Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/927

 

 

 

 

 

 

 

  2022         06         17                                   2021/ШЦТ/927   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

    Улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

   Хохирогч Ц.Б

   Иргэдийн төлөөлөгч Ч.Баатарсүрэн

          Шүүгдэгч Х.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х-н Л-д холбогдох эрүүгийн 2106 00000 0774 дугаартай хэргийг шүүх 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ... хотхонд харуул ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй,

Урьд Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1991 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 350 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 36.000 төгрөгөөр торгох ялаар,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2, 109 дүгээр зүйлийн 109.3, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт тус тус зааснаар 23 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Б овогт Х-ийн Л /регистрийн дугаар ХХ000000000/.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Х.Л нь 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден вилла хотхонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Ц.Бийн хэвлийн тус газарт 3 удаа хутга буюу зэвсэг ашиглан хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Л мэдүүлэхдээ: “...2022 оны 2 сарын 3-ны шөнө Ц.Б-тэй цуг сууж архи ууж байгаад Ц.Б-ийг хутгалсан. Энэ үйлдэлтэй гэмшиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: “...Гэмтэл бүрэн эдгэсэн одоо гомдол санал байхгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй, бүрэн эдгэсэн учраас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй...” гэв

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-4/, хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-10-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3452 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/, шүүгдэгч Х.Л-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, хохирогч Ц.Б-ийн өвчний түүх /хх-49-69/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Х.Л нь 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден вилла хотхонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Ц.Б-ийн хэвлийн тус газарт 3 удаа хутга буюу зэвсэг ашиглан хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-ийн өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 22 цагийн үед ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден Вилл хотхоны харуулын байранд Л-ийн хамт байсан, тэгээд Л нь cap шинэ болж байгаа юм байна хоёулаа ганц шил юм ууя гээд бид хоёр нэг шил Хараа гэх нэртэй 0,5 литрийн савлагаатай архи хувааж уусан, тэгээд дэлгүүр хаахаас өмнө дахиад нэг шилийг авъя гээд Л хэлсэн. Тэгэхээр нь би та уусныхаа дараа битгий олон юм яриад агсраад байгаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь тэгэхгүй гэж хэлсэн. Тэгээд Л дэлгүүр ороод дахиад нэг 0,5 литрийн савлагаатай Хараа архи авчирсан, тэгээд ууж байгаад Л агсраад байхаар нь өөрт нь өгөхгүй нэг хоёр удаа архи өгөөгүй алгассан, тэгсэн чинь чи надад архи өгсөнгүй гээд янз янзын юм яриад агсан тавиад байсан, тэгэхээр нь би битгий ингэж хоёрын хооронд зан гаргаж бай гээд хэдэн үг хэлсэн, тэгээд Л бие засчхаад ирье гээд 00 өрөө орсон, 00 өрөөнөөс хутга бариад орж ирснийг нь би анзаараагүй юм тэгээд би түрүүлээд унтлаа та дараа нь унт гээд хэлээд боссон чинь хажуугаас миний гэдэс рүү хоёр удаа цохих шиг болсон, тэгээд би яаж байна гээд харсан чинь зурагтын гэрэлд хутга далайгаад цээж рүү ороод ирэхээр нь цээжиндээ нэг хутгалуулаад хутгыг нь булаагаад авсан, тэгсэн чинь өөрөө болъё гээд сандал дээр суусан, тэгээд би хутгыг нь хураасныхаа дараа миний гэдэс рүү 2 удаа хутгалсан байсныг нь мэдсэн” гэх мэдүүлэг, /хх-10-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3452 дугаартай шинжээчийн “1. Ц.Б-ийн биед хэвлийн урд хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, их сэмж, чацархайд хатгагдсан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, /хх-22/

           

Шүүгдэгч Х.Лийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид хутгалуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Х.Л нь 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден вилла хотхонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Ц.Б-ийн хэвлийн тус газарт 3 удаа хутга буюу зэвсэг ашиглан хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Х.Л-ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

           Шүүгдэгч Х.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

          1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Л-ийг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч Х.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Л-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

   6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

         

                                 ДАРГАЛАГЧ, 

                                        ШҮҮГЧ                           Э.ЧИНГИС

                                          

                                        ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ