Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/709

 

 

 

 

 

 

 

 

   2022          9            21                                    2022/ШЦТ/709

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Тэгшбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Б.Са нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ************Са холбогдох эрүүгийн 2205000002001 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хувиараа ТҮЦ ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17-р хороо, 41-170 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Са нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Баруун 4” замын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-д байхдаа хохирогч Н.Охины орхиж явсан “Ай фоне экс эс макс” маркийн гар утсыг авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Са мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.О:

 “...Москва нэртэй автобусны буудал дээр буугаад ТҮЦ орж ундаа авсан тэгээд гарч яваад “Түмэн плаза” ороод удалгүй гар утсаа шалгатал байхгүй байсан. Тэгээд ТҮЦ-д үлдээсэн байж магадгүй гээд эргээд ундаа авсан ТҮЦ дээрээ очоод асуусан. Намайг анх ороход эрэгтэй эмэгтэй 2 хүн хүүхдийн хамт байсан. Эргээд очиход эмэгтэй нь “та гар утсаа манай ТҮЦ-д үлдээгээгүй” гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа автобусанд алдчихаж гэж бодоод цагдаад хандсан. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хаясан гэх гар утсанд байсан 80409484 гэсэн дугаарын U point данснаас 95325900 дугаар руу 11.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд тус дугаар руу залгаж үзэхэд эмэгтэй хүн аваад “би энэ гар утсыг олсон” гэсэн. Тэгэхээр нь би “гар утсыг минь өгвөл шагнал өгье” гэхэд нөгөө эмэгтэй “хэдэн төгрөг өгөхийн” гэхээр нь “50.000 төгрөг өгье” гэсэн чинь нөгөө хүн “тийм юм байхгүй” гээд утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

2. Гэрч Ж.Гү:

“...Са-ыг буулгаад ТҮЦ-д суухаар 13-14 цагийн орчим очсон ба Са-ыг буулгаад би үргэлжлүүлж суусан. Са 100 айл руу барилгын материал авахаар явсан. Тэгээд тухайн өдөртөө 00 цаг хүртэл суугаад гэр лүүгээ харьсан. Тэгээд маргааш нь би Са-тай гэртэй байж байсан чинь Са надад “би өчигдөр ТҮЦ дотроос ийм гар утас олсон” гээд “Айфоне икс эс макс” загварын цагаан өнгийн гар утас үзүүлж байсан. Тэгээд би тухайн үед “хаанаас олсон юун утас юм” гэсэн чинь “ТҮЦ-д хүн орхиод гараад явсан байсан” гэж надад хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

3. 2022 оны 08 дугаар сарын 06 өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 37 дахь тал/,

4. 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 40 дэх тал/,

5. “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний:

“...Iphone Хs Max” хуучин 1.000.000 төгрөг...” гэсэн тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Са нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Н.Охинд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Са-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Са нь:

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Баруун 4” замын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-д байхдаа хохирогч Н.О орхиж явсан “Ай фоне экс эс макс” маркийн гар утсыг авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Са нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Са-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-д 1.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Са нь гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Са-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Са нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Са нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 201 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Б.Са эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Са цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000002001 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Сакен нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *************Са-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Са-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Са-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Са нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Са нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Са-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Са-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ