Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш ургийн овогт Д-гийн Л-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2235000000106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Д-гийн Л, 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн цэргийн 0245 дугаар ангид инженерийн ахлах офицер ажилтай, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум, гуравдугаар багийн 9а байрны 1-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ою..............................

Холбогдсон хэргийн талаар:

Увс аймгийн Улаангом сумын арван хоёрдугаар багийн нутагт байрлах Баялаг Увс шатахуун түгээх станцын дэргэд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ж.З, шүүгдэгч Д.Л нар нь архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000106 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Ж.З-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас);

- Хохирогч Ж.З-гоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас);

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас);

- Гэрч Р.Б-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас);

- Гэрч Г.Э-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);

- Гэрч Б.З-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);

- Гэрч Р.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Гэрч Т.З-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);

- Гэрч Н.М-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас);

- Хохирогч Ж.З-гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 178 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас);

- Хохирогч Ж.З-гийн биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 03 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас);

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Шүүгдэгч Д.Л-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас);

- Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 142 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч Ж.З-гийн “2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 11:00 цагийн үед Р.Б-ийн гэрт очиж уулзаад хамт гарч Д.Л-ыг гэрээс нь очиж авсан. Бид гурав Улаангом сумаас урагш гараад самбартай хөтлийн дэргэд очиж хоёр шил 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол гэх архи уусан. Буцаж орж ирэх замдаа автомашин дотор Д.Л бид хоёр намайг архи ууж байгаад асгасан гэх асуудлаас болж маргалдсан. Р.Б- бид гурав Д.Л-ын гэрийн ойролцоо очиж автомашинаас буугаад Д.Л бид хоёр маргалдаж зодолдсон. Тухайн үед би их согтсон байсан учир болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас);

- Гэрч Р.Б-ийн гар утсанд үзлэг хийсэн “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16:26 цагт хийсэн 20220422_162516.mp4 хаягтай, 126.48 мб хэмжээтэй 1 минут 1 секундийн бичлэг байв. Бичлэгт цээж нүцгэн хар өмдтэй хагас түрийтэй гуталтай эрэгтэй хүн газарт унасан байх ба бэлтгэлийн хувцастай хүн толгой руу нь гараараа цохиж доор байгаа хүн нь хажуугаараа хэвтэхэд дээрээс нь дарж толгой руу нь хоёр удаа цохих бөгөөд доор байгаа цээж нүцгэн хүн нөгөө хүнийхээ хөлөөс зуурч өндийх гэхэд дээрээс нь түлхэж хоёулаа газарт унаж зууралдаж ноцолдох бөгөөд цээж нүцгэн эрэгтэй дээр нь гарч бэлтгэлийн өмдтэй хүн дээш харж хэвтэх ба бэлтгэлийн хувцастай эрэгтэйн хамар амны орчимд цус болсон байв. Цээж нүцгэн эрэгтэй нь нөгөө хүнийг гурван удаа нүүр лүү нь гараараа цохив. ...Дараагийн бичлэг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16:28 цагт хийгдсэн 20220422_162742.mp4 хаягтай, 54.04 мб хэмжээтэй 26 секундийн бичлэг байв. Бичлэг эхлэхэд бэлтгэлийн өмтэй урт түрийтэй гуталтай хүн зогсож тонгойсон байдалтай доор нь хар өнгийн өмдтэй, хагас түрийтэй гуталтай хүн суусан байдалтай байв. ...Урт түрийтэй гуталтай, бэлтгэлийн өмдтэй хүн нөгөө хүнийхээ толгой руу нэг цохиод, нүүр лүү нь өшиглөхөд хагас түрийтэй гуталтай эрэгтэй нь түүний хөлийг барьж авав. Тэгэхэд хөлөө жийж унагаад урт түрийтэй гуталтай, бэлтгэлийн өмдтэй хүн нь хэвтэж буй хар өмдтэй, хагас түрийтэй гуталтай хүний нүүр лүү дэвсэхэд уг хүн гараараа хаах гэсэн боловч хааж чадалгүй нүүрэндээ өшиглүүлж гараа алдалж, дээш харж хэвтээд хөдөлгөөнгүй болов” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Гэрч Г.Э-ын “2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутын үед над руу манай ажлын зэвсэг, химийн албаны дарга, ахмад Р.Б- өөрийн 88160120 дугаарын утсаар залгаад ...“Д.Л, Ж.З- хоёр зодолдоод байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. ...би техникийн дарга, дэд хурандаа н.Г-ийг дагуулаад автомашинтай Улаангом сумын 12 дугаар багийн захын доод талд байх Баялаг Увс шатахуун түгээх станцын ар талд очиход замын баруун талд буюу доод талд байх гудамжинд Ж.З газар толгойгоо дараад суучихсан, Д.Л, Р.Б- нар нь хоорондоо маргаад байгаа бололтой юм яриад зогсож байсан. Автомашинаас бууж Ж.З- руу очоод гараас нь татаад “З” гэж дуудахад нэг их сайн дуугарахгүй, юм ярихгүй байсан. ...Тухайн үед Ж.З-гийн нүүр нь нэлээд хавдаад уруул ам нь цус болчихсон, зүүн шанаа нь хавдчихсан байсан, харин Д.Л-ын нүүр нь жаахан улайчихсан, мөн хамрынхан хэсэг газарт улайчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);

- Гэрч Р.Б-ийн “Тухайн өдөр ...10 цаг 30 минутын үед ажлаас гарч автомашинаа засварын газраас аваад явж байтал Ж.З- тааралдсан бөгөөд хамт онцгой байдлын газарт ажилладаг хүн байсан. Тэд нар намайг дагаж яваад гэрийн гадна ирсэн бөгөөд би автомашинаа тавиад тэдний автомашинд суухад нэг шил архи задалсан. Түүнийг нь уугаад Д.Л луу Ж.З- ярьж уулзахаар болсон. Д.Л-ыг аавынхаас нь аваад тэр гудамжинд автомашин дотроо нэг шил архи уусан. Тэгээд гашууны гол гарч дахин нэг шил архи хувааж уугаад буцаж орж ирээд онцгой байдлын газрын гадна онцгойгийн ажилтныг буулгасан. Тэгээд Д.Л-ын гэр лүү жолоочтой явж байхад Ж.З-, Д.Л нар хоорондоо архи асгалаа гэж маргалдаад байсан. Тэгтэл жолооч дургүйцээд Заяашикийн дэргэд очоод биднийг буулгачхаад яваад өгсөн. Автомашинаас Д.Л, Ж.З- хоёр буугаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэр хоёр хувцсаа тайлаад дээр дороо ороод харилцан зодолдсон.  ...Ж.З- нүүр лүүгээ өшиглүүлээд уначихсан тул би бичлэгээ зогсоогоод Ж.З-г тэврэхэд Д.Л зодохоо больсон. Би штабын даргад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Хохирогч Ж.З-гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 178 дугаартай “Үзүүлэгч Ж.З-гийн биед гавлын суурь хэсгийн буюу баруун чамархай ясны чулуулаг болон хайрст хэсгийг дамнасан шугаман хугарал, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсэгт тархины эдийн голомтод няцрал, цус хуралт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад, хоёр нүдний эргэн тойронд цус хуралт, дух, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь цөм нэг доор үүссэн байх боломжтой. ...Гавлын суурь хэсгийн буюу баруун чамархай ясны чулуулаг болон хайрст хэсгийг дамнасан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсэгт тархины эдийн голомтод няцрал, цус хуралт ...гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас);

- Хохирогч Ж.З-гийн биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 03 дугаартай “...Ж.З-гийн 2022/05/11-нд Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн компьютерт томографын шинжилгээний хариунд “Гавал яс, суурь яс, нүдний ухархай, хацар ясанд хугарал цуурлын өөрчлөлтгүй” гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг шинжилгээний зургуудыг хуулбарласан DVD-нд байх зурагт илэрсэн өөрчлөлтүүд нь 2022/04/25-нд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн компьютерт томографын шинжилгээний зургуудыг хуулбарласан CD-нд байх зургуудын өөрчлөлтүүдтэй тохирч байна. ...Тиймээс 2022/05/09-ний өдрийн №178 дугаартай дүгнэлтэд нөлөөлөхгүй. Иймд Ж.З-гийн биед учирсан гэмтлүүдэд нэмэлт материалаар тогтоогдсон буюу нэмэгдэх болон хасагдах гэмтэл байхгүй байгаа тул 178 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан нь хэвээр байна гэж үзэж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар хохирогч Ж.З-, шүүгдэгч Д.Л, гэрч Р.Б- нар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр архидан согтуурч, улмаар Увс аймгийн Улаангом сумын арван хоёрдугаар багийн нутагт байрлах Баялаг Увс шатахуун түгээх станцын орчимд хохирогч, шүүгдэгч нар нь архи асгалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдсон байна.

Шүүгдэгч Д.Л хохирогч Ж.З-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед гавлын суурь хэсгийн буюу баруун чамархай ясны чулуулаг болон хайрст хэсгийг дамнасан шугаман хугарал, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсэгт тархины эдийн голомтод няцрал, цус хуралт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад, хоёр нүдний эргэн тойронд цус хуралт, дух, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд учирчээ. Хохирогчийн биед учирсан Гавлын суурь хэсгийн буюу баруун чамархай ясны чулуулаг болон хайрст хэсгийг дамнасан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсэгт тархины эдийн голомтод няцрал, цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 178, 03 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Л нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчтой харилцан зодолдож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Л-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Ж.З-гийн “...Уг үйлдлийн улмаас дух, шанаа нүд орчмоор хөхөрч хавдсан, толгой өвдөөд эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), шүүгдэгч Д.Л-ын “Би Ж.З-г Улаанбаатар хот руу эмчилгээ, шинжилгээнд явахад нь 500’000 төгрөг өгсөн. Эмчилгээ шинжилгээ хийгдсэний дараа дахин хэдэн төгрөг өгөх талаар ярилцсан. Одоогоор надаас мөнгө төгрөг нэхэмжлээгүй байгаа” гэх (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн нь нотлогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор шүүгдэгч Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10’000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 142 дугаар хуудас), шүүгдэгч Д.Л-ын яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Л нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу шүүгдэгч Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10’000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сиди диск, дивиди диск нь хохирогч Ж.З-гийн толгойн компьютерт томографын шинжилгээний хариуг агуулсан байх тул түүнд буцаан олгож, гэрч Р.Б-ийн гар утсаар хийсэн бичлэгийг агуулсан дивиди диск нь хэргийн ул мөрийг агуулсан, нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Д-гийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т 10’000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Л энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хохирогч Ж.З-гийн толгойн компьютерт томографын шинжилгээний хариуг агуулсан сиди диск нэг ширхгийг, дивиди диск нэг ширхийг тус тус хохирогчид буцаан олгож, гэрч Р.Б-ийн гар утсаар хийсэн бичлэгийг агуулсан дивиди дискийг хэргийн хамт хадгалсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗАЯА