Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0307

 

 

 

 

2021 оны 03 сарын 16 өдөр           Дугаар 128/ШШ2021/0191                Улаанбаатар хот

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э.У” ХХК

Хариуцагч: А.м,г.т.г.К.х.д

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд бүртгэсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд “Э.У” ХХК -ийн гаргасан ашиглалтын тухай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, иргэдийн төлөөлөгч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э.У” ХХК-ийн захирал С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Төв аймгийн Баян сумын нутагт орших Илгэн булаг нэртэй 78,52 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2005 онд Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар эзэмшсэнээс хойш уг хуульд заасан бүхий л үүрэг, хариуцлагыг биелүүлсээр ирсэн бөгөөд иж бүрэн эрэл, хайгуулын ажлыг хийж, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулан тухайн талбайд олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-д “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан 48.6.1 д заасан техник, эдийн засгийн үндэслэлд эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлт бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухайн шийдвэр гаргана гэж заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөхөөс өөрсдийн боловсруулсан Хайгуулын үр дүнгийн тайланд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулсан.

Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тойрох хуудас авч мөн энэ өдрөө Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр авах үйлчилгээний хөлс болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг холбогдох төрийн сангийн дансанд тушаасан.

Үүнээс хойших хугацаанд тайлангийн тойрох хуудсаа зуруулж Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагуудыг хангуулсан.

Манай компани ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу хуулийн нөхцөл шаардлагуудыг хангаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж байгаа тул манай өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг удаа дараа албан бичгээр хандахад боломжгүй гэсэн хариу өгсөнд гомдолтой байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл дуусгавар болсон ч гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.З-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж заасны дагуу уг онцгой эрхийг нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаагаар хязгаарлаагүй гэж бидний зүгээс үзэж байна.

Иймд Төв аймгийн Баян сумын нутагт орших Илгэн булаг нэртэй 78.52 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын  *******Х тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.м,г.т.г.К.х даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төв аймгийн Баян сумын нутагт орших Илгэн булаг нэртэй 78.52 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 20 тоот шийдвэрээр анх 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгожээ.

“Э.У” ХХК -ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусаж улмаар тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаагаар “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г төрийн захиргааны байгууллагатай байгуулсан байна.

Дээр дурдсан гэрээ нь сунгагдаагүй тул Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэс ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгон бүртгэжээ.

”Э*******” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгасныг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс биелүүлж 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 267 дугаар шийдвэрийг гаргасан байна.

“Э.У” ХХК -ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрх 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “Э.У” ХХК нь ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст гаргаагүй байна.

Иймд “Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ц.Л******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь ямар нэг байдлаар өргөдөл гаргаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн нь нотлогдохгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э.У” ХХК 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Ашигт малтмалын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 7/******* дугаар албан бичгийн “Э.У” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, захиргааны акт гаргахыг даалгуулах” тухай шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Цэрэндаш “Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж өөрчилж, улмаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд “Э.У” ХХК -ийн гаргасан ашиглалтын тухай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд тус шаардлагуудаа дэмжиж байгаагаа шүүх хуралдаан дээр мэдэгдсэн байна.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Төв аймгийн Баян сумын нутагт орших “И.б” нэртэй 78,52 гектар талбай бүхий *******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгосон бөгөөд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1140 дүгээр шийдвэрээр “А.А” ХХК-иас нэхэмжлэгч “Э.У” ХХК-д шилжүүлжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 267 дугаар шийдвэрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг биелүүлж, ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болгосныг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхээр заажээ. Тус шийдвэрийн дагуу мөн хэлтсийн даргын 07 дугаар сарын 27-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр “XV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс тооцож, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан дээрх шийдвэрт хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тус хугацааг зөвшөөрч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлж байсан болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн хуулбар болон тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл эзэмшээгүй алдсан 113 хоногийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нөхөж олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2020/******* дугаар захирамж хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ: ... 21.1.5.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасан бөгөөд *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хуульд заасан 12 жилийн хугацаа 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсныг мөн сарын 17-ны өдөр кадастрын мэдээллийн системд бүртгэсэн хариуцагчийн үйлдэл Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно: 53.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан; …” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд бүртгэсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй.” гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд буюу тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу баталсан маягтын дагуу хуульд заасан баримт бичгийг хавсарган өргөдөл гаргахаар байна.

Гэтэл “Э.У” ХХК -ийн эзэмшиж байсан XV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд багтааж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

“Э.У” ХХК -иас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1904/10 дугаар албан бичгээр А.м,г.т.г.К.х.д д хандсаныг Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангасан өргөдөл гаргасан гэж үзэхгүй юм.

Нэгэнт нэхэмжлэгч компани хуульд заасан журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд “Э.У” ХХК -ийн гаргасан ашиглалтын тухай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна. 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь ямар нэг байдлаар өргөдөл гаргаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн нь нотлогдохгүй байна” гэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй болох нь шүүхийн дээрх дүгнэлтээр тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э.У” ХХК -иас  А.м,г.т.г.К.х.д д холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд бүртгэсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд “Э.У” ХХК -ийн гаргасан ашиглалтын тухай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН

                                   ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН

                                   ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА