Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/683

 

 

 

 

 

 

 

 

     2022         9           12                                    2022/ШЦТ/683

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Билгүүжин /нийслэлийн прокурор/,

шүүгдэгч Б.Га, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** Га-т холбогдох эрүүгийн 2202001540279 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт **************** тоотод оршин суух,

- урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, *****************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Га нь 2021 оны 08 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, Делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ агууламжтай, цэвэр 1,1035 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

- Улмаар 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, Делта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ агууламжтай, цэвэр 1,1035 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бургер Кинг” нэртэй үйлчилгээний газрын орчим байрлуулсан 11-53 УНХ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Га мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

2. Мөрдөгчийн тэмдэглэлд:

“...Б.Дашдондов, Б.Ариун-Эрдэнэ, Б.Га, Б.Довууч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багаж ашиглан шалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тухайн 4 иргэнээс тест ашиглаж шалгаж дуу дүрсний бичлэг, гэрэл зургийн аргаар бэхжүүлж шалгав. Тэмдэглэлд гэрэл зургуудыг хавсаргав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн гадна талд саарал өнгийн 1153 УНХ гэсэн урдаа улсын дугаартай хойноо ямар нэгэн улсын дугааргүй “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэл байлаа. ...Тухайн хайрцгийн урд хэсэгт хар өнгийн хуванцар тагтай үнсний сав байв. Үнсний савыг онгойлгоход тамхины ишнүүд болон мөнгөлөг цаасанд боож нэг хэсгийг хумьж ороосон дотроо ногоон өнгийн зарим хэсэг нь шатаж харласан байдалтай ургамлын гаралтай нунтагласан жижиглэсэн зүйлс байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж урд талын зорчигчийн суудлын харалдаа 2 хайрцгийг нээхэд дээд талын хайрцагт 250 мл-тай натрийн шингэн хлорид /өнгөгүй тунгалаг/, 500 мл натрийн хлорид /өнгөгүй тунгалаг/ гэсэн бичиглэлтэй шингэний агууламжтай тунгалаг резин ууттай зүйлс, 20 мл тариур задалж ашигласан дотроо 1 мл орчим хүрэн улаан өнгийн зүйлийн агууламжтай байв. Мөн тарианы хөвөн гэсэн бичиглэлтэй зүйлс байсныг хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

4. Б.Га-ийн биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд “...5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-39 дэх тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолууд /хавтаст хэргийн 50-53 дахь тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1210 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Га УЖ01241032, 2022.02.13 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1214 дугаартай шинжээчийн:

“...№1 гэж дугаарласан гялгар ууттай тогоо мэт тугалган цаас бүхий ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tethraydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tethraydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай тогоо мэт тугалган цаас бүхий ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1,1035 гр...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 96-107 дахь тал/,

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 337 дугаартай шинжээчийн:

“...Б.Га нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Га нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. Б.Гат эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 110-111 дахь тал/,

9. Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 119-125 дахь тал/,

10. Зэрлэг олсны ургамлын тархацын талаарх судалгаа /хавтаст хэргийн 150-160 дахь тал/,

11. Шүүгдэгч Б.Га-ийн:

 “...би 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой ээж Баасансүрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр таксинд явна гэж хэлээд авч гарсан. ...Найз Ариун-Эрдэнэ, Довууч, Бямбаа нарын хамт явж оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “WL” нэртэй бааранд орохоор ярилцаад бааранд орохын өмнө Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн уулан дээр гарцгааж би өвс /жооёондож/ ороож татаад Ариун-Эрдэнэ, Довууч, Бямбаа нар Тебантин гэх эмийг натрийн уусмалд хийгээд өөрсдийн судас руугаа тарьсан юм. ...Би 2021 оны намар 8 дугаар сарын сүүлээр ганцаараа Төв аймгийн Борнуур сумын нутгаас замын хажуугаас түүж хадгалсан байсан түүнийг бага багаар хэрэглэсээр байгаад дуусгаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 150-160 дахь тал/,

12. Шүүгдэгч Б.Га-ийн ял шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүхэд танилцуулсан нотлох баримтаас гэрч А.Тунгалагтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дахь тал/-ийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд талуудаас нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Га нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гаийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Га нь:

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1,1035 грамм бодисыг 2021 оны 08 дугаар сард худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн,

- Улмаар 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 11-53 УНХ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь 11-53 УНХ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1214 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

Энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гаийг үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Га-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Б.Га-ийн хувийн байдал, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Га нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Га-ийг үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2202001540279 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

- №1 гэж дугаарласан гялгар ууттай тогоо мэт тугалган цаас бүхий 1.1035 грамм бүхий ургамал мэт зүйл,

- №2 гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон зүү бүхий 20 мл тариур 1 ширхэг,

- №3 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн шар болон хүрэн улаан өнгийн хоосон капсул 10 ширхэг,

- №4 гэж дугаарласан “Тебантин” гэсэн бичиглэл бүхий ус мэт зүйл,

- №5 гэж дугаарласан 500 мл-ийн Натрийн хлорид гэсэн бичиглэлтэй зүйл 1 ширхэг,

- №6 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутанд хийсэн тарианы хөвөн 1 ширхэг,

- №7 гэж дугаарласан 250 мл-ийн ус мэт шингэн дуслын савтай зүйл 1 ширхэг,

- №8 гэж дугаарласан 5 мл тариур 1 ширхэг,

- №9 гэж дугаарласан дотроо тамхины иш, үнс, шатсан ургамлын үлдэгдэл бүхий хар өнгийн хуванцар сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

- Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Га нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** Га-ийг үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Га-ийг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Га-т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

- №1 гэж дугаарласан гялгар ууттай тогоо мэт тугалган цаас бүхий 1.1035 грамм бүхий ургамал мэт зүйл,

- №2 гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон зүү бүхий 20 мл тариур 1 ширхэг,

- №3 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн шар болон хүрэн улаан өнгийн хоосон капсул 10 ширхэг,

- №4 гэж дугаарласан “Тебантин” гэсэн бичиглэл бүхий ус мэт зүйл,

- №5 гэж дугаарласан 500 мл-ийн Натрийн хлорид гэсэн бичиглэлтэй зүйл 1 ширхэг,

- №6 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутанд хийсэн тарианы хөвөн 1 ширхэг,

- №7 гэж дугаарласан 250 мл-ийн ус мэт шингэн дуслын савтай зүйл 1 ширхэг,

- №8 гэж дугаарласан 5 мл тариур 1 ширхэг,

- №9 гэж дугаарласан дотроо тамхины иш, үнс, шатсан ургамлын үлдэгдэл бүхий хар өнгийн хуванцар сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Га нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Га-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Га-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ