Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т ургийн овогт Б-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2235001250155 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Т ургийн овогт Б-ийн Б, 1993 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: оо..................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2022 оны 6 дугаар сарын 22-ны шөнө архидан согтуурах явцдаа хохирогч Б.Г-тайтай харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235001250155 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хохирогч Б.Г-тайгаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);

- Гэрч Б.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас);

- Гэрч Д.С-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас);

- Хохирогч Б.Г-тайгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 272 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.Б-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч Б.Г-тайгийн “Би 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бэргэн эгч Ч-гийн төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор Улаангом сумын 6 дугаар багийн нутагт байх гэрт нь очсон. Тухайн үед Ч эгч өөрийн нөхөр С, Б.Б, миний нөхөр Д.С-, Ш гэх залуу нарын хамт байсан. Бид нар 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво хоёр сав, 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. ...Б.Б өмднийхөө халааснаас 20’000 төгрөг гаргаж ирээд намайг архи аваад ир гэхээр нь “харанхуй шөнө хаанаас архи олж ирэх вэ? Чадахгүй” гэж хэлсэн. Би гэрээс гараад байшингийн ард гараад зогсож байтал ...Б.Б хүрч ирээд надаас “миний 20’000 төгрөгийг аваад ир” гэж нэхэхээр нь “чиний мөнгө надад байхгүй” гэж хэлтэл “нөгөө янхан чинь энд байна” гэж хэлээд миний үснээс зулгааж доош нь дараад миний нүүрийг маажсан. Мөн баруун гарын ядам хурууг хазсан. ...Тухайн үед Б.Б шөнийн 01 цаг болж байхад намайг архинд яваад ир гээд байхаар нь чадахгүй гэж хэлээд гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);

- Гэрч Б.Б-ын “...Бид нарын уух юм дуусаж байтал гадна хүмүүс орилох шиг болохоор нь гараад харахад Б.Б, Б.Г-тай хоёр хоорондоо үсдэлцээд орилоод зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас);

- Гэрч Д.С-ын “...гадна хүмүүс орилох шиг болохоор нь гэрээс гараад харахад Б.Б, миний эхнэр Б.Г-тай хоёр хоорондоо үсдэлцээд орилоод зогсож байсан. Тэгээд Ш бид хоёр Б.Г-тай, Б.Б нарыг салгасан. ...Тухайн үед миний эхнэрийн нүүр хэсэгт улаан алаг болтол маажсан, мөн баруун гарын ядам хуруунаас цус гоожиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас);

- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч Б.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Б.Г-тайгийн аль гарын хурууг гэдгийг сайн санахгүй байна. Миний үснээс татаад тавихгүй байхаар нь би хальт хазсан. Харин бид хоёр хоорондоо үсдэлцэж байхад тухайн зулгаралт шархнууд үүссэн байх. Б.Г-тай бид хоёр газарт унасан ба би түүний дээр унахад гуянд нь цус хуралт гэмтэл гарсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2022 оны 6 дугаар сарын 22-ны шөнө шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Г-тай нар архидан согтуурч, хохирогчийг архинд яваагүй гэх шалтгаанаар буюу үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч хохирогч нар харилцан зодолдсон. Харилцан зодолдох явцдаа шүүгдэгч хохирогчийн нүүрийг самардах, баруун гарын ядам хурууг нь хазах зэргээр түүний биед халдсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдлийн улмаас хохирогчийн биед 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрт шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, доод эрүү, баруун хацарт зулгаралт, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлүүд учирчээ. Хохирогчийн биед учирсан уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд болох нь шинжээчийн 272 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчтой харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Г-тайгийн “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), мөн түүний “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримт (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Б-ын “...би Б.Г-тайд эмчилгээний зардал гэж 130’000 төгрөгийг нөхрийнх нь данс руу шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь нотлогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь гурван хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА