Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0506/Э |
Дугаар | 2022/ШЦТ/731 |
Огноо | 2022-09-13 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,
хохирогч С.Батгэрэл,
нарийн бичгийн даргаар А.Мөнхтүшиг,
улсын яллагч Б.Баярчимэг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овогт Төөрүүлийн Бод холбогдох эрүүгийн 2211 00644 1117 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Элжигэн овгийн Төөрүүлийн Б, /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн 16-дугаар хороо, Согоотын 58-720 тоотод оршин суудаг,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-720 тоотод эхнэр С.Батгэрэлтэй маргалдаж, түүн рүү 25 литрийн багтаамжтай усны сав авч шийдэж биед нь баруун гарын шуу ясны зөрөөгүй, богтос ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-720 тоотод эхнэр С.Батгэрэлтэй маргалдаж, түүн рүү 25 литрийн багтаамжтай усны сав авч шийдэж биед нь баруун гарын шуу ясны зөрөөгүй, богтос ясны далд зөрөөтэй хугарал бүхий, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр намайг ундны усанд худаг руу яваад ир гэхээр нь би усанд яваад гэртээ буцаж ирээд авчирсан савтай усаа өөр саванд хийж тухайн усны савыг гэрийн үүд хэсэгт тавьсан. Гэтэл эхнэр намайг дахин усанд яв гэхээр нь би уурлаж чадахгүй гэж хэлсэн...Тэгээд бид маргалдаж эхэлсэн ба би уур хүрээд гэрийн үүд хэсэгт байсан 25 литрийн хуванцар шар өнгийн ус хийх зориулалттай савыг авч эхнэрийн сууж байсан гэрийн баруун талд байх ор луу чиглүүлж шидээд гэрээс гарсан...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх /хавтаст хэргийн 37-р тал/,
Хохирогч С.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ”: “ ... Надад хэлж ярих зүйл байхгүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэв
Хохирогч С.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-720 тоотод 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай нөхөр байхгүй байсан. Харин удалгүй нөхөр гэртээ орж ирэхээр нь цаг хартал 17 цаг 55 минут болж байсан ба лхагва гараг байсан. Пүрэв гарагт манай худаг ажиллахгүй амардаг тул нөхрийг ундны усанд нэг удаа яваад гэртээ орж ирэх үед дахин усанд яваад ир гэтэл манай нөхөр явахгүй, чадахгүй гэж уурласан. Тэгээд би гэрийн ойролцоо зогсдог таксинд явдаг залуу руу залгаж манай гэр лүү ундны ус дөхүүлээд өгөөч гэтэл за гэж хэлээд удалгүй гэрийн гадаа ирчихлээ гэж над руу залгасан. Би гараад тухайн залуугаас савтай ус авах гэтэл нөхөр гарч ирээд тухайн залууг чи яв чамаас савтай усыг чинь авахгүй гэж хэлсэн. Удалгүй нөхөр бид 2 гэртээ ортол нөхөр унтахаар хэвтэж байгаад босож ирээд “...Чи яасан их мөнгөтэй юм бэ? Бас янхан, гичий гэж хэл амаар доромжилж байгаад гэрийн үүд хэсэгт байсан дотроо шингэн зүйлгүй 25 литрийн шар өнгийн хуванцар усны савыг авч над руу чиглүүлж шидсэн...Миний баруун гарын шуу хэсгээр их өвдөж байсан тул би гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлтэл шуу яс хугарсан байна эмнэлэгт хэвтэх шаардлагатай мөн хагалгаанд орно гэж хэлсэн...” гэх /хавтаст хэргийн 9-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 380 дугаартай дүгнэлтэд
С.Батгэрэлийн биед баруун гарын шуу ясны зөрөөгүй, богтос ясны далд зөрөө бүхий хугарал гэмтэл учирчээ.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 16-18-р тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04/2389 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1,548,368 төгрөг/, /хавтаст хэргийн 120-121-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч С.Батгэрэлийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Батгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүх, шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний эрүүл мэндийн байдал болох хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчтэй, хохирогч болох эхнэр С.Батгэрэл “санал гомдолгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэрэг нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч С.Батгэрэл хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар хүсэлт өгсөн.
Шүүгдэгч Т.Боос хохирогч С.Батгэрэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 1,548,368 /нэг сая таван зуун дөчин найман мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжигэн овгийн Төөрүүлийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Т.Боос 1,548,368 /нэг сая таван зуун дөчин найман мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД