Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00008

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/02653 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-т холбогдох

 Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг зөрчсөнөөс олох байсан орлогод 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Б-ийн хүсэлтийн дагуу түүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 439 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1771 дүгээр магадлалтай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байсан Ц.Б-ийн өмгөөлөгчөөр оролцож, гэрээний дагуу урьдчилгаанд 300 000 төгрөгийг түүнээс хүлээн авсан. Гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг баримт бичиг, шүүхийн шийдвэр, магадлал болон хэргийн материалтай танилцсан. Хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хариуцагч гомдол гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байсан тул шинээр илэрсэн нөхцөл байдалд хамруулахаар зорьж, хяналтын гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт мөн хариуцагч Б.Э-т холбогдуулан шүүхэд гаргах нэхэмжлэлийн загвар, төслийг бэлтгэж өгсөн. Гэтэл хариуцагч Ц.Б 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлбөрийн чадамжгүй үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ цуцлах бичиг өгөхдөө “Дээд шүүхэд албаны зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар гаргасан гомдлыг шүүх хүлээн авсан учраас тантай байгуулсан гэрээг цуцлах боллоо” гэж хэлсэн. Хариуцагчийн хувьд гэрээнд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2-т заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний дүнгээс 20 хувиар тооцож, олох байсан орлого 600 000 төгрөгийг Ц.Б-ээс гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгчээр ажилладаг бөгөөд төлбөр төлөгч Б.Э-ын гүйцэтгэх баримт бичиг дээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийнхээ санал болгосноор өмгөөлөгч Б.Б-оос хууль зүйн туслалцаа авахаар болж, урьдчилгаанд 300 000 төгрөгийг өгсөн. Гэрээний дагуу миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Э-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт бичих ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.

Өмгөөлөгчийн зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Э-ыг 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардаж авсан эсэхийг тогтоолгохоор давхар өгье гэсэн. Б.Б-ийн Сүхбаатар дүүргийн шүүхэд бичсэн хяналтын гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт болон Хан-Уул дүүргийн шүүхэд бичсэн нэхэмжлэл зэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 995 дугаар захирамжаар хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1785 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Ингээд ахлах шийдвэр гүйцэтгэгчид хэлэхэд “...урьдчилгаа болгон авсан 300 000 төгрөгийг 2 нэхэмжлэл бичиж өгсөнд тооцоод дуусгая” гэсэн. Тухайн үед манай албаны өөр нэг шийдвэр гүйцэтгэгч мөн адил Б.Б-ийг өмгөөлөгчөөр авсан бөгөөд бид өмгөөлөгчийн ажлын байранд очиж хүсэлтээ бичиж өгөхөд уурлаж, хүсэлтийг чинь авахгүй. Төлбөрийн чадвартай, үгүйг чи тогтоодоггүй гээд хүлээж авахгүй байсан учир ширээн дээр орхиод явсан. Түүний бичиж өгсөн нэхэмжлэл, хүсэлт шаардлага хангаагүй тул гэрээнд зааснаар дуусгавар болгох хүсэлтээ бичгээр өгье гээд гэрээний 4.4-д зааснаар дуусгавар болгох хүсэлт албан ёсоор ажлын байранд нь аваачиж өгөхөд уурлаж, хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгч Б.Б гэрээнд заасны дагуу ажиллаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, Ц.Б намайг төлөөлөн хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд ороогүй, ажиллагаа хийгээгүй байж үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүнээр 1 нэхэмжлэл, 1 хүсэлт бичүүлсэн тул 300 000 төгрөгт маргахгүй. Гэрээний 4.6-д заасны дагуу гэрээ цуцлах хүсэлтээ өгсөн. Нэхэмжлэгч гэрээг цуцалснаас өөрт учирсан хохирол шаардах эрхтэй боловч түүнийгээ баримтаар нотлоогүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-ээс 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ц.Б гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт дахин гаргах тухай мэдэгдээгүй гэх зэрэг ач холбогдол бүхий байдлыг анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэнгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг дураараа дангаараа цуцалсан нь хууль тогтоомжид нийцэхгүй байтал анхан шатны шүүх "...гэрээний 4.4 дэх хэсэгт заасан ажлын чанар шаардлага хангаагүйн улмаас гэрээг цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ц.Б-т холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул гэрээнд зааснаар ажлын нийт хөлс 3 000 000 төгрөгийн 20 хувиар тооцож 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчдын тайлбар, талуудын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний /хх-5/  үндсэн нөхцөл, талууд гэрээгээр эрх, үүргээ тодорхойлсон байдал болон хариуцагч Ц.Б-ээс нэхэмжлэгч Б.Б-д өгсөн хүсэлт /хх-4/ зэргээс үзвэл үйлчлүүлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх арга, ажиллагааг өмгөөлөгч өөрөө тодорхойлон, үйлчлүүлэгч нь түүнд тохирсон хөлсийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ц.Б-т хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээж, урьдчилгаанд 300 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Ц.Б төлбөрийн чадамжгүй болсон гэх үндэслэл зааж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрээ цуцлах саналаа бичгээр гаргасныг нэхэмжлэгч Б.Батдорж эс зөвшөөрч, гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардсан маргаан үүсгэжээ.

Хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй боловч хариуцагчийн гэрээ цуцалсан үндэслэл буюу төлбөрийн чадваргүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Б гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг баримт бичиг, шүүхэд үүсгэсэн хэргийн материалтай танилцсан, шийдвэр гүйцэтгэлийн албаны холбогдох ажилтнуудтай уулзаж, хэргийн талаар мэдээлэл авч, санал дүгнэлт боловсруулсан, шүүх хуралдаанд оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн зэрэг гэрээний дагуу тодорхой ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан хариуцагч Ц.Б-ийн хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2017/00995 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2017/02889 дүгээр захирамж зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 55-65/

Талууд гэрээний 4.2-т ...үйлчлүүлэгч гэрээг цуцалсан тохиолдолд ...ажлын хөлсний нийт дүнгийн 20 хувиар хувиар тооцож... хохирол гаргуулахаар заасан байгаагаас гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тохиолдолд өмгөөлөгч Б.Батдоржид үүсэх зардлын талаар үйлчлүүлэгч нь мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Мөн хариуцагч нь “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу өмгөөлөгч Б.Б-ийн хийсэн гэх ажил урьдчилгаа 300 000 төгрөгт дүйцэх тул нэмж төлбөр төлөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан боловч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж, няцаагаагүй байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэж, өмгөөлөгчийн зайлшгүй зардалд 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд 227.1 дэх хэсэгтэй заасантай нийцнэ гэж үзэв.

Шүүх хэргийн нөхцөл байдал, гэрээнд заагдаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь алдаатай байх бөгөөд маргааныг зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэж, шийдвэрийг зөвтгөх боломжтой.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, 2 дахь заалтад нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулсан өөрчлөлтийг тус тус оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/02653 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “227.3” гэснийг “227.1” гэж, “Ц.Баянчимэгээс 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Ц.Б-ээс 300 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “үлдээсүгэй”  гэснийг ”үлдээж,  хариуцагч  Ц.Б-ээс  улсын  тэмдэгтийн  хураамжид 9 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА