Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П ургийн овогт Д-ын Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2208008840072 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн П ургийн овогт Д-ын Э, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын хоёрдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: оп................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Ховд сумын хоёрдугаар багийн нутаг Отор гэх газарт нэг тооны алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүй агнаж, түүний түүхий эдийн зүйлийг хадгалсан, зарах зорилгоор Улаанбаатар хот руу тээвэрлэсэн, мөн худалдахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2208008840072 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Алтайн хойлог шувуунд үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);

- Хойлог шувууны гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

- Гэрч М.Ц-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас);

- Гэрч М.Ц-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);

- Шинжээчийн 777 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 23-30 дугаар хуудас);

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Д.Э-аас ТОЗ-8 загварын ангын бууг хураан авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас);

- Ховд сумын Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);

- Гэрч Б.З-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас);

- Гэрч Д.Л-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);

- Гэрч Г.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);

- Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 175 дугаартай албан бичгийг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас);

- ТОЗ-8 загварын галт зэвсгийг үнэлсэн шинжийн 128 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас);

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас);

- Шүүгдэгч Д.Э-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 74, 76 дугаар хуудас);

- Шүүгдэгч Д.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол, баталгааг (хавтаст хэргийн 77-78 хуудас);

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Шүүгдэгч Д.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас);

- Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүгдэгч Д.Э нотлох баримт шинжлэн судлаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Х гэрч М.Ц-ээс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бор саарал өнгөтэй, нэг хөл нь шилбэ хэсгээр тасарсан, нөгөө хөл нь шилбэ хэсгээр хугарч тасралгүй арьсаараа торгоогдож унжсан, хойлог шувуутай гадна төрхөөрөө төстэй хөлдөөсөн шувууны мах хураан авсан нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас)-ээр нотлогджээ.

Уг шувууг шүүгдэгч Д.Э 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Ховд сумын хоёрдугаар багийн нутаг Отор гэх газраас ТОЗ-8 загварын ангын буугаар агнасан болох нь түүний яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны үед Ховд сумын хоёрдугаар багийн нутаг Отор гэх газарт малаа хариулаад явж байтал мал дотор нэг хөл нь гэмтсэн, хол нисэж чадахгүй хойлог шувуу таарсан. Би тухайн үед буутай явсан тул тэр шувууг нэг удаа буудаж алсан. ...Би тухайн үед өөрийн эзэмшлийн ТОЗ-8 загварын буугаар буудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), гэрч М.Ц-ийн “...02 дугаар сарын 7, 8-ны үед Увс аймгийн Ховд суманд амьдардаг манай хадам ээжийн талын хамаатан Багаа (жинхэнэ нэрийг нь мэдэхгүй) гэж дууддаг ах над руу видео дуудлага хийх үедээ “ахад нь хойлог шувуу байна. Чи ахдаа зарж өгч тус болооч” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), ТОЗ-8 загварын ангын бууг хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас), криминалистикийн шинжээчийн 777 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шувууны баруун хөлийн тарсны дунд хэсгээр тасарсан, баруун хөлийн тасархайн дээд хэсгээр хугарсан, зүүн хөл мөн тарсны дунд хэсгээр хугарсан, хүзүү хэсэгт 4 см орчим диаметртэй нүх үүссэн, хүзүү хэсэгт үүссэн нүхний дээд хэсэгт 3.7 см диаметртэй улаан хүрэн цус мэт зүйл хурсан байх тул агнагдсан байж болзошгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас) зэргээр нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Э-ын агнасан шувуу “...эр хүйсийн Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) байна. Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) нь ховор амьтны жагсаалтад багтсан, Монгол Улсын улаан номд орсон зүйл” болох нь криминалистикийн шинжээчийн 777 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас)-ээр тогтоогджээ.

Шүүгдэгч нь уг алтайн хойлог шувууг агнахдаа тусгай зөвшөөрөл аваагүй болох нь Увс аймгийн Ховд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З-гийн гэрчээр өгсөн “...Алтайн хойлог шувуу Ховд сумын хоёр болон дөрөвдүгээр багийн нутагт амьдардаг. Алтайн хойлог шувуу агнах зөвшөөрөл олгодоггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас)-ээр нотлогдож байна.

Улмаар шүүгдэгч Д.Э нь уг алтайн хойлог шувууны махыг заруулахаар Улаанбаатар хотод байсан гэрч М.Ц- рүү илгээсэн болох нь гэрч М.Ц-ийн “...02 дугаар сарын 7, 8-ны үед Увс аймгийн Ховд суманд амьдардаг манай хадам ээжийн талын хамаатан Багаа (жинхэнэ нэрийг нь мэдэхгүй) гэж дууддаг ах над руу видео дуудлага хийх үедээ “ахад нь хойлог шувуу байна. Чи ахдаа зараад өгч тус болооч” гэсэн. Би “наадах чинь тийм амар зарагдах юм уу?” гэж асуухад “хагалгаанд орсон, гэмтэж бэртсэн хүмүүс авдаг юмаа” гэж хэлсэн. Гуйсных нь дагуу би “Ховор хүнс, мах хэрэглэгчид” гэх нэртэй фейсбүүк группт “Хэрэгтэй хүнд нь өгье. Хойлог байна шүү” гэх зар оруулахад хоёр хүн залгаж авъя гэсэн. Нэг хүнтэй нь утсаар холбогдоод Драгон төвийн гадна байдаг тээш хадгалах газраас хайрцагтай хойлог шувууг авч автомашин дээрээ уулзахад зарын дагуу хойлог авна гэсэн хүн цагдаа байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Гэрч Д.Л-гийн “2022 оны 02 дугаар сард ямар ч байсан цагаан сарын дараа (би өдрийг нь сайн санахгүй байна) Бийн эхнэр А (жинхэнэ нэрийг нь мэдэхгүй) сургуулийн насны хүүхэдтэй манайд ирээд “таныг хот руу хүүхдүүддээ юм дайх гэж байна гэж сонсоод аваад ирлээ, энийг хот руу дайчих” гээд жижигхэн хайрцагтай зүйлийг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Д.Э-ын яллагдагчаар дахин өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай хамаатны М.Ц- гэх залуу над руу фейсбүүк чатаар видео дуудлага хийж ярьсан. Тухайн үед би хойлог шувуу агнасан талаар хэлж, М.Ц-ийг “зараад өг” гэж хэлсэн. Би Д.Л- гэх хүн Улаанбаатар хот руу хүүхдэдээ ачаа явуулан гэж сонсоод уг шувууг хайрцагт хийгээд тэр хүнд дайж Улаанбаатар хот руу явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас) зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Э-ыг 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Ховд сумын хоёрдугаар багийн нутаг Отор гэх газраас нэг тооны алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр, ТОЗ-8 загварын ангын буугаар агнаж, уг алтайн хойлог шувууны махыг заруулахаар Улаанбаатар хотод байсан гэрч М.Ц- рүү илгээсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдэл нь буюу алтайн хойлог шувууг ТОЗ-8 загварын ангын буугаар агнасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэх шинжийг, мөн тухайн алтайн хойлог шувууны махыг зарах зорилгоор өөртөө байлгаж, Улаанбаатар хот руу Д.Л-гээр дамжуулан илгээсэн нь “түүний гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн” гэх хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжүүдийг хангаж байна.

Мөн шүүгдэгч нь алтайн хойлог шувууны махыг гэрч М.Ц-ээр заруулах зорилгоор Улаанбаатар хот руу илгээсэн боловч цагдаагийн албан хаагч уг үйлдлийг таслан зогсоосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан тул шүүгдэгч Д.Э-ын үйлдлийг ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдахыг завдсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Э-ын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, худалдахыг завдсан” гэх уг гэмт хэргийн хэд хэдэн шинжийг хангажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” эрүүгийн эрх зүйн зарчмыг баримтлан тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэн төгссөн шинжүүдийг болон завдсан шинжийг нэгтгэн зүйлчилж, нэг гэмт хэрэг үйлдсэн тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж хуульчилсан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаартай “Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар нэг бодгаль алтайн хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 130’000 төгрөгөөр тогтоосон тул амьтны аймагт 260’000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаарын дансанд хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 98 дугаар хуудас)-аар нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар ТОЗ-8 загварын бууг хураан авч улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах санал тус тус гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), шүүгдэгч Д.Э-ын яллагдагчаар дахин өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...галт зэвсэг нь ...тухайн буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ТОЗ-8 загварын (гол төмрийн дугаар Н7196, замагны дугаар 7196) галт зэвсгийг ашигласан болох нь тогтоогдсон. Гэрч Г.М “...би 2021 онд Ховд сумын Д.Э гэдэг залууд өөрийн эзэмшлийн ТОЗ-8 загварын бууг нэг сая төгрөгөөр зарсан. Тухайн үед “галт зэвсгийн гэрчилгээг хөөцөлдөөд шилжүүлээд ав” гэж хэлээд гэрчилгээний хамт өгсөн. Гэрчилгээ нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг” гэж (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) мэдүүлжээ. Тодруулбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан” байх тул уг ТОЗ-8 загварын бууг шүүгдэгч Д.Э-ын өмчлөлд байсан гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн тул шүүгдэгч Д.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 загварын (гол төмрийн дугаар Н7196, замагны дугаар 7196) галт зэвсгийг замаг, гэрчилгээний хамт хураан авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох алтайн хойлог шувууны махыг худалдан борлуулах хориотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П ургийн овогт Д-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн, түүний түүхий эдийг худалдахыг завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Э-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Э-т хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар:

- Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 загварын (гол төмрийн дугаар Н7196, замагны дугаар 7196) галт зэвсгийг замаг, гэрчилгээний хамт хураан авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхийг,

- Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох Увс аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа алтайн хойлог шувууны махыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА