Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0329

 

 

 

 

 

 

 

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т

Нэхэмжлэлийн шаардлага Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 119/2024/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д ХХК нь Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох” тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.        

2. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.7, Эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж-д холбогдуулан гаргасан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай Үйл ажиллагааг түр зогсоох тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь хэсэгт заасан асуудлыг шалгах эрхгүй атлаа хяналт шалгалт явуулж, акт үйлдсэн нь илт хууль бус гэж маргасныг анхан шатны шүүх Эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Орон сууцны тухай хууль нь Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжид хамаарч байгаа тул хяналтын чиг үүрэгт хамаарна гэж үзэж илт хууль бус гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл хэдийгээр Орон сууцны тухай хууль нь Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжид хамаарч байгаа боловч Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч зөвхөн эрүүл ахуйн асуудлаар хяналт шалгалт явуулах эрхтэй.

3.2. Орон сууцны тухай 16 дугаар зүйлийн 16.3-д “Барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь орон сууцны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасны дагуу сууцандаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгана” гэж заасан байхад эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч өөрт хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчиж, хяналт шалгалт явуулж акт үйлдсэн нь илт хууль бус байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хуулийн дээрх зохицуулалтыг анхаарч үзэлгүй нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус болох талаар тодорхой заасан байна. Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалын албан тушаалын чиг үүрэгт орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналтын асуудал буюу Орон сууцны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах асуудал огт байхгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/31 дугаар тушаалаар эрүүл мэндийн салбарын хяналтын чиглэлээр улсын байцаагчийн эрх олгосон байхад орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналтын чиглэлийн асуудлаар хяналт шалгалт явуулж, акт үйлдсэн нь хууль зөрчсөн байна.

3.3. Маргаан бүхий улсын байцаагчийн акттай адил агуулгатай асуудлыг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн жишиг шийдвэр байгаа бөгөөд уг шийдвэрээр улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоосон бөгөөд энэ талаарх шүүхийн шийдвэрийг shuukh.mn хаягт нийтлэгдсэнийг хэрэгт гарган өгсөн. Илт хууль болохыг тогтоох нэхэмжпэлийн шаардлагын хувьд заавал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаггүй, түүнчлэн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааг түр зогсоохоор гарсан байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4. Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалын албан тушаалын чиг үүрэгт орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналтын асуудал буюу Орон сууцны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах асуудал огт байхгүй … анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулахдаа Эрүүл мэндийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/31 дугаар тушаалыг нотлох баримтаар хэрэгт аваагүй нь анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

3.5. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.1. Нэхэмжлэгч “Д ” ХХК нь Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргажээ.

2.2. Маргаан бүхий Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн актаар... шуугиан 54-58 дБ хэмжээтэй байгаа нь Монгол Улсын Орон сууц, иргэний барилгын шуугианы байж болох түвшин MNS0012-1-009-1985 стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их буюу стандартын шаардлага хангахгүй хэмжилтийн дүнтэй байна. Д ” ХХК нь харьяа L салбар өөртөө үйлчлэх угаалгын газар нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалт, холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг тус тус зөрчсөн тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэгч компаний харъяа салбар L салбар өөртөө үйлчлэх угаалгын газрын үйл ажиллагааг зөрчлийг арилгуулах хүртэл хугацаанд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс түр зогсоож шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч “Д ” ХХК-иас дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч “... Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж-н албан тушаалын чиг үүрэгт орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналтын асуудал буюу Орон сууцны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах асуудал огт байхгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 01 сарын 20-ны өдрийн А/31 дугаар тушаалаар эрүүл мэндийн салбарын хяналтын чиглэлээр улсын байцаагчийн эрх олгосон байхад орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналтын чиглэлийн асуудлаар хяналт шалгалт явуулж, акт үйлдсэн нь хууль зөрчсөн байна. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан асуудлыг шалгах эрхгүй хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж хяналт шалгалт явуулсан тул түүний явуулсан хяналт, шалгалтын ажиллагаа, түүний үндсэн дээр гаргасан акт нь илт хууль бус болох тул 17.1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн дүгнэлт болон дуу чимээний хэмжээг тодорхойлох зорилгоор хийсэн хэмжилт хүчингүй” гэж маргажээ.

2.4. Хэрэгт авагдсан Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, эрүүл ахуйн товчооны сорилын дүгнэлтээр хатаах болон угаалгын машины ажиллаж байхад гаргах шуугиан нь 54-58 гарсан байх тул Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д “саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

2.5. Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь орон сууцны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасны дагуу сууцандаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгана”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1“хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.7“хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх”, Эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлд Эрүүл ахуйн хууль тогтоомжид хяналт тавих” гээд 17.1-д “Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуульд зааснаар  зориулалтын бус байранд угаалгын газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргасан эсэх асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүрэг бүхий этгээд байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

2.7. Өөрөөр хэлбэл Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10-25/17 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” хяналт шагалтын удирдамжийн дагуу “Д ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг объектод хяналт шалгалт хийж, акт үйлдсэнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

2.8. Иймд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ