Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/898

 

 

  2022        06          15                                   2022/ШЦТ/898

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ч.Сайнхүү,

Хохирогч Б.О

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт П-ын Б-т холбогдох эрүүгийн  2206 01017 0827 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо Цэргийн хотхоны 000 тоотод оршин суух бүртгэлтэй,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар АА000000000, Ч овогт П-ын Б.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч П.Б нь 2022 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 000 тоот гэртээ байхдаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, өөрийн хамтран амьдрагч Б.О-тай муудалцаж, улмаар түүний хүзүү, баруун чихний хоорондын хэсэг газарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-11/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О-ын өгсөн мэдүүлэг /хх-17/, гэрч А.Ариунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дүгээр сарын 22-ны өдрийн 620 дугаартай дүгнэлт /хх-49-50/, П.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-82-83/,  шүүгдэгч П.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч П.Б-ийн 2022 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 00 тоот гэртээ байхдаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, өөрийн хамтран амьдрагч Б.О-тай муудалцаж, улмаар түүний хүзүү, баруун чихний хоорондын хэсэг газарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О-ын өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 00 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч болох П.Б, хүүхэд Б нарын хамт байсан. Тухайн өдөр манай Б хүүгийн төрсөн өдөр болж байсан тул эхнэр П.Б бид хоёр хүүхдийнхээ төрсөн өдөр гээд 2 шил 0,75 литр, 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Өдрийн 13 цагаас 14 цагийн үед бид хоёр ууж дуусаад хоол хийнгээ ойр зуур зүйл ярилцаж байгаад бие биеэ архичин гэж дуудалцан маргалдсан. П.Б хоол хийх гээд мах хэрчиж байсан ба тэр солгой тул зүүн гартаа бор иштэй хутга барьж байсан П.Б-тэй хэрүүл хийгээд түүнийг уурлуулахад П.Б гэнэт орилж босож ирээд, босохдоо гартаа байсан хутгаараа миний хүзүүний баруун хэсэг орчим 1 удаа хатгачихсан. Тэгээд надаас их хэмжээний цус гарсан Би 103 дуудаач гээд орилж байгаад 103 дуудуулсан ба тухайн үед өөрийгөө аргацааж байгаад эмнэлгийн тусламж авсан. Манай хүү Б болсон бүх зүйлийг харсан байх.” гэх мэдүүлэг /хх-9-10/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ариунчимэгийн өгсөн “...П.Бийг ахтай амьдардаг болсноос хойш мэднэ. Дундаасаа 5 настай Б гэх эрэгтэй хүүхэдтэй. Хоорондоо харилцаа маш муу, манай ах Б.О нь хүү Б-ийг бодоод салахгүй байгаад байгаа, П.Б нь хүүхдийнхээ хажууд байнга архи уудаг, хүүхдээ их зовоодог.” гэх мэдүүлэг /хх-21/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дүгээр сарын 22-ны өдрийн 620 дугаартай дүгнэлтэд:

1. Б.О-ын биед хүзүү, баруун чих орчмын шүлсний булчирхайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-49-50/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Б.О-т бууз жигнээд өгьье гэж хэлсэн чинь Б.О нь бууз идэхгүй, шөлтэй хоол иднэ гэж хэлэхээр нь би шөлтэй хоол хийж өгөх гээд хөргөгчнөөс махаа аваад, гал тогооны шүүгээнээс хутгаа аваад махаа пежинд халаах гээд хийж байсан чинь Б.О нь намайг хурдлаа, янхан минь гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би сар шинийн баяр болж байхад хэрэлдээд яахав гэж хэлсэн чинь Б.О над руу босоод ирэхээр нь би сандарсандаа хутгатай гараараа цохисон чинь Б.Отгонбаатарын хүзүүнээс гэнэт цус гараад, газарт чанга орилоод суусан.” гэх мэдүүлэг /хх-82-83/,

 

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-4/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-11/,

Шүүгдэгч П.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/ зэрэг болно.

 

Шүүх дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан зодолдож тус тус эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд П.Б-ийн 2022 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 000 тоот гэртээ байхдаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, өөрийн хамтран амьдрагч Б.Отгонбаатартай муудалцаж, улмаар түүний хүзүү, баруун чихний хоорондын хэсэг газарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч П.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн /хх-88/ байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч П.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч овогт П-ын Б-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар П.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

      8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС