагаад байна. Бас надтай хамт ажилладаг Уранчимэг эгчийг тухайн машинаар дагаад байна. Би маш их айдастай байна. Сэтгэл санаа байнгын айдас түгшүүртэй байна. Энэ хүн урьд нь надад хутга тулгаж авч явж байсан. Бас намайг зодож байсан. Өмнө нь 10 сараас эхлээд намайг дагаад байдаг байсан. Тэгээд орцны гадаа хүлээж байгаад уулзаад зодохдоо “би чамайг алхам тутамдаа дагаж байгаа, сонсох төхөөрөмж болон GPS машинд чинь суулгасан байгаа шүү” гэж хэлсэн. Тэгж хэлсний өмнөхөн нь өглөө гэрээсээ гарч ирээд явах гэтэл машины цонх онгойсон байсан. Би бол маш их айдастай, зүгээр ч байж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал/,

6. Гэрч Б.Даваацэрэнгийн:

“... 2019 оны 12 дугаар сарын 20-нд анх манай гэрт ирж байсан. Түүнээс өмнө нь О.На-ыг 08 дугаар сард Д.Э гэх хүнтэй уулзаж байна гэдгийг мэдэж байсан. О.На нь Д.Э-аас өмнө Оюунгэрэл гэх эмэгтэйтэй хамтран амьдраад хүүхэдтэй болсон. Тэгж байгаад О.На нь Д.Э-тай хамтран амьдарч эхэлсэн ба энэ хоёрын дундаас хүүхэд гаргаагүй. О.На, Д.Э нар нь ном зардаг наймааны ажил аймаг сумуудаар зарж явдаг байсан ба 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-ны үед гэртээ ирсэн байх. Тэр хугацаанд О.На нь Д.Э-ыг зодож хутга тулгаж, манай гэрт авчирсан. Тэгсэн Д.Э “ээжийг аваад явъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаачих юм” гэсэн чинь Э “манай гэрт очъё” гэж хэлээд тэгээд На, Э нартай хамт приус 30 маркийн машинд сууж явсан ба Эын байрны гадаа очоод Э “би охинтойгоо уулзаад ирье” гэж хэлээд машинаас буусан ба манай хүү На бас машинаас буусан. Тэгээд удалгүй На гүйж ирээд машинаа асаагаад давхичихсан. Тэгэхээр нь би Нааас “юу болсон юм бэ” гэж асуусан чинь На “Э цагдаа дуудчихсан байна” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Тэгсэн миний утас дугарахаар нь авсан чинь Э залгасан ба “танай хүүхэд намайг зодоод, надад хутга тулгаад намайг эвлэрье гээд байсан, тэгэхээр нь би амиа авах гээд эвлэрсэн дүр үзүүлж танай гэрт очиж таныг авсан юм” гэж хэлсэн. Тэгээд На Э-ын машиныг унаад намайг гэрт буулгачхаад “ээжээ та орж бай, би Эын машиныг өгчхөөд ирье” гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш На гэртээ байсан ба би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э над руу утсаар яриад “На хутгалуулсан” талаар хэлсэн. О.На нь Д.Э-ыг үүнээс өмнө зодсон. 2021 оны 08 дугаар сард байхаа Сүхбаатар аймагт бараагаа зарж ирээд Э надад хэлэхдээ “танай хүү намайг зодчихлоо, та анзаарахгүй байна уу, та хүүхдээ өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлсэн. Үүнээс өмнө 03 дугаар сард бас “зодлоо” гэж надад Э хэлж байсан. Би ямар хутгатай байсныг мэдэхгүй байна. Өөрөөс нь асуухад халаасанд хумсны хутга шиг хутга байсан гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

7. Гэрч С.Су:

“...2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнө гэртээ унтаж байхад орцонд эмэгтэй хүн “амь авраарай, авраарай” гээд орилоод байсан. Би шууд орноосоо босоод нүцгэн чигээрээ хаалгаа онгойлгосон чинь 1 эмэгтэй охиноо дагуулаад “би хутгалуулчихлаа” гээд дайраад ороод ирсэн. Би тухайн үед сандраад шоконд орсон байсан ба охин нь “манай ээжийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Манайд орж ирээд “эгчээ би хүнд хутгалуулчихлаа, би амьсгаа авч чадахгүй үхэх нь” гэж хэлсэн. Тэгээд би түргэн болон цагдаад дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

8. Гэрч Ц.Ба:

 “...Би тухайн өдөр гэртээ байгаагүй, гадуур ажилтай явж байсан ба маргааш өдөр нь манай ээж Сувдмаа надад хэлэхдээ “урьд шөнө дүүг чинь дэлгүүр гаргаад байж байхад орцонд 1 хүн орилсон. Тэгэхээр дүүг чинь гэж бодоод хаалгаа онгойлготол 1 эмэгтэй зөрж орж ирээд үүдэнд суугаад “намайг хүн хутгалчихлаа авраарай” гэж хэлсэн” гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

9. Насанд хүрээгүй гэрч Э.Ан:

 “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би ээж Эын хамт /цагийг нь санахгүй байна/ Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байр буюу түрээсэлж амьдарч байсан гэрийн гадаа ирээд машинаа зогсоол дээр байрлуулаад буугаад иртэл ээжийн хамт амьдарч байсан На ах харанхуйгаас гараад ирсэн. Тэгээд ээж дээр ирээд “машин дотор орж ярилцъя” гэж хэлэхээр нь ээж бид хоёр “яах юм бэ” гэж хэлэхэд “орц руу орцгооё” гээд алхаад орсон. Орцонд орсны дараа На ах “дээд давхарт гаръя, энд хүмүүс их яваад байна” гэж хэлэхээр нь ээж бид 2 бас л “яах юм бэ” гэж хэлээд тухайн давхартаа ярилцаж эхэлсэн. Тухайн үед яг юу гэж ярьж байсныг санахгүй байна, их л юм ярьж байсан. Тэгж байснаа ээжийн нүүр рүү гараараа цохисноо гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгэхэд ээж газар унасан ба би На ахыг болиоч гээд түлхсэн чинь халааснаасаа эвхэгддэг юм шиг хутга гаргаж ирснээ ээжийг хутгалаад байсан. Би маш их айгаад болиулах гээд түлхэхэд дийлэхгүй байсан. Тэр үед ээж “амь авраарай” гээд орилсон чинь хажуу талын айлын эмэгтэй хаалга онгойлготол На ах зугтаад яваад өгсөн. Тэгээд би ээжийн хамт нөгөө айл руу орсон ба ээж айлд ороод үүдэнд сөхрөөд суучихсан, тухайн айлын хүмүүс түргэн дуудаад, түргэний эмч цагдаа нар хамт ирсэн. Тухайн үед ээж “амьсгалж чадахгүй байна” гээд юм ярьж чадахгүй гацаад байсан. На ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба ээж бид хоёр дээр машин дээр ирэхдээ “их удаан хүлээлээ, даарч байна, машин дотор чинь ороод ярилцъя” гэж хэлээд байсан. Тэгснээ орц руу явахдаа “өнөөдөр яг ингээд эцэслээд дуусгана” гэсэн утгатай юм яриад орц руу орсон. На ахад эвхэгддэг хутга байсан, би өнгийг нь одоо санахгүй байна. Халааснаасаа гаргаж ирээд хутгаа дэлгэсэн, тийм болохоор нь эвхэгддэг байна гэж харсан. На ах манай ээжийг урьд нь зоддог байсан, гэхдээ би он, сар, өдрүүдийг нь хэлж мэдэхгүй байна. Миний дэргэд ээжийг зодоод, ээж цагдаад дуудлага өгч байсан. Мөн гэрт ээж бид хоёртой хамт байж байхдаа хутга гаргаж ирээд “ална шүү” гэж хэлж байсан. Манай ээж, На ах 2 ном зардаг байсан, тэгж явж ирэхдээ ээж зодуулсан байдалтай ирж байсан ба ээжтэй хамт хороололд байх эмнэлэгт очиж чихийг нь үзүүлэхээр хамт явж байсан. Гэхдээ эмнэлэг рүү ороогүй, гадаа машин дотор нь хүлээж байсан юм. На ах ээжийг хэд хэдэн удаа цохиж, зодож байсан, ямар шалтгааны улмаас зодоод байдгийг нь мэдэхгүй. Ээжтэй хэрэлдэж байгаад зодоод байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

10. Гэрч Б.У:

 “...Би Э-тай хамт амьдарч байсан. На-ыг танина, манай гэрт Э-ын хамт ирж хэд хэдэн удаа уулзаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай охины хүүхэд болох зээ хүү маань даахиа үргээсэн юм. Тэгэхэд Э ирж хүүхдийн үсэнд хүрчхээд явсан ба шөнө над руу “На Э-ыг хутгалчихлаа” гэж Э-ын охин над руу уйлаад ярьсан. Э урьд нь надтай юм ярьж байхдаа “Сүхбаатар аймагт ном зарж явахдаа хоорондоо муудалцаад, сумын төвөөс гараад хээр явж байхдаа намайг зодож байсан. Тэгээд би энэ хүнд алуулах юм шиг байна гэж бодоод салахаар шийдсэн” гэж ярьж байсан. Ер нь бол хэцүү юмаа гээд байдаг байсан, амьдралын нарийн ширийн юмаа ярьдаггүй байсан юм. Мөн он, сарыг нь санахгүй байна, Э хэвлэх дээр хэвлүүлсэн байсан номыг аваад, хэвлэлийн дараах руу аваачиж өгөхөөр тохирсон байсан. Маргааш нь намайг залгасан чинь надад “би машингүй болчихсон” гэж хэлсэн ба яасан талаар асуухад “На өчигдөр орой ирээд намайг цохиод миний машиныг булаагаад аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өөрөө аргаа ольё” гээд байж байтал удалгүй Э над руу залгаад “миний машиныг аваад ирлээ, та байж бай, юмыг чинь зөөгөөд өгье” гээд над дээр ирэхдээ маск зүүчихсэн, хамар нь хавдчихсан юм шиг байхаар нь хамар нүүр чинь яасан юм бэ гэж асуухад “Насаа намайг орцонд дагаж орж ирээд хутга тулгаж авч гараад, машины ард суулгаад, цоожилж байгаад эргэж хараад миний хамар руу цохичихсон. Тэгэхэд галзуу юм шиг авир гаргасан. Миний хуруунд бөгж зүүж өгөөд, тэгснээ намайг үнсээд, тэгснээ намайг цохиж аваад би бүр айлаа” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дэх тал/,

11. Гэрч Д.Ба:

 “...Би Э-ын төрсөн эгч нь байгаа юм. Харин На нь Э-тай хамтран амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад миний утсанд дуудлага ирэхээр нь аваад ярихад Э-ын охин Анхболор “ээжийг На ах хутгалаад зугтчихлаа, бид хоёр 13-р байрны 2 давхарт айлд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд граж руу ороод машинаа унаад тухайн байр руу ирэхэд 103-н машин яг ирж таарсан ба би эмчтэй нь хамт Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Намайг түргэний эмчтэй хамт машин дотор байж байхад цамцыг нь нуруу хэсгээс хайчилж тайлаад, шархыг нь үзээд шууд Гэмтлийн эмнэлэг рүү явахаар болоод хамт явсан. Тэгэхэд нэлээд хэдэн тооны шарх байсан ба би яг нэг бүрчлэн тоолж, бас харж чадаагүй. Цус гоожоод улаан, эрээн биетэй байсан. На Э-ыг 3 удаа зодсоныг сонсож байсан. Түүнээс би зодуулсан байхыг юм уу, яг зодож байхад нь харж байгаагүй. Би сүүлд Э-аас сонсоход “Сүхбаатар аймагт номоо зарж явахдаа зодуулсан, эгээтэй л алуулчхаагүй” гэж ярьж байсан. Байр түрээсэлж байхдаа зодоод цагдаагийн байгууллагад хандаж, Чингэлтэй дүүргийн цагдаа дээр арга хэмжээ авагдаж байсан гэж сонссон. Сүүлд хутганы хэргээс өмнө “орцон дотор хутга тулгаж авч гараад, машин аваад явж байсан” гэж хэлж байсныг санаж байна. Өөр нарийн асуудлыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/,

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №785 дугаартай шинжээчийн:

“... Д.Э-ын биед цээжний хөндий 4 тооны, хэвлийн хөндий 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /96-101 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.На нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул “...Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгий” гэдэгт хохирогчид олон тооны шарх гэмтэл, учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харилцаа, сэдэл, санаа зорилго тогтоох ёстой байтал хэрэгт энэ талаар тогтоосон зүйл байхгүй. Мөн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж зүйчилсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэж давхар зүйлчилсэн нь шүүгдэгч О.На-ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчмыг зөрчсөн бөгөөд өөрөөр хэлбэл нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл оногдуулах зарчим үйлчлэх ёстой юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй. Харин хохирогчийг алах санаа зорилго байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.На-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.На нь:

2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны 2-р давхарт хохирогч Д.Э-ыг “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж, орц руу дагуулан орж, улмаар Д.Э-ын цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж, түүний биед цээжний хөндийд 4 тооны, хэвлийн хөндийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр алахыг завдсан,

 

Мөн О.На нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 2-24 тоотод хохирогч Д.Э-ыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон,

- 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн төвөөс 50 километрийн зайд хөдөө хээр, хүнгүй газар хохирогч Д.Э-ыг аваачиж өшиглөж үсдэж, чирч зодсон,

- 2021 оны 10 дугаар сард хохирогч Д.Э-ын түрээсэлж байсан Баянгол дүүргийн 4-р хороо, 13-р байрны орцонд даган орж, гэдсэнд нь хутга тулгаад “машинд орж суу” гэж хэлж машинд суулгасны дараа хохирогч Д.Э-ын хамар хэсэгт цохиж, үсдэж даран нуруунд нь цохиж зодсон үйлдлүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Д.Э, насанд хүрээгүй гэрч Э.Анхболор, гэрч Б.Даваацэрэн, С.Сувдмаа, Ц.Бат-Оргил, Б.Уранчимэг, Д.Баярмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №785 дугаартай шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл, лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн  гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “хэргийн зүйлчлэл тохироогүй тул зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой байсан” гэж маргасан.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.На хохирогч Д.Э нар нь 2018 онд танилцаж, улмаар 2019 оны сүүлээс хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамт амьдрах хугацаандаа шүүгдэгч О.На нь хохирогч Д.Э-ыг урдын амьдралтай нь холбож дарамтлах, цохих, зодох байдлаар биед нь халдаж, “танай хүүхэд үгэнд орохгүй байна”, “хүнтэй утсаар ярилаа”, “яасан гоё машинтай болчихсон юм, машинд чинь сууж үзье”, “чи машин тэрэг аваад ажил чинь сайн байгаа юм байна, өөрөө ингэж явж байхаар надад нэг машин аваад өгч болохгүй байна уу? аль эсхүл чи надад 2-3 сая төгрөг өгч чадсангүй юу” гэх зэргээр удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон.

 

Мөн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Д.Эыг “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж, орц руу дагуулан орж, улмаар Д.Э-ын цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж, түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алахыг завдсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Харин “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан” гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч О.На хохирогч Д.Э нар нь 2019 оны сүүлээс 2021 оны 09 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан бөгөөд шүүгдэгч О.На хохирогч Д.Эыг айлган сүрдүүлж, улмаар түүний цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдэх үед тэд хамтран амьдрахаа больсон, хохирогч Д.Э нь шүүгдэгч О.На-аас салсан буюу өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаа дууссан байжээ.  

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь  гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж заажээ.

 

Харин хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тодруулбал, “Онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан зэргийг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл, онц харгис хэрцгий шинжид дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.На нь хохирогчийн цээж, хэвлий тус газарт нь олон удаагийн үйлдэл давтамжтайгаар хутгалсан ба шинжээчийн дүгнэлтээр түүний биед олон тооны шарх гэмтэл учирсан болохыг тогтоосноос дүгнэвэл хохирогч Д.Э-ыг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг болно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.На нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу түүнийг алахыг завдсан, удаан хугацаанд дарамталсан, зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч О.На-ыг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алахыг завдсан”, мөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг,

- Мөн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

-Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч О.На-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.На-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах гэсэн” дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Хэргийн зүйлчлэл дээр маргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон тул эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.На нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заажээ. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч О.На-ыг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алахыг завдсан”, мөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт түүний цагдан хоригдсон 230 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205002140087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн энгэр болон ар нуруун дэрээ “the north face” гэсэн бичигтэй эмэгтэй хүний 1 ширхэг куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.На бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч ************ На-ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр алахыг завдсан”,

- мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.На-ыг 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Над оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.На-ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 228 хоног /хоёр зуун хорин найман/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “the north face” гэсэн бичигтэй эмэгтэй хүний 1 ширхэг куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.На бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.ДАЛАЙХҮҮ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

ШҮҮГЧ                                                                     Н.НЯМДАВАА