Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2018/01423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1983 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Т*************** оршин суух, ***************** дугаар регистртэй, Э овогт Ш.Б

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, *************** дугаар регистртэй, Б овогт Л.О-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2018/00872/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа, нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Л.О нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Л.О 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарсан. Бидний дундаас хүү О.С 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, хүү О.С 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус тус төрсөн. Бид хамт амьдарсан үеэс эхлэн Л.О нь намайг дээрэлхэн, архи ууж агсам тавьж, зодож, гэр орноосоо хөөж туух зэрэг зан авир гаргах болсон. Намайг бага хүүгээ гаргаад 5 сартай байхад архи ууж зодсоны улмаас миний хамрын яс хугарч, мөгөөрс нь цаашаа чихэгдсэн тул 2017 оны 12 дугаар сард хагалгаанд орж хамрын яс авахуулсан. Энэ хугацаанд өөр хүнтэй явалдаж надад баригдаж байсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бидэнд эвлэрэх 2 сарын хугацаа өгсөн ч эвлэрээгүй. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хоёр хүүгээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Анх шүүхэд нийт 141 толгой малыг 17.900.000 төгрөгөөр үнэлж, үүнээс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч одоо авахгүй. Л.О өөрийн 6 ханатай, давхар бүрээстэй гэрээ өгнө гэсэн. Уг гэрийг 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан үнээр үнэлж байгааг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Л.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд гэр бүл болж, 2012 онд хүү О.С, 2015 онд хүү О.С нар төрсөн нь үнэн. Бид 2017 оны 8 дугаар сар хүртэл хамт амьдарч байгаад би Сэлэнгэ аймаг руу ажил хийхээр явсан. Тэгээд 11 сард ирсэн ба Ш.Б нь 12 сард  хот орж биеэ эмчлүүлнэ гэж яваад ирээгүй. Үүнээс хойш тусдаа амьдарч байгаа ч байнгын холбоотой байгаа. Хот явахдаа ямар нэг асуудал яриагүй, би түүнийг зодож хамрын яс хугалж гэмтэл учруулсан зүйл огт байхгүй. Бидний дунд маргалдах зүйл гардаг хэдий ч архи ууж, Ш.Б-г  зодох, дээрэлхэх, дарамтлах, гэрээсээ хөөх зэрэг асуудал гаргаж байгаагүй. Намайг Сэлэнгэ аймаг явсны дараа манай ахынхаас Ш.Б өөрийн малаа ялгаж аваад явсан байсан. Шүүхээс эвлэрүүлэх 2 сарын хугацаа өгсөн бөгөөд Ш.Б уулзахаар очиход яах гэж ирсэн юм гэх зэргээр уурлаж, надтай ярьдаггүй. Хүүхдүүдтэй маань уулзуулах дургүй байдаг. Сургууль, цэцэрлэгт ороход нь бичгийн хэрэгсэл, хувцас авч өгсөн. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Тогтмол орлого байхгүй ч гэсэн хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн талаар маргаангүй, би өөрийн 6 ханатай, давхар бүрээстэй гэрээ өгнө. Уг гэрийг 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан үнээр үнэлж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Л.О гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахгүй гэж тайлбарлан шаардлагаа багасгажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Ш.Б, Л.О нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй 2017 оны 8 дугаар сараас хойш буюу удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон  №25 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү О.С, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү О.С нар тус тус төрсөн болох нь №0000981758-№54, 6731000083 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Сэлэнгэ багийн эмчийн тодорхойлолт, “Нархан”, “Бялзуухай” бүлэгт суралцаж байгаа тухай “Шинэ өргөө” хүүхдийн цэцэрлэгийн ерөнхий менежерийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, бага насны хүүхдүүдэд эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү О.С, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.С нарыг эх Ш.Б-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Л.О-с сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.  Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд хүүхүүд нь эцэг Л.О хэдийд ч уулзах эрхтэй болно.

Зохигч эд хөрөнгийн талаар 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 6 ханатай, давхар бүрээстэй гэрийг өгч авахаар тохиролцсон болохыг дурьдлаа. 

Иймд Ш.Б, Л.О нарын гэрлэлтийг цуцалж, хүү О.С, хүү О.С нарыг эх Ш.Б асрамжид үлдээн, хариуцагч Л.О хүү О.С хүү О.С  нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү О.С 6 нас 5 сар, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.С  3 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг хүү О.С , хүү О.С нарт тус бүр эцэг Э.Х сар болгон төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү О.С, хүү О.С нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.191.200 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 367.659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-аас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг, гэрийн үнэ 2.500.000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөг, бүгд 175.159 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Эрхий мэргэн овогт Ш.Б, Боржигин овогт Л. О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү О.С, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.С нарыг эх Ш.Б асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү О.С  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.С-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.О-аас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг эцэг Л.О-т, энэ үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Ш.Б нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Л.Очирхуягаас 6 ханатай, давхар бүрээстэй гэр буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ш.Б-т олгосугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-аас улсын тэмдэгтийн хураамж 175.159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-т олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА