Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 163 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *******гийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 09-ний өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 аав, ээж, ах дүү нарын хамт ****** аймгийн ***** сумын **** дугаар баг **** тоотод оршин суух хаягтай боловч ****** дүүргийн **** дугаар хороо, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

**** овогт ******гийн ****** /Л*****/,

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Бат-Эрдэнэ нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Мотобуудлагын гуравдугаар ротын 2 дугаар салааны буудагч, дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш цэргийн ангид алба хааж байсан газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн байгаа. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би хамгаалалтаас бууж ирсэн. Орой нь автобуснаас буухад хошууч Мөнгөн 14 хоног бүгд амраад 04 дүгээр сарын 02-ны өдөр ирээрэй  гэж хэлсэн. Аймагтаа очиж амраад явж байхад бие хаа өвдөөд эмнэлгээр явсан. Гэтэл онош тодроогүй. Тэгээд нэг удган дээр очиход удмын сахиустайгаа мэдээд, сахиусаа авахаар болсон. Унаж татдаг болсон. Хээр хөдөөгөөр бөөгийн чанарт гарсан. Өөр нэг зайран дээр очихоор Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас хойшоо очсон. Тэр зайран дээр очоод өдий хүртэл босох гээд явж байна. Удмынхаа угийг авахгүй бол бие хаа өвддөг болсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч К.Ахмедийн мэдүүлэг /хх 7-9/, гэрч Батгэрэлийн мэдүүлэг /хх 11/, яллагдагчаар өгсөн Э.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх /, ЗХ 350-р ангийн алба хаагч нартай байгуулсан гэрээ  /хх 40-41/, Зэвсэгт хүчний жанжин штабын Б/931 дугаартай тушаал /хх 46-48/, албан хаагчийн бүртгэлийн карт, ирцийн  бүртгэл /хх 46-48/, албаны үнэмлэхийн хуулбар /хх 50/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар лавлагаа /хх 34/, хохирогч К.Ахмедийн гаргасан хүсэлт, яллагдагч Э.Бат-Эрдэнийн хүсэлт /хх 61-64/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх 63/, прокурорын санал /хх 64/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Ажлын дараалсан 3 хоногоос хэтрүүлж, цэргийн албан үүргээ орхин явсан нь тогтоогдсон. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна . Хохирол төлбөрийн хувьд хохирогч К.Ахмед нь хохирол төлбөр төлөгдсөн, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэдэг талаараа мэдүүлдэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Э.Бат-Эрдэнэ нь цэргийн албан үүрэгт ажлаа дур мэдэн орхин явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгдөг. Улмаар прокурорын хяналтын шатанд хүсэлтээ ирүүлсэн байдаг. Үүнд үндэслэж, улсын яллагчийн зүгээс түүний өмгөөлөгч болон яллагдагч Бат-Эрдэнэтэй Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар санал гаргахад миний гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол үйлдэж, улмаар холбогдох баримтын хамт шүүх рүү хүргүүлсэн. Энэ саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу журамлан, 2 жилийн хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн хувьд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирүүлээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй. Прокурорт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн гаргасан саналын дагуу 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх саналыг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү. гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.Бат-Эрдэнийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Мотобуудлагын гуравдугаар ротын 2 дугаар салааны буудагч, дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш цэргийн ангид алба хааж байсан газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Бат-Эрдэнийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь Цагаанхад гэх газар хамгаалалтаар явж байгаад Налайх дүүрэг 5 дугаар хороо 350 дугаар зэвсэгт хүчинд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тухайн үед ангийн захирагч Ж.Сүх-Очир 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл амар гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний толгой өвдөөд хотод хувийн эмнэлэгт үзүүлж байгаад удмын “Бөө удган” дээр очсон. Тэгээд тухайн үед намайг сахиустай, сахиусаа авахгүй бол бие чинь муудах болно гэж хэлсэн. Тэгээд би дээдсээ авах гээд Сүхбаатар аймагт байж байх үед ажиллагааны офицер ахлах дэслэгч Батгэрэл над руу залгаж ямар ажиллагааны шалтгааны улмаас ажилдаа ирэхгүй байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би тухайн үед “бөө” болж байгаа талаар бол нуугаад огт хэлээгүй. Харин бие өвдөөд эмнэлгээр явж байгаа гэж хэлэх үед Батгэрэл чи ажилдаа ирээд гарах өргөдлөө өгөөд гар гэж хэлсэн. Тэгэх үед би Чанарт явах болчихсон байсан болохоор очоогүй тэрнээс хойш би “бөө” болох гээд хөдөө хээрээр явж байсан учраас очоогүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29 дүгээр тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор К.Ахмедын өгсөн: “...Би Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн салааны ахлагч, тасгийн захирагч албан тушаалд ажилладаг юм. Манай цэргийн ангийн зүгээс гаргасан гомдлын хувьд тус ангид буудлагын 3 дугаар ротын 2 дугаар салааны Гранатомётчин ажилладаг дэд ахлагч Э.Бат-Эрднэ нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ерөөсөө ажилдаа ирээгүй хэл сураггүй алга болчихсон юм. Манай байгууллагын зүгээс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш удаа дараа түүн рүү өөр лүү нь болон ар гэрийнх нь утсаар залгаж “ямар учраас ажилдаа ирээгүй, хэзээ ирэх” талаар нь ярьж байсан. Миний хувьд Э.Бат-Эрдэнийн утас руу удаа дараа залгахад утсаа авдаггүй байсан. Түүнээс хойш огт холбоо барьж чадахгүй шат дараалсан дарга нар холбоо барих үед огт утсаа авдаггүй холбоо барьж чадахгүй байсан. Э.Бат-Эрдэнэ нь 2020 онд ажиллагаанд яваад 2021 онд хүрч ирж байсан. Тухайн үед хүмүүс ажиллагаанд явж ирээд их ажлаас гардаг байсан учраас би Э.Бат-Эрдэнэд чи гарах гэж байгаа бол хуулийн дагуу гарах хүсэлтээ өгч гараарай битгий хаяж яваарай гэж өөрт нь сануулж хэлж байсан. Тэгээд Э.Бат-Эрдэнэ 2022 оны 02 дугаар сарын сүүлээр хамгаалалтад яваад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тухайн өдрөөс хойш огт ажилдаа ирээгүй, холбоо барих гээд оролдох болгонд утсаа салгачихсан огт холбоо барьж чадаагүй. Иймд манай зэвсэгт хүчний ангиас уг асуудлыг холбогдох хуулийнх нь дагуу шийдүүлэхээр өргөдөл бичсэн юм. Манай зэвсэгт хүчний 350 дугаар ангийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл алба хаах гэрээ байгуулсан байгаа. ...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Батгэрэлийн өгсөн: “...Э.Бат-Эрдэнэ 350 дугаар цэргийн ангийн мот буудлагын 3 дугаар ротын дэд ахлагч байгаа юм. Би тухайн 3 дугаар ротын захирагчийн орлогч байгаа юм. Э.Бат-Эрдэнэ нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж дуусаад анги байгууллага дээр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тухайн үед хүрч ирээд маргааш нь ажилдаа ирэх ёстой байтал тэрнээс хойш огт ажилдаа хүрэлцэж ирээгүй. Тэгэхээр нь би 2022 оны 04 дүгээр сард Э.Бат-Эрдэнэ лүү залгах үед огт утас нь холбогдоогүй. Тэгэхээр нь би 2022 оны 04 дүгээр сард Э.Бат-Эрдэнэ лүү залгах үед  огт утас нь холбогдоогүй. Тэгэхээр нь Э.Бат-Эрдэнийн ээж рүү залгах үед би хөдөө байна Э.Бат-Эрдэнэ хотод байгаа. Би бас холбогдож чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ээжид нь олон хоног ажил таслаад ирэхгүй байна. Та надтай яаралтай холбогдуулаарай гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 07 дугаар сард би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Шөлөндөөд Э.Бат-Эрдэнэтэй таарсан. Тэгээд би Э.Бат-Эрдэнэд чи яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм, гарах гэж байгаа бол өргөдлөө бичиж өгөөд асуудлаа шийд гэж хэлэх үед  Э.Бат-Эрдэнэ би бөө болох гэж байгаа. Тэгээд очиж чадсангүй, удахгүй очиж өргөдлөө өгнө гэж  хэлж байсан. Тэрнээс хойш бол огт холбоо бариагүй...хамгаалалтад явсан алба хаагчдыг харуул хамгаалалтад гаргасан. Тэгэх үед Э.Бат-Эрдэнийн нэр харуул хамгаалалтад ороогүй байсан учраас Э.Бат-Эрдэнэг дуудаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс анги цуглаж хэвийн ажиллагаанд орох үед Э.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

           

4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 30 дугаар тал/

 

5. Ахлагчийн алба хаах гэрээ,

/хх-ийн 40-41 дүгээр тал/

 

6. Зэвсэгт хүчний жанжин штабын ажилд томилох тухай Б/931 дугаар тушаал,

/хх-ийн 43 дугаар тал/

 

7. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн тушаал,

/хх-ийн 44 дүгээр тал/

 

8. Алба хаагчийн бүртгэлийн карт,

/хх-ийн 45-48 дугаар тал/

9. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/50 дугаар тушаал,

/хх-ийн 51 дүгээр тал/

 

10. Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 01 албан даалгавар, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/336 дугаар тушаал, 2018 оны 258 дугаар тогтоол, ЗХЖШ-ын даргын 2017 оны А/535 дугаар тушаал танилцуулсан бүртгэл,

/хх-ийн 52-53 дугаар тал/

 

7. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-38 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/931 дугаартай тушаалаар Э.Бат-Эрдэнийг дэд ахлагч цолтой Зэвсэгт хүчний 350 дугаар ангид буудагчаар томилсон байх тул цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийг ахлагч үйлдсэн гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад дур мэдэн ажлын байраа орхиж явсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр цэргийн албанаас зайлсхийсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Цэргийн алба хаагч, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Ахмедийн нэхэмжилсэн цэргийн дүрэмт хувцасны эдлээгүй хувцасны төлбөр болох 135.470 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Ахмед нь ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Цэргийн алба хаагч, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэм буруутайд тооцож түүнийг прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Эвээн Заан овогт Энхтайвангийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Цэргийн алба хаагч, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

          6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 7. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ