Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 105/2016/0238/э |
Дугаар | 0237 |
Огноо | 2016-11-14 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 0237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг
улсын яллагч: Н.Булганчимэг
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энхбат
шүүгдэгч: Ч.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Цэхэр овогт Чулуунбаатарын Алтангэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201524000706 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Цэхэр овогт Чулуунбаатарын Алтангэрэл,1993 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ЭМСИД ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5,эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 57 дугаар байрны 790-в тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ШУ93040915,
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Алтангэрэл нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плаза төвийн баруун талын замд Эмсид ХХК-ны эзэмшлийн Хьюндай Аеросити-540 маркийн 87-95 УНЦ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч М.Төгөлдөрийг мөргөж амь насыг нь хохироон тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр автобус жолоодож Зайсангаас Гачуурт чиглэлтэй явж байгаад Офицерийн буудал дээр зогсоод хөдөлсөн. Тухайн үед ширүүн бороо орж байсан тул би хурдаа тохируулаад явж байсан. Эсрэг талаас нэг машин хурдтай зөрөхөд түс хийх чимээ гарсан. Намайг толиндоо харахад машин байсан. Би тэр машины толийг хагалчихсан юм болов уу гэж бодоод буугаад очиход жолооч нь чи хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би хүн мөргөсөн гэдгээ мэдсэн. Би автобусныхаа зүүн урд талаараа хүн мөргөсөн байсан гэв.
Шүүгдэгч Ч.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2016 оны 08 дугаар сарын 09-ны орой 21.00 цаг өнгөрч байхад би Эмсид ХХК-ны эзэмшилд байдаг Хьюндай Аэро сити маркийн 87-95 УНЦ улсын дугаартай автобусыг жолоодоод буултын рейсыг хийнэ гээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр Плаза” төвийн баруун замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгийн 3-р эгнээгээр ойролцоогоор 30-40 орчим км/ц-ийн хурдтай явж байхад бороо ширүүн орж байсан. Тухайн үед миний барьж буй автобусны шил арчигч нь ажиллахгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал сайн юм харагдахгүй харин эсрэг урсгалын автомашинууд зөрөх үед ус нь урд салхины шил рүү бас давхар үсрээд байсан. Тэгтэл эсрэг урсгалд нэг машин ширүүн зөрөөд өнгөрөх үед автобусны зүүн урд талд нэг юм түс хийж дугарахаар нь би толиндоо хараад нилээн яваад зогссон. Гэтэл эсрэг урсгалд суудлын нэг автомашин зогсохоор нь би автобуснаасаа бууж очсон чинь зам дээр нэг эрэгтэй хүн доошоогоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би эсрэг урсгалд зогсчихсон байсан машины хажууд байсан эмэгтэй хүний утсаар нь гуйж аваад 102, 103-т дуудлага өгсөн...”гэжээ./хх-ийн 163/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...талийгаач дүү Төгөлдөр маань 1999 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай төрсөн ах Мөнхбатын том хүү нь болж мэндэлсэн. Дүү маань бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад өдийг хүртэл Орхон аймгийн Орхон цогцолбор Сургуулийн 11 дүгээр ангийг төгсөөд 12 дугаар ангид элсэн орох байсан. Талийгаач дүү Төгөлдөр маань 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ганцаараа Орхон аймгаас Улаанбаатар хот руу манай гэрт ирсэн. Тэгээд 08 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчимд манай гэрээс найзтайгаа уулзана гэж гараад эргэж ирээгүй. Тэгсэн орой 23.00 цагийн орчимд манай ах Орхоноос яриад Төгөлдөрийг машинд мөргүүлээд нас барчихсан гээд хүн яриад байна гэж хэлэхээр нь тэр орой шууд гэмтлийн эмнэлэг рүү явж очиход талийгаач дүү Төгөлдөрийг өнгөрчихсөн гэж хэлсэн тэгэхээр нь би дахиад үзээд өгөөч гэж эмчээс нь гуйхад манай эмнэлэг дээр ирэхдээ зүрх нь зогсчихсон ирсэн ш дээ гэж хэлсэн. Талийгаач дүү маань сэргэлэн цовоо, хичээл номондоо сайн, элдэв буруу зангүй, дуу цөөнтэй, инээгээд сууж байдаг сайн хүү байсан. Бидний зүгээс үнэхээр их гомдолтой байна...” гэжээ./хх-н 37-39/
Чимэдийн Мөнхбатын гаргасан хүсэлт/хх-н 40-44/, Мөнхбатын Төгөлдөрийн 2016.08.09-ний өдөр авто ослоор нас барсаныг гэрчилсэн гэрчилгээний хуулбар/ хх-н 45/, оршуулгын зардлын талаарх баримтууд /хх-н 46-60/
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /хх-н 62/
Иргэний нэхэмжлэгч С.Нармандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Манай байгууллагын эзэмшлийн Хьюндай Аеро сити 540 маркийн 87-97 УНЦ улсын дугаартай автомашины зүүн урд талын салхины шил, урд нүүр бага зэрэг хонхойж, зүүн талын дохионы гэрэл хагарсан. Өөр эвдрэл гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 63/
Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр нь хийсэн хэмжилтийн бүдүүвч, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-н 4-11/, цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 12-14/
Ч.Алтангэрэлийн гаргасан тайлбар /хх-н 16/, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн орчмын 2016.08.09-ний өдрийн цаг агаарын байдлын тодорхойлолт/ хх-н 26/
Эд зүйл, баримт түр хураан авсан тухай тэмдэглэл/ хх-н 34-36/
Гэрч Ч.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай талийгаач хүү Төгөлдөр маань 1999 оны 09-р сарын 04-ний өдөр Орхон аймагт миний том хүү болон мэндэлсэн. Бага насаа Орхон аймгийн 9-р цэцэрлэгт 2000-2006 он хүртэл хүмүүжиж байгаад 2006 онд Орхон цогцолбор сургуульд анх элсэн орж энэ жил 12-р ангид орох байсан юм. Талийгаач хүү Төгөлдөр маань 2016 оны 08-р сарын 08-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотруу манай төрсөн дүү Болормаагийнхруу явсан байсан юм. Тэгээд маргааш орой нь зам тээврийн осолд орж өнгөрсөн байсан. Талийгаач хүү маань томоотой, их хариуцлагатай, биеэ даасан, хичээл номондоо сайн сурлага сайтай хүүхэд байсан гэжээ. /хх-н 65/
Гэрч Б.Энхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Би автомашинуудын бүрэн бүтэн байдлыг ерөнхийд нь хариуцаж өдөр бүрийн орой буултын цагаар тээврийн хэрэгслүүдийн илэрсэн гэмтэл байгаа эсэхийг шалгаж оройн буулт хийж байгаа механикуудад амаар зааварчилгаа өгч илэрсэн гэмтлийг засварлаж өглөө нь үйлчилгээнд гарахад бэлэн болгодог. Тэгээд жолооч нарт өгдөг замын хуудас дээр уг автобусыг эвдрэл гэмтэлгүй, үйлчилгээнд гарахыг зөвшөөрч би өөрөө гарын үсэг зурдаг байгаа. Би 2016 оны 08-р сарын 08-ны орой уг автобусыг жолооч Батнасан оройн буултаа хийгээд гражид автобусыг оруулж ирсэн үүний дагуу би өөрийн биеэр автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж гэмтэлгүй байсныг илрүүлж тухайн автомашины жолооч Батнасангаар гарын үсэг зуруулсан байгаа. Тэр үед шил арчигч хэвийн бүрэн ажиллагаатай байсан. Тийм болохоор бусад механикч болон жолооч нараас шил арчигч ажиллахгүй байна гэж хэлсэн зүйл байгаагүй. 2016 оны 07-р сарын дундуур Батнасан 87-95 УНЦ дугаартай Х.Аеро Сити 540 маркийн автобусны шил арчигчийг янзлуулж байсан түүнээс хойш хэвийн ажиллагаатай байсан. Тухайн автобус үйлчилгээнд явж байхад ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд автобусны жолооч эхлээд диспетчер болон механикуудад дуудлага өгнө үүний дагуу манай дуудлагын автомашин механикч, засварчингийнхаа хамтаар очиж автобусыг үзэж хэрэв хөнгөн гэмтэл байвал тэр даруй засварлана харин газар дээр нь засах боломжгүй бол автобусыг чирэгч машинаар автобусыг чирээд баазруугаа авч яваад засвар үйлчилгээг хийнэ. Харин сэлбэг байхгүй, зайлшгүй сэлбэг авах тохиолдолд удирдах албан тушаалтандаа мэдэгддэг юм...”гэжээ. /хх-н 67/
Гэрч Ө.Дэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 08-р сарын 09-ний өглөө 09 цаг 05 минутанд 87-95 УНЦ дугаартай Х.Аеро сити 540 маркийн автобусны үндсэн жолоочоор А.Батнасан гарах ёстой байсан тэгтэл Батнасан нь өглөө 05 цаг 50 минутын ажилчидын автобусанд сууж ирээгүй болохоор нь цагаа дөхүүлээд ирэх байх гэж бодтол Батнасан тухайн өдрөө ажилдаа ирэлгүй гар утсаа салгасан байсан тэгээд тэр өдрийн бэлтгэл жолоочоор хамгийн ойрхон гэртэй жолооч Алтангэрэл, Дарханбат нар байсан тэгээд эхлээд Дарханбатыг утсаар нь дуудаж ажилд гаргасан тэгтэл 08 цаг 40 минутын орчимд надруу Дарханбат утсаар залгаад хүний бие муудлаа өөр жолооч олж өгөөч гэж хүссэн. Тэгэхээр нь би Алтангэрэлрүү утсаараа залгатал гар утасаа аваагүй болохоор нь гэрлүү нь засварчингаа явуулж дуудуулсан. Тухайн үед би механикч Нармандахын хамтаар Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн шинэ эцэс дээр автобуснуудыг ажилд нь гаргаж байсан юм. Тэгсэн Алтангэрэл нь шууд гражруугаа яваад ажилд гаргах хувиараа өөрөө хараад Дарханбаттай утсаар холбогдоод Улиастайн Шар дэлгүүр дээрээс автобусыг 09 цаг 20 минутын орчимд хүлээн авч ажилд гарсан байсан. Тухайн өглөө 87-95 УНЦ дугаартай Х.Аеро сити 540 маркийн автобусыг ажилд гарахад нь Дарханбатад Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулан ажилд гаргасан. Харин автобусны бүрэн бүтэн байдлыг шалгах механикч Нармандах нь өмнөх өдрийн орой нь автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж Батнасанд автобусыг хүлээлгэн өгсөн байсан. Би жолооч нарынхаа ажиллах цагийг бүрэн гүйцэтгүүлж, ажил амралтын хувиарыг гаргах ёстой байдаг. Автобуснуудын бүрэн бүтэн байдлыг шалгах механикч Нармандах, мөн Хөдөлмөр аюулгүй байдлын инженер Энхтөр нар хариуцаж ажилд гаргадаг...”гэжээ. /хх-н 76/
Гэрч А.Батнасан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Эмсид ХХК-д 2016 оны 01-р сараас анх жолоочоор ажилд ороод 87-95 УНЦ дугаартай Х.Аеро сити 540 маркийн автобус дээр эсмэн жолоочоор ажиллах болсон. Ажиллах хугацаанд автобусны хропп нь эвдрээд, араандаа сайн орохгүй болчихдог байсан үүнийгээ тухай бүрт нь засварын механикч нартаа хэлж засвар хийж ажил үйлчилгээндээ гардаг байсан. Мөн 2016 оны 06-р сарын орчимд уг автобусны тоормос нь жаахан барихгүй болчихоор нь накладыг нь сольж тоормосыг засуулсан түүнээс хойш тоормосны хувьд асуудалгүй болсон. Уг автобусны шил арчигч бүрэн хэвийн ажиллаж байсан. Уг автобусны хропноос бусад нь бол зүгээр хэвийн ажиллагаатай байсан. Би 2016 оны 08-р сарын 08-ны өдөр 87-95 УНЦ дугаартай Х.Аеро сити 540 маркийн автобусыг жолоодон ажил үйлчилгээнд гарсан тэгээд орой нь шугамнаас буугаад автобусыг гражид оруулахад тухайн орой нь шалгах механикч маань автобусны бүрэн бүтэн байдлыг шалгахдаа гэрэл дохио, жолооны механизм, шил арчигч зэргийг шалгаад надад автобусыг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан тэгээд би маргааш өглөө нь буюу 2016 оны 08-р сарын 09-ны өглөө ажилдаа гарах байсан боловч өмнөх шөнө нь хувийн ажилтай байгаад нойр муутай хоносон болохоор ажилдаа гараагүй тасалчихсан юм. Тэгээд түүнээс хойш ажилдаа явагүй бараг ажлаасаа гарч байгаа юм гэжээ..../хх-н78/
Гэрч Д.Баяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..Автобусны бүрэн бүтэн байдлыг манай байгууллагын Хөдөлмөр хамгааллын аюулгүй инженер Энхтөр болон шалгах механикч нар хариуцан ажилладаг байгаа. Надад уг автобустай холбоотой шил арчигч эвдэрсэн гэмтсэн талаар жолооч болон механикч нараас мэдэгдэж байгаагүй. Манайх үйлчилгээнд явж байгаа автобуснуудын бүрэн бүтэн байдлыг өдөр болгон шалгаж үзээд хэрэв автобусанд асуудалгүй бол ажилд гаргахыг зөвшөөрч жолоочид хүлээлгэн өгдөг. Хэрэв шугаманд явж байхад ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд баазруу тухайн автобусны жолооч мэдэгдэх ёстой үүнийг Хөдөлмөрийн гэрээнд заасан байгаа тийм болохоор үйлчилгээнд явж байхад автобус эвдэрвэл нэн даруй баазруу дуудлага өгч үйлчилгээгээ зогсоох ёстой байгаа. Харин 2016 оны 08-р сарын 09-ны өдөр цаг агаар бороотой байсан харин Алтангэрэл бидэнд автобусны шил арчигч эвдэрсэн ажиллахгүй байна гэсэн талаар дуудлага өгөөгүй, мэдэгдээгүй байгаа. Тухайн автомашины жолооч хэрэв автобусанд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд эхлээд дуудлага өгнө үүний дагуу манай дуудлагын автомашин механикч, засварчингийнхаа хамтаар очиж автобусыг үзэж хэрэв хөнгөн гэмтэл байвал тэр даруй засварлана харин газар дээр нь засах боломжгүй бол автобусыг чирэгч машинаар чирээд баазруугаа авч яваад засвар үйлчилгээг хийнэ. Бид нарт том хэмжээний эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд утсаар болон биеэр мэдэгддэг байгаа гэжээ.../хх-н 80/
Гэрч Н.Отгонжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..Ч.Алтангэрэл 1993 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Хүн эмнэлэгт миний ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад 2000 онд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж 2011 онд 11 дүгээр ангиа дүүргэж, улмаар бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2011 онд Их засаг ОУ-ын их сургуулийн эрх зүйчийн ангид 2013 он хүртэл суралцаж байгаад төлбөрөө төлж чадахаа болиод чөлөө авч 2013 оны 1 дүгээр сараас эхлэн Эмсид ХХК-д кондуктороор ажиллаж байгаад 2013 оны 07 дугаар сараас эхлэн одоог хүртэл тус компанидаа жолоочоор ажиллаж байна. Миний хүү төлөв даруу, хүний үгэнд сайн ордог, муу зуршилгүй, нийтэч хүн юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Харин тамхи хааяа нэг татаж байгаа харагддаг. Эхнэр, охин нарын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны задгайд амьдардаг гэжээ... /хх-н 82-83/
Гэрч Г.Балданшарав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2016 оны 08 дугаар сарын 09-ны орой 21.00 цаг өнгөрч байхад би хөх өнгийн Тоёота Раун маркийн 66-19 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон Нарантуулын замын урд замаар ертөнцийн зүгээр баруунаасаа чиглэлтэй явж байгаад Чулуун овооны хажууд байх Номин худалдааны төвийн урд талын автобусны буудал дөнгөж өнгөртөл эмэгтэй хүүхэд ганцаараа гар өргөхөөр нь зогссон чинь ахаа би Офицер орно гэж хэлээд жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Тэгэхээр нь би тэр охиныг хүргэж өгөх зорилгоор Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр Плаза” төвийн баруун талд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 20 орчим км/ц-ийн хурдтай явж байхад бороо дөнгөж л шиврэх гэж байсан ба явган хүний гарц дөнгөж ойртоод ирэхээр нь би хоёр тал руугаа харсан чинь зүүн талаас явж байсан цагаан цайвардуу өнгийн хувцастай эрэгтэй хүүхдийг явган хүний гарцны жаахан цаахан талаар зүүнээсээ баруун хэсгийн 3 дугаар эгнээгээр явсан улаан өнгийн автобус мөргөсөн чинь тухайн хүүхэд нь миний явж байсан эгнээнд шидэгдэж зам дээр унасан. Харин автобус нь 300 метр орчим яваад зогссон. Тэр үед машинаа зогсоонгуутаа жолоочийг бууж ирэх нь үү гэж хараад байсан чинь гарч ирэхгүй байхаар нь би өөрөө ганцаараа машинаасаа буугаад автобус руу очиж хүн мөргөчихлөө гэж хэлсэн чинь өө тийм үү түс гэж дуугархаар нь би таны толийг шүргэчихсэн юм байна гэж бодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүе чи юу яриад байгаа юм бэ? Яаралтай түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлсэн чинь автобусан дотор зорчиж явсан болон ойр орчимд байсан хүмүүс тэр хавиар шавсан чинь тухайн автобусны жолооч ямар ч л байсан утсаараа ярьж байсан ба чухам хаашаагаа ярьсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд би тэр хавьд байсан хүмүүсийг хэргийн газарт ойртуулаагүй. Ойролцогоор 20-30 минутын дараа түргэн тусламж ирж автобусанд мөргүүлсэн хүүхдийг түргэн тусламжийн эмч нь үзээд машиндаа суулгаад авч явсан. Дараа нь Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт болон хэргийн газрын үзлэг хийж дуусахаар нь би өөрийнхөө утас болон регистрийн дугаар бичиж тэмдэглүүлээд явсан гэжээ.../ХХ-ийн 85-87 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Д.Уянга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ“...2016 оны 08 дугаар сарын 09-ны орой 21.00 цагийн орчимд Дүнжингараваас би Тоёото Раум маркийн автомашинд буюу таксинд суугаад Офицеруудын ордон орох гээд Баянзүрх дүүргийн нутаг “Тэнгэр плаза” төвийн баруун замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй замаар явж байсан тухайн үед би жолоочийн хажуугийн урд суудал дээр гар утсаараа оролдоод урагшаагаа хартал явган хүний гарц дөхөж ирсэн. Тэгээд миний сууж явсан машин хурдаа хасаад зөөлөн явж байхад эсрэг урсгалаас 3 дугаар эгнээнд улаан өнгийн том автобус нилээн хурдтай ирж яваа харагдсан. Тэгээд би гар утсаа оролдоод доошоогоо тонгойтол миний сууж явсан машин баруун талруугаа дараад зогсох шиг болохоор нь юу болов гээд хартал миний сууж явсан машины урд 2-3 метрийн зайтай нэг цайвар юм хэвтэж байсан. Тэгээд би машинаасаа буугаад хартал миний үеийн хүүхэд бололтой амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь эвгүй санагдаад машиндаа ороод суусан. Тэгсэн автобусны жолооч бололтой нэг залуу ирээд нилээн сандарчихсан намайг гар утсаараа түргэн тусламж дуудаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би утсаараа 102 болон 103 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тэгээд дараа нь түргэн тусламж ирээд нөгөө машинд мөргүүлсэн хүнийг аваад явсаны дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд явсан гэжээ... /хх-н 89-90/
Гэрч Ц.Мөнхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2016 оны 08-р сарын 09-ны орой би Баянзүрх дүүргийн 8-р хороо 107-р байрны 8 давхар 73 тоотын түрээсийн байрандаа оройн 21 цаг 10 минутын орчимд байж байхад гадаа түс хйих чимээ гарсан тэгэхээр нь би машин мөргөлдчихсөн үү гэж бодоод гэрийнхээ цонхоороо хартал явган хүний гарцны ойролцоо нэг эрэгтэй хүн зам дээр уначихсан харин замын урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн 3-р эгнээнд суудлын автомашин явган хүний гарц дээр зогсчихсон харин эсрэг урсгалд нь том оворын автобус 3-р эгнээнд аваараа татаад зогсчихсон 2 машины жолооч нар маргалдаад байгаа бололтой харагдахаар нь гэрийнхээ 8-н давхарын цонхоороо юундаа маргалдаад байгаа юм түргэн тусламж дуудаач гээд орилсон даанч намайг сонсохгүй болохоор нь өөрийнхөө 88800708 дугаарын утсаараа 103 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй 10-13 орчим минутын дараа түргэн тусламж ирээд гэмтсэн хүнийг аваад явсан. Тэр хооронд 102 дугаарлуу залгаж дуудлага өгсөн. Түргэн тусламж явсны дараа замын цагдаа ирж байсан. Удалгүй хэмжилт хийгээд дуусгаад явсан. Тухайн өдрийн орой гадаа бороотой, үзэгдэх орчин харанхуй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй байсан. Би осол хэрэг болохоос өмнөхийг бол хараагүй тийм болохоор явган зорчигч хаанаас, хаашаагаа чиглэлтэй, ямар байдалтай зам гарсныг бол мэдэхгүй. Би замын зүүн талын бор шаргал өнгийн 12 давхар байрны 8 давхараас уг хэргийг сонссон. Гэрийн цонх нээлттэй байсан болохоор гадаа хүчтэй юм дуугарахад мэдсэн. Осол хэрэг болсон газрын зэргэлдээ хажуугийн байрнаас харсан байгаа юм гэжээ. /хх-н 99-100/
Шинжээч Ш.Ариун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад явган хүний гарцнаас явган зорчигч 5 метрийн зайнд зам хөндлөн гарч явсан тиймээс явган зорчигч М.Төгөлдөрийг Монгол Улсын ЗХД-ийн заалтыг зөрчсөн гэж үзээгүй. Харин Х.Аеро сити 540 маркийн автобусны жолооч Алтангэрэл болон гэрч нарын тайлбарт явган зорчигчийг хараагүй, өөдөөс ирсэн машины гэрлийн гялбаа орсон, машин мөргөчихсөн гэж бодсон гэж мэдүүлсэн байсан. Тиймээс Х.Аеро сити 540 маркийн автобусны жолооч Алтангэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, зам болон цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүй. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Харин жолооч Алтангэрэлийн тайлбарт ойролцоогоор 100 орчим метрийн зайд өөдөөс ирсэн машины гэрэлд нүд гялбасан атлаа унаж явсан автобусны хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ аваагүй. Үүний улмаас явган зорчигчийг хаанаас хаашаагаа чиглэлтэй ямар байдалтай зам хөндлөн гарч явсаныг хараагүй мөн явган зорчигчийг мөргөсөн үгүйгээ мэдэхгүй байгаа нь дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн гэжээ. /хх-н 207/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 104
2016.8.19-ний 1484 дугаартай шинжээчийн дүгнэлт:“...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны далд шугаман хугарал, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, дагзны хуйх, нүүр их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...”гэжээ. /ХХ-ийн 105-110 дугаар хуудас/
2016.8.11-ний өдрийн 7016 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1,М.Төгөлдөр гэж хаягласан цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /хх-н 109/
2016.8.11-ний өдрийн 7015 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Мөнхбат овогтой Төгөлдөрийн цогцосноос авсан гэх цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна гэжээ. /хх-н 110/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 113/
2016.8.12-ны 6999 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Ч.Алтангэрэлийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /хх-н 114/
2016.8.12-ны 7000 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Ч.Алтангэрэлийн гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /хх-н 115/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/ хх-н 116-118/
Автомашинд оношлогооо шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 120/
Авто тээврийн үндэсний төв Сонгинохайрхан салбарын шинжээчийн дүгнэлт
1.БНСУ-д үйлдвэрлэсэн Хюндай маркийн Аего сити-540 загварын Улаан өнгөтэй 87-95 УНЦ улсын KMJTC18BPC008888 арлын дугаартай автомашин нь техник бүрэн байдлыг хангахгүй байна. Уг автомашины тоормозны механизм нь бүрэн ажиллаж байна.
2.БНСУ-д үйлдвэрлэсэн Хюндай маркийн Аеrо сitу-540 загварын Улаан өнгөтэй 87-95 УНЦ улсын KMJTC18BPC008888 арлын дугаартай автомашин нь хийн АВS тоормозны системтэй. Тормозны механизм нь бүрэн ажиллаж байна.
3.Уг автомашин нь хийн, АВS тоормозны системтэй. Тормоз гишгэх үед тормозны мөр зам дээр үүснэ.
4.Хюндай маркийн Аеrо сitу-540 загварын, 87-95 УНЦ улсын, KMJTC18BPC008888 арлын дугаартай автомашины эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна. Баруун урд салхины шил хагарсан, зүүн тоормозны гэрэл хагарсан асахгүй, ухрах арааны гэрэл, нойморын гэрэл асахгүй, Зүүн урд нүүр хонхойж замаск хагарсан, зүүн урд дохионы гэрэл, оврын гэрэл хагарсан, зүүн урд салхины шил хагарч цуурсан энэ эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой.
5.Хюндай маркийн Аеrо сitу-540 загварын , 87-95 УНЦ улсын дугаартай автомашины шил арчигч ажиллаж байна.
6.Уг автомашины дугуйн хээн гүнг Автотээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон МNS5011:2003 Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөгө болгон шалгаж үзэхэд уг автомашины дугуйн хээний гүн 5мм-1мм байгаа нь стандарт шаардлага хангаж байна.
7.Хюндай маркийн Аеrо сitу-540 загварын , 87-95 УНЦ улсын дугаартай автомашины баруун урд салхины шил хагарсан, зүүн тоормозны гэрэл хагарсан асахгүй, ухрах арааны гэрэл, ноймрын гэрэл асахгүй байгаа гэх гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн байх боломжтой. Зүүн урд нүүр хонхойж замаск хагарсан, зүүн урд дохионы гэрэл, оврын гэрэл хагарсан, зүүн урд салхины шил хагарч цуурсан гэх гэмтлүүд нь ослын дараа үүссэн байх боломжтой.
8.8 ба 9 дүгээр асуултанд хариулахад Хюндай маркийнАеrо сitу-540 загварын , 87-95 УНЦ улсын дугаартай автомашины баруун урд салхины шил хагарсан, зүүн тоормозны гэрэл хагарсан асахгүй, ухрах арааны гэрэл, нойморын гэрэл асахгүй байгаа гэх гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн байх хэдий ч осолд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 121-128/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 136/
2016.10.01-ний өдрийн Техникийн шинжээчийн 539 дугаартай дүгнэлт “...87-95 УНЦ улсын дугаартай Hyundai Aerocity 540 маркийн автобусны жолооч Ч.Алтангэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Төгөлдөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /ХХ-ийн 137 дугаар хуудас/
Ч.Алтангэрэлийг Н.Отгонжаргал, Н.Баатар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 154-160/
Ч.Алтангэрэлийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 162-171/,
Ч.Алтангэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 177,178,180/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 187/, захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримтууд /хх-н 188-190/ ам бүл 5-уулаа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 57 дугаар байрны 790-в тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт ,/хх-н 182 /
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-н 206/ зэрэг болно.
Ч.Алтангэрэл нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний орой 21.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плаза төвийн баруун талын замд Эмсид ХХК-ны эзэмшлийн Хьюндай Аеро сити-540 маркийн 87-95 УНЦ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарах гээд явж байсан М.Төгөлдөрийг мөргөж амь насыг нь хохироосон тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд :
2016.10.01-ний өдрийн Техникийн шинжээчийн 539 дугаартай дүгнэлт “...87-95 УНЦ улсын дугаартай Hyundai Aerocity 540 маркийн автобусны жолооч Ч.Алтангэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Төгөлдөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /хх-н 137 дугаар хуудас/
2016.8.19-ний өдрийн 1484 дугаартай шинжээчийн дүгнэлт:“...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны далд шугаман хугарал, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, дагзны хуйх, нүүр их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...”гэсэн / хх-н 105-110 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн … орой 23 цагийн орчимд манай ах Орхоноос яриад Төгөлдөрийг машинд мөргүүлээд нас барчихсан гээд хүн яриад байна гэж хэлэхээр нь тэр орой шууд гэмтлийн эмнэлэг рүү явж очиход талийгаач дүү Төгөлдөрийг өнгөрчихсөн гэж хэлсэн тэгэхээр нь би дахиад үзээд өгөөч гэж эмчээс нь гуйхад манай эмнэлэг дээр ирэхдээ зүрх нь зогчсчихсон ирсэн ш дээ гэж хэлсэн. Талийгаач дүү маань сэргэлэн цовоо, хичээл номондоо сайн, элдэв буруу зангүй, дуу цөөнтэй, инээгээд сууж байдаг сайн хүү байсан гэсэн мэдүүлэг
Гэрч Г.Балданшаравын мөрдөн байцаалтад өгсөн … зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 20 орчим км/ц-ийн хурдтай явж байхад бороо дөнгөж л шиврэх гэж байсан ба явган хүний гарц дөнгөж ойртоод ирэхээр нь би хоёр тал руугаа харсан чинь зүүн талаас цагаан цайвардуу өнгийн хувцастай эрэгтэй хүүхэд нь явган хүний гарцны жаахан цаахан талаар зүүнээсээ баруун хэсгийн 3 дугаар эгнээгээр явсан улаан өнгийн автобус нь тэр хүүхдийг мөргөсөн чинь тухайн хүүхэд нь миний явж байсан эгнээнд шидэгдэж зам дээр унасан. Харин автобус нь 300 метр орчим яваад зогссон. Тэр үед машинаа зогсоонгуутаа жолоочийг бууж ирэх нь үү гэж хараад байсан чинь гарч ирэхгүй байхаар нь би өөрөө ганцаараа машинаасаа буугаад автобус руу очиж хүн мөргөчихлөө гэж хэлсэн чинь өө тийм үү түс гэж дугархаар нь би таны толийг шүргэчихсэн юм байна гэж бодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүе чи юу яриад байгаа юм бэ? гэсэн мэдүүлэг /хх-н 85-87 /
Насанд хүрээгүй гэрч Д.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн … би гар утсаа оролдоод доошоогоо тонгойтол миний сууж явсан машин баруун талруугаа дараад зогсох шиг болохоор нь юу болов гээд хартал миний сууж явсан машины урд 2-3 метрийн зайтай нэг цайвар юм хэвтэж байсан. Тэгээд би машинаасаа буугаад хартал миний үеийн хүүхэд бололтой амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь эвгүй санагдаад машиндаа ороод суусан. Тэгсэн автобусны жолооч бололтой нэг залуу ирээд нилээн сандарчихсан намайг гар утсаараа түргэн тусламж дуудаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би утсаараа 102 болон 103 дугаарлуу залгаж дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг хх-н 89-90/
Шүүгдэгч Ч.Алтангэрэлийн өгсөн … “Тэнгэр Плаза” төвийн баруун замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгийн 3-р эгнээгээр ойролцоогоор 30-40 орчим км/ц-ийн хурдтай явж байхад бороо ширүүн орж байсан. Тухайн үед миний барьж буй автобусны шил арчигч нь ажиллахгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал сайн юм харагдахгүй харин эсрэг урсгалын автомашинууд зөрөх үед ус нь урд салхины шил рүү бас давхар үсрээд байсан. Тэгтэл эсрэг урсгалд нэг машин ширүүн зөрөөд өнгөрөх үед автобусны зүүн урд талд нэг юм түс хийж дугарахаар нь би толиндоо хараад нилээн яваад зогссон. Гэтэл эсрэг урсгалд суудлын нэг автомашин зогсохоор нь би автобуснаасаа бууж очсон чинь зам дээр нэг эрэгтэй хүн доошоогоо хараад хэвтэж байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүх тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Ч.Алтангэрэлд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 12.727.042 төгрөг өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар Ч.Алтангэрэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолох нь зүйтэй.
Ч.Алтангэрэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 707038 дугаартай жолоочийн үнэмлэх, 0027936 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг тус тус Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаар дамжуулан Замын цагдаагийн албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.,61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Цэхэр овогт Чулуунбаатарын Алтангэрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дэх хэсэгт зааснаар Ч.Алтангэрэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ч.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Алтангэрэл нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар Ч.Алтангэрэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.
7.Ч.Алтангэрэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 707038 дугаартай жолоочийн үнэмлэх, 0027936 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг тус тус Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаар дамжуулан Замын цагдаагийн албанд хүргүүлсүгэй.
8.Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Ч.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст даалгасугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
11.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
12. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Алтангэрэлд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН