Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/1041/З |
Дугаар | 221/МА2024/0343 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0343
“П ” ХХК, “У ” ХХК нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А
Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “П ” ХХК, “У ” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 352 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “П ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
Нэхэмжлэгч “П ” ХХК-ийн өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “У ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц
Хариуцагч Д.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/1041/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П ” ХХК, “У ” ХХК нар нь “Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “П ” ХХК, “У ” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 352 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П ” ХХК, “У ” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “П ” ХХК, “У ” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ажлын явцын тухай хурал, мөн захиалагчаас “П ” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/4065 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03/4355 тоот албан бичгээр тус тус гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2.2(в) дахь заалтын дагуу гэрээ цуцлах нөхцөл бүрдэж байгаа талаар анхааруулсан боловч тус компани 234 дугаартай гэрээнд заасан хугацааны дотор үүргээ гүйцэтгээгүй.
3.2. 2022 оны 12 дугаар сард болсон гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлаас барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй гэж үзээд гэрээ цуцлах шийдвэр гарган Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаар тушаалаар “П ” ХХК-тай байгуулсан 234 дугаартай гэрээг цуцалсан. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас холбогдох нотлох баримтуудыг ирүүлж, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн талаар тодорхой дурдсан боловч нэхэмжлэгч этгээд нь гэрээний үүргээ зөрчилгүй биелүүлсэн талаараа холбогдох баримтуудыг ирүүлээгүй байдаг. Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгч нь сонсох ажиллагаанд баримтаар тайлбараа нотлоогүй.Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зохицуулсан бөгөөд гэрээний үүргийн нэг хэлбэр нь гэрээний хугацаа байдаг. Энэхүү үүргээ нэхэмжлэгч этгээд нь биелүүлээгүй нь холбогдох баримтаар нотлогдож байхад улсын байцаагчийг “гэрээний ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй гэж үзсэн болохыг судалж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй” гэж шүүхээс дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.
3.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 352 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “П ” ХХК, “У ” ХХК нар нь “Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “П ” ХХК, “У ” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт холбогдуулан гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... хариуцагч нь дээрх хугацаанд тус дүгнэлтийн үндэслэл болсон Зам тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн нэхэмжлэгчийн нарын түншлэлийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхдээ гэрээний ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй гэж үзсэн болохыг судалж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй … захиалагч байгууллагаас ирүүлсэн албан бичигт үндэслэн хуульд заасан эрхийнхээ дагуу хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг Зам, тээвэр хөгжлийн яам, Говь-Алтай аймгийн холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан гэх хуульд заасан аль алдааг гаргасан болохыг шалгаж тогтоогоогүй … нотлох баримт гаргаж өгөөгүй гэж захиалагчаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргасан нь хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглох зохицуулалтад нийцээгүй” гэж дүгнэсэн атлаа, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.5. Маргаан бүхий Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 50 дугаар дүгнэлтээр “П ” ХХК болон “У ” ХХК-ийн түншлэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн” гэж үзэж, нэхэмжлэгч компаниудыг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, уг улсын байцаагчийн саналыг үндэслэж Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар “П ” ХХК болон “У ” ХХК нарыг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж шийдвэрлэсэн байна.
2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна” гэж тус тус заасан.
2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд“П ” ХХК, “У ” ХХК нь Зам тээвэр хөгжлийн яамтай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 234 дугаартай “Е” зочид буудлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, жинст баг, хөгжил хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Г / ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэхийг бүрэн тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах байжээ.
2.8. Түүнчлэн, Зам тээврийн салбарын Худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй ахуйн нэгж байгууллагын судалгаанаас харахад “П ” ХХК-ийг Г аймгийн Есөнбулаг сумын Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоол, Жинст баг, Хөгжил хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаж батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй, талбайд инженер техникийн ажилтан, машин механизмыг байршуулж ажиллаагүй, гүйцэтгэгчийн дотоод зохион байгуулалт муу зэргээс шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй тул гэрээ дүгнэх ажлын хэсгээс гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...“П ” ХХК нь нь Зам тээвэр, хөгжлийн яаманд холбогдуулан гэрээг цуцалсан 2023 оны 01 дүгээр сарын акттай холбоотой маргаж байгаа. Одоо захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа” гэж тайлбарлаж байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх …” гэж зааснаар гэрээний үүргээ зөрчсөн эсэх, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
2.9. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ