Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0362

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр           Дугаар 128/021/0362       Улаанбаатар хот

                            

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Н.З.д

Гуравдагч этгээд: “Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Н.З.д 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Э” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах “Н*******” шаврын ордод түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тус ордыг түшиглэн ““Э” ХХК нь тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.

Тухайн ордыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ 1929 онд нээж, түүнээс хойш түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож байсан бөгөөд 1962 оноос тухайн үеийн Барилгын яам тус ордыг түшиглэн төрийн өмчит тоосгоны үйлдвэрийг барьж, тоосгоны үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн нь Монгол Улсын анхны барилгын хийц бүтээцийн үйлдвэр бий болсон түүхтэй.

Тус төрийн өмчит тоосгоны үйлдвэрийг ордын хамт дуудлага худалдаагаар 1998 онд худалдахад ”Э*******” ХХК худалдан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн тоосгоны үйлдвэр, ордыг зориулалтын дагуу ашиглаж, ажиллуулж байна.

Гэвч Н.З.д 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар захирамжаар “Э” ХХК -ийн Н******* шаврын орд дахь тусгай зөвшөөрлийг цуцлахдаа “... хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа...” гэдэг үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосон байна.

“Э” ХХК төрийн өмчит тоосгоны үйлдвэр, холбогдох шаврын ордтой нь хамт дуудлага худалдаагаар худалдан авахад тухайн ордын эргэн тойронд иргэд, аж ахуй нэгжүүдэд огт газар эзэмшүүлж, өмчлүүлээгүй, хоосон газар байдаг байсан.

Түүнээс хойш иргэдэд ямар ч хот төлөвлөлтгүй газрыг эзэмшүүлж, өмчлүүлсээр байгаад тухайн эзэмшүүлж, өмчлүүлсэн газар нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож  буй талбайд тулж ирсэн бөгөөд одоо хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болж байгаа гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна.

Мөн Н.З.д тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохдоо мэдэгдэх, сонсох ажиллагаа хийлгүй шууд цуцалсан нь хууль бус байна .

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/******* дугаар захирамжийн “Э” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг   дамнан байрлах Найрамдлын шаврын ордод анх 1962 оноос шавар олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн.

Ашигт малтмалын газраас 1997 оноос хойш тус газарт тоосгоны шаврын 7  тусгай зөвшөөрлийг тус бур 30 жилийн хугацаатай “Э” ХХК, ”Сб" ХХК “Шт" ХХК, “С” ХХК, “Ц” ХХК, ”Мк” ХХК  ийн 148,9 га талбай бүхий нийт 6 аж ахуйн нэгжид олгосон байдаг.

Дээрх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс ”Шт” ХХК,   С*******н” ХХК, ”Сб" ХХК-иуд ашиглалтын үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөө батлуулсан, ““Э” ХХК үйл ажиллагаа явуулахгүй тухай албан бичиг ирүүлсэн, “Ц” ХХК, “М*******” ХХК-иуд техник эдийн засгийн   үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд Байгаль   орчин, аялал жуулчлалын яамаар тодотгол хийлгээгүй тул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөө батлагдаагүй

2014 онд Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг Н******* ордод олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж. үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/970 дугаартай албан бичгээр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 2015 оноос эхлэн хааж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т дурдагдсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх болсныг мэдэгдсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллээр дээрх аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл бүхий талбайд 170 иргэний эзэмшил газрууд   давхацдаг.

Олборлолт хийснээс үүссэн томоохон цүнхээлүүдэд борооны ус тогтсоны улмаас 2012 онд 8 дугаар хорооны 1 хүүхэд, 2014 онд 11 дүгээр хорооны 1 хүүхэд   усанд живж амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан. Мөн 2014, 2015 онуудад ”Ц”  ХХК-ийн 2 ажилчин аюулгүй ажиллагааг ханган ажиллагаагүйгээс болж амь насаа  алдсан талаар мэдээлэл тус газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Орон нутгийн иргэдийн зүгээс орчны бохирдол, тоосжилт их, шатаах зуухны хортой утаагаар амьсгалж байгаа, үйлдвэрийн болон автомашины дуу чимээ их, эмх замбараагүй байдал, архидан согтуурах зөрчлүүд байнга гардаг, хүнд даацын тоосго ачсан автомашинууд гудамжны зам талбайг эвдэж, тоосжилт үүсгэн, явган хүн, бага насны хүүхэд аюулгүй зорчих боломжийг хязгаарладаг талаар гомдол мэдээлэл ирүүлсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газраас хамтарсан шалгалтыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн.

Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 02/463 дугаар албан бичгээр уурхайн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хуулийн хугацаанд хянуулаагүй 38 аж ахуйн нэгжид арга хэмжээ авахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт санал  хүргүүлсний дотор “Ц” ХХК, “С” ХХК, “С*******н” ХХК-иуд багтсан

Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад ирүүлсэн хүсэлтийн дагуу нийслэл, дүүргийн  Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүн, өмнөх үзлэг шалгалтуудаар илэрсэн зөрчил, дутагдал хэвээр байгаа нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Иймд “Э” ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “Э” ХХК -ийн MV-000******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэх үндэслэлээр цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. “Х” ХХК нь “Э” ХХК -тай 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1******* дугаартай зээлийн гэрээ байгуулж “Э” ХХК -ийн *******А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгө болох маргаан бүхий тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1143 дугаартай магадлалаар “Х” ХХК нь барьцаалсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Энэхүү хариу тайлбарыг гаргаж буй өдрийн байдлаар тухайн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан байгаа буюу иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно” гэж, мөн зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд нь шийдвэр гаргах ажиллагааны гуравдагч этгээдэд шууд хамаарах бөгөөд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдийн хүсэлт, бусад оролцогчийн зөвшөөрлийг харгалзан гуравдагч этгээдээр оролцуулахаар байна. “Х” ХХК -ийн хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн барьцаалагч байсан бөгөөд уг шийдвэрийн улмаас барьцааны эрх нь шууд хөндөгдөж байх тул захиргааны шийдвэр гаргах ажиллагааны гуравдагч этгээдэд хамаарахаар байна.

Иймд Н.З.д нь захиргааны акт гаргахдаа “Х” ХХК -ийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулан, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 43 дугаар зүйлийн 43,1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасны дагуу банкны тайлбар саналыг сонсох, захиргааны актын талаар мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл Н.З.д с захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа явуулж, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр захиргааны актыг мэдэгдэх /гардуулах/ хуудсаар Н.З.д 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/******* дугаартай албан бичгийг гагцхүү “Э” ХХК -ийн захирлын туслах Т.Ггэх хүнд гардуулсан байх бөгөөд ийнхүү мэдэгдэхдээ “Х” ХХК мэдэгдээгүй байна.

“Х” ХХК -нд мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй нь захиргааны актыг хуулийн дагуу гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК Н.З.д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Э” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Н.З.д Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т ”Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 4/энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох;”, 21 дүгээр зүйлийн 1-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно: …  5/хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон.”, Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно: … 35.1.3.аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан.” гэж заасныг баримтлан 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжаараа Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэсэн үндэслэлээр “М” ХХК, “Ц” ХХК, “С” ХХК, “С” ХХК, “Ш” ХХК, “Э” ХХК зэрэг 6 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. 

Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд[1] ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг нэг бүрчлэн бөгөөд хариуцагч тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн цуцалснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан байна. Гэтэл хариуцагч хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах аль үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч “Э” ХХК -ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар маргаан бүхий захирамждаа заагаагүй байна. 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжаар 6 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нэг ижил үндэслэлээр цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохдоо тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй тус тусдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгосон гэх нөхцөл байдлыг тус бүрээр нь тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзлээ. 

Өрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд тус бүрдээ тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болох хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгосон гэх үндэслэлийг аж ахуйн нэгж тус бүрээр тогтоох учиртай бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК -ийг газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох болон тусгай зөвшөөрөл цуцлах хуульд заасан ямар зөрчил гаргасан болохыг хариуцагч Н.З.д тогтоогоогүй байна. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.”, 13.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно.”, 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан ашигт малтмалын ашиглалтын *******А /MV-000*******/ дугаар тусгай зөвшөөрлийн хуулбараас үзвэл тус тусгай зөвшөөрлийг Хас банканд барьцаалсан болох нь бүртгэгдсэн бөгөөд хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй ““Х” ХХК -ийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Э” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.1, 106.3.12  дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,  Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “Э” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН

 

[1] 37 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг цуцлах

37.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:

37.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;

37.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй;

37.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан;

37.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон.