| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/03052/И |
| Дугаар | 184/ШШ2018/02261 |
| Огноо | 2018-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2018/02261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК -д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.М би 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.Э захиралтай Т ХХК-тай 12/65 дугаартай үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр давхрын 43 тоот 20 м.кв талбайтай, үндсэн засалгүй 1 өрөө байрыг гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг төлж өмчлөгч болсон. Өнөөдрийг хүртэл дээрх хариуцагч компаниас болж өнөөдрийг хүртэл байраа захиран зарцуулж чадахгүй хохирч явна. Иймд З.М миний биеийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 43 тоот 20 м.кв талбай бүхий 1 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах 61 дүгээр байрыг барьж гүйцэтгэсэн нь үнэн бөгөөд нэхэмжлэгч нартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж улмаар нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах 61 дүгээр байрны 43 тоот 20 м.кв нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь З.М тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр давхрын 43 тоот 20 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Т ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд баригдах ХД 61 дүгээр байрны 1 дүгээр давхарт, 20 м.кв талбай бүхий орон сууцыг 1 кв.м талбайг 1,300,000 төгрөгөөр буюу 26,000,000 төгрөг боловч үндсэн засалгүй авах тул 1,000,000 төгрөгийг хасаж тооцохоор харилцан тохиролцжээ. /хх-6-10/ Нэхэмжлэгч 2012 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл 4 удаагийн төлөлтөөр нийт 25,000,000 төгрөгийг төлсөн байна. /хх-11/
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээж байгаагаараа тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.6-д Захиалагч төлбөрийг бүрэн төлж гэрээнд заасны дагуу орон сууцыг хүлээн авсны дараа өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар шаардах, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбогдох баримтыг гүйцэтгэгчээс гаргуулах авах эрхтэй гэж заасан байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч З.Мөнгөнхүү хариуцагч Тэмүүлэнбаатар ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны, 61 дүгээр байрыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссод хүлээлгэн өгсөн хэмээн тайлбарласныг хариуцагч маргаагүй болохыг тэмдэглэж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 43 тоот 20 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч З.М-г тогтоох нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.