Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Ч.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын О*******т холбогдох эрүүгийн 2207 00229 0169 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, өдөр ******* төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, нөхөр, 6 хүүхэд, 2 ачын хамт *******,*******, урьд:

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, улмаар Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 201 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 27 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД: *******/,

******* овогт *******ын О*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******,******* гудамж дахь гэр хороололд өөрийн танил, хохирогч Н.О “шоронгийн талаар ярьж, агсам согтуу тавилаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний үснээс зулгаах, толгой хэсэгт нь төмөр эд зүйлээр цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсгөнд шарх, нүүр, нуруунд зулгаралт, нүүр, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  холбогдсон гэмт хэргийн талаар хэргийн оролцогч нар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би нөхөртэйгөө төвийн гэрээр орж явахдаа Н.тай таарсан. Н. намайг зүүж явсан ээмгээ ломбардад тавиад өгөөч гэсэн. Би эрүүл байсан учраас ломбардад ээмгийг нь тавьж, 200,000 төгрөг авч өгсөн. Айлд очиж архи уусан. Н. намайг шоронгийн хулгайч гээд үснээс зулгаасан. Манай хүү орж ирээд намайг авч гарсан. Би өөдөөс нь данх шидсэн. Тэгээд гарч явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд гэрээсээ гараад явж байх үед О******* нөхөртэйгөө хамт явж байсан. Тэгээд бид нар ойрд уулзаагүй гээд 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан... Тэгээд О******* бид нар ны үзүүрийн айлд очсон ба айл дотор нь 7-8 хүн байж байсан. Ингээд бид нар бүгдээрээ О*******ийн авчирсан 2 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архийг ууж суусан. Тэгтэл О******* бид хоёр шоронд байсан талаараа ярьж маргалдан, миний үснээс зулгаасан. Энэ үед Г гэх хүн салгаж байх хооронд О******* миний дух хэсэг рүү бор өнгийн бөөрөнхий зүйлээр цохиод гараад явсан... Би О*******ийн биед халдсан зүйл байхгүй... Зүүн нүдний дээр оёдол тавиулсан... Миний нүдний дээр оёдол тавиулсан хэсэгт лазер эмчилгээ хийлгэж, оёдлын хуучин шархыг арилгаад өгвөл надад өөр гомдол санал байхгүй...” /хх-7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би гэрээс гараад , тоот Б гэх айлаас цамцаа авах гээд очих үед Н болон хадам ээж, Н., өөр танихгүй 3-4 хүн байсан. Тэд нар 0.75 литрийн Хараа нэртэй архи дундаа тавьчихсан уугаад сууж байсан. Тэгэхээр нь би гараад хашаанд нь зогсож байхад гэр дотор маргалдаад байх шиг байхаар нь гэр лүү яваад орсон. Тэгтэл О*******, Н. нар үсдэлцээд байж байсан. Тэгэхээр нь би салгаад байж байх үед О******* зуухны ард талд байсан төмөр саарал өнгийн данхаар Н.Оийн дух хэсэгрүү шидээд гараад явчихсан...Намайг гэрээс хүрч ирээд тухайн айлд орох үед Н. болон Ч.О******* нар нь ил харагдах гэмт шарх бол байгаагүй. Харин хоёулаа нэлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дараа нь буцаад орох үед Н.Оийн дух хэсгээс цус гарчихсан, Ч.О*******ийн духнаас бага зэргийн цус гарчихсан байсан. Н.Оийн гэмтлийг бол данхаар цохиж учруулсан, харин О******* болох хадам ээжийн духны гэмтлийг юунаас болж учирсан талаар бол мэдэхгүй...” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №338 дугаартай дүгнэлтэд:

  1. Н.Оийн биед зүүн хөмсгөнд шарх, нүүр, нуруунд зулгаралт, нүүр, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-28-29/ гэх дүгнэлт,

Яаралтай тусламжийн хуудас №4700 /хх-18-19/,

 

            Шүүгдэгч Ч.О*******ийн яллагдагчаар өгсөн : 2022 оны 07 дугаар сарын 02 ны өдөр нөхөр Х.А бид 2 гэрээс гараад төвд байдаг гэрээ эргэх санаатай тоотод ирээд буцаад гарч явах үедээ зүс таних Н.тай таарсан тэгэх үед , бусдыг нь бол танихгүй 2-3 хүнтэй хамт сууж байсан. Тэгээд тай уулзах үед архи авч уумаар байна чи миний ээмгийг ломбардад тавьчих гээд намайг явуулсан тэгэхээр нь би ломбардад ээмгийг нь тавиад 2 шил 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи аваачиж өгсөн .бид нар гт Б гэх айлд очсон. Тухайн айлд миний танихгүй 5-6 хүн байсан. бид нар нэмж ороод нийлж авчирсан 2 шил архиа ууж байх үедээ Н. бид 2 шоронд байсан талаар яриад маргалдаж эхэлсэн. Тэгээд Н. чи миний ялыг хүндэл гээд над руу дайраад миний үснээс зулгайгаад байсан. тэгэхээр нь би зуухан дээр байсан данх аваад толгой хэсэг рүү шидчихсэн. Би гараад шууд гэртээ харьсан гэсэн мэдүүлэг /хх-32/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О*******т холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгдэгч Ч.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна ” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.О*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан бөгөөд хохирогч Н.Оийн д шүүгдэгчид халдсан үйлдлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй болно.

 

Шүүгдэгч Ч.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд архи уусан үедээ *******,******* гудамж дахь гэр хороололд Бийн гэрт  хохирогч Н.О “шоронгийн талаар ярьж, агсам согтуу тавилаа” гэх шалтгаанаар маргалдан харилцан  үснээсээ зулгаасны дараа түүний толгой хэсэгт нь данх шидэж  эрүүл мэндэд нь “зүүн хөмсгөнд шарх, нүүр, нуруунд зулгаралт, нүүр, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд бид нар бүгдээрээ О*******ийн авчирсан 2 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архийг ууж суусан. Тэгтэл О******* бид хоёр шоронд байсан талаараа ярьж маргалдан, миний үснээс зулгаасан. Энэ үед Г гэх хүн салгаж байх хооронд О******* миний дух хэсэг рүү бор өнгийн бөөрөнхий зүйлээр цохиод гараад явсан... Би О*******ийн биед халдсан зүйл байхгүй... Зүүн нүдний дээр оёдол тавиулсан... Миний нүдний дээр оёдол тавиулсан хэсэгт лазер эмчилгээ хийлгэж, оёдлын хуучин шархыг арилгаад өгвөл надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гараад хашаанд нь зогсож байхад гэр дотор маргалдаад байх шиг байхаар нь гэрлүү яваад орсон. Тэгтэл О*******, Н. нар үсдэлцээд байж байсан. Тэгэхээр нь би салгаад байж байх үед О******* зуухны ард талд байсан төмөр саарал өнгийн данхаар Н.Оийн дух хэсэг рүү шидээд гараад явчихсан... Н.Оийн гэмтлийг бол данхаар цохиж учруулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар 18-ны өдрийн 338 дугаартай дүгнэлтэд Н.Оийн биед зүүн хөмсгөнд шарх, нүүр, нуруунд зулгаралт, нүүр, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт,  Шүүгдэгч Ч.О*******ийн өгсөн: “...Би нөхөртэйгөө төвийн гэрээр орж явахдаа Н.тай таарсан. Н. намайг зүүж явсан ээмгээ ломбардад тавиад өгөөч гэсэн. Би эрүүл байсан учраас ломбардад ээмгийг нь тавьж, 200,000 төгрөг авч өгсөн. Айлд очиж архи уусан. Н. намайг шоронгийн хулгайч гээд үснээс зулгаасан. Манай хүү орж ирээд намайг авч гарсан. Би өөдөөс нь данх шидсэн. Тэгээд гарч явсан...” гэсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.О*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

 

Энэ гэмт хэрэг нь хэргийн оролцогч нарын урьд ял эдэлж байсан талаар маргалдсан зохисгүй харилцаанаас үүдэлтэй үйлдэгдсэн байна гэж үзлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                             

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.О******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ч.О*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгож, торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна..” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгчийн  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдснийг  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч  баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000

/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ч.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД