| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/01428/и |
| Дугаар | 155/ШШ2018/01428 |
| Огноо | 2018-09-18 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2018/01428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1992 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн Заамар суманд алтны уурхайд усан буучин ажилтай, Төв аймгийн *************** оршин суух, **************** дугаар регистртэй, Б овогт Г.А-ын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, **************** дугаар регистртэй, Б овогт Б. Б-д холбогдох
Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2018/01326/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа, нэхэмжлэгч Г.А., хариуцагч Б.Б.нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Б-тай 2010 оноос эхлэн үерхэж байгаад хамтран амьдарч, 2012 онд хүү Б.А, 2014 онд охин Б.Н нар төрсөн. Миний хүүхдүүд мөн. Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй учир хүүхдүүд маань ээж Б.Б нэрээр овоглож бүртгүүлсэн. Бид 2018 оны 2 дугаар сар хүртэл хамт амьдарч байгаад таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байна. Хүүхдүүд маань ээжтэйгээ хамт амьдарч байсан ба Б.Б бид хоёр ярилцаад миний асрамжид байвал амьдрах орчин нь илүү боломжтой гэж үзэн, би өсгөхөөр болсон. Би хүүхдүүдээ ээжтэй нь уулзуулж, холбоотой байлгана. Одоо надтай хамт байгаа, том хүү Б.А сургуульд орж, охин Б.Н. цэцэрлэгт явж байгаа. Гэтэл хүүхдүүд маань ээжээрээ овоглосон тул өөрийн нэрээр бүртгүүлэх шаардлагатай болсон. Иймд намайг 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.А, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, миний асрамжид шилжүүлж өгнө үү. Би Б.Б хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.А 2010 онд танилцан үерхэж хамтран амьдрах хугацаанд хүү Б.А, охин Б.Н нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй учир хүүхдүүд маань миний нэрээр овоглосон байсан. Таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа. Би ажилгүй, хүүхдүүд аавтайгаа хамт байсан нь дээр гэж ярилцаад түүний асрамжид өгөхөөр тохирсон. Хүү Б.А, охин Б.Н нар Г.А-ын хүүхэд мөн. Надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.Б-т холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Б.Б нар 2010 онд танилцан, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.А, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Н нар төрсөн, гэрлэлт бүртгүүлээгүйн улмаас эх Б.Б-р овоглосон болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын улсын бүртгэгчийн олгосон Г№121, 6737000067 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай “Далайн-Элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтууд зэрэг баримтаар нотлогдож байх тул хүү Б.А, охин Б.Н нарын төрсөн эцгээр Г.А-г тогтоох үндэслэлтэй байна.
Хэргийн зохигч Г.А, Б.Б нар хүүхдийн асрамжийн талаар харилцан ярилцаж, хүү А, охин Б.Н нарыг эцэг Г.А-н асрамжид шилжүүлэхээр тохиролцсон, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдлаа.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Б.А, охин Б.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Г.А төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.А, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н нарын төрсөн эцэг ******************** дугаар регистртэй, Б овогт Г.А мөн болохыг тогтоосугай.
2. Хэргийн зохигч Г.А, Б.Б нарын тохиролцсноор хүү Б.А, охин Б.Н нарыг эцэг Г.А асрамжид шилжүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА