Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/0767/Э |
Дугаар | 2022/ШЦТ/901 |
Огноо | 2022-06-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/901
2022 06 15 2022/ШЦТ/901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ы У-д холбогдох эрүүгийн 2206 00000 0672 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежерийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 00 байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000000, Б овгийн А-ы У.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.У нь 2022 оны 01 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 04-05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудлын орчим хохирогч М.Н шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстын улайлт, зүүн хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж өгөх мэдүүлэг байхгүй. Хохирогч эмчилгээний зардлын баримтаа өгвөл хохирол төлнө...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогч М.Н өгсөн мэдүүлэг /хх-6, 47-48/, гэрч Т.Энхболдын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2202 дугаартай дүгнэлт /хх-20-21/, шүүгдэгч А.У-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41/, А.У-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.У-ы 2022 оны 1 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 04-05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудлын орчим хохирогч М.Н-той шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстын улайлт, зүүн хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Н-н өгсөн: “...Би 2022 оны 1 сарын 27-ны үүрээр 04-05 цагийн орчим “Чингис” зочид буудлаас гараад замын эсрэг талд такси барихаар найз Болор-Эрдэнийн хамт зогсож байсан. Тэгтэл 3 залуу, 2 охины хамт тэнд явж байгаад над руу нэг залуу нь найз охинтойгоо муудалцсан байдалтай “хөөе яадаг хар пизда вэ, юу хийж яваа юм бэ” гэх зэргээр бүдүүлэг аашилсан. ...Одоо санаж байгаагаар Еркебулан гэх залуу эхлээд надтай маргалдаж байгаад миний зүүн талын эрүү шанаа хэсэг рүү цохиод авсан тэгээд юу болж байна яаж байгаа юм бэ гэхэд А.У гэх залуу ирж салгаж авч явсан. Тэгээд цаана очиж Казак хэлээр ярьж байснаа А.У гэдэг нь учир зүггүй ирээд миний зүүн нүд рүү цохисон. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад миний зүүн талын нүдэнд гэмтэл учирсан талаар тусгасан байсан. Миний эрүүнд бол ямар нэгэн гэмтэл учраагүй Унатхан гэх залуу миний зүүн талын нүд рүү цохисноос болж хөмсөг язарч оёдол тавиулсан, нүд хавдаж хөхөрсөн. Миний биед учирсан гэмтлийг Унатхан гэх залуу нь учруулсан...” гэх мэдүүлэг /хх-6, 47-48/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Энхболдын өгсөн: “...Нэг залуу нь тэнд байсан 1 ахын нүүр хэсэг рүү цохисон. Хаана нь яг цохисныг мэдээгүй. Тухайн 2 залуу Казак залуучууд байсан байх гэж бодож байна. ... 20-25 орчим настай залуу байсан санагдаж байна. ... учрыг нь олоод салгах гээд байж байсан боловч гэнэт л нэг залуу нь тухайн ахыг цохисон. ... тухайн ахыг харахад нүүр хэсэг нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2202 дугаартай:
1. М.Н-н биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстын улайлт, зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тул гэмтлийн зэргийг тус тусад нь тогтоохгүй.” гэх дүгнэлт /хх-20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.У-ы яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр үүрээр 4 байна уу 5 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дүгээр хороо Чингис зочид буудлын замын эсрэг талд Еркебулан нэг согтуу хүнтэй маргалдаад байсан. Еркебулан тухайн хүнд гар хүрээгүй байх. Тэгээд би холоос хараад Еркебулан дээр очсон. Гэтэл тухайн хүнтэй маргалдаад зодолдох гээд байхаар нь би голоор нь ороод салгасан. Гэтэл тухайн согтуу хүн над руу дайраад байхаар нь би намайг зодох юм байна гэж бодоод тухайн хүний нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх-41/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Шүүгдэгч А.У-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-42/ зэрэг болно.
Шүүх дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч А.Унь хохирогчийн М.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.У-ы 2022 оны 1 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 04-05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудлын орчим хохирогч М.Н-той шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстын улайлт, зүүн хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Н нь хохирлоо баримтаар нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч М.Н нь эмчилгээний баримтыг шинээр гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжгүй бөгөөд харин түүний цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхээс шүүгдэгч А.У-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А-ы У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.У-г 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.У нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Н нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС