Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 02562

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02799 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.О-тгонбатын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох

411 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “С” ХХК-д харуул хамгаалалтын ажилд орж уг байгууллагад 11 сар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Уг байгууллага миний 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх 17 гарааны цалин 561 000 төгрөгөөс 5 дугаар сард 150 000 төгрөг хүлээлгэж өгсөн. Иймд үлдэгдэл цалин 411 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан. Манай компани нэхэмжлэгчийн үлдэгдэл цалин 150 000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөргүй. Нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байх тул зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч Ц.О ажлаас халагдах өргөдлөө 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гарагсан бөгөөд уг өргөдөлдөө цалингийн талаар дурдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 411 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12 980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгчийн хүсэлтээр рапортын дэвтрийг гаргуулсан нь үнэн боловч түүнийг хариуцагч иш татах эрхтэй байна. Гэтэл шүүх өөр дэвтэр байхгүй гэж хэлснээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлйин 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн рапортын дэвтрийг үнэлээгүй. Дээрх дэвтэрт бичигдсэнээр нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 05, 08,11, 20, 24, 30-ны өдрүүд, 2017 оны 4 дүгээр сарын 01, 04-ний өдрүүдэд гарч байжээ. Гэтэл шүүх нотлох баримт үнэлэхгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь гарааны 33 000 төгрөгөөр цалинждаг талаар маргаагүй бөгөөд дээрх гарааны 8 өдрөөр тооцож үзвэл нийт 264 000 төгрөгөөс төлсөн 150 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 114 000 төгрөгийг төлөх боломжтой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 411 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Хариуцагч “С” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд харуул хамгаалалтын албандаа нэхэмжлэгч Ц.О-ыг хамгаалагчаар ажиллуулж, ажлын хөлсөнд 150 000 төгрөг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Харин дээрх хугацааны ажлын хөлс болох 561 000 төгрөгөөс 411 000 төгрөгийг дутуу олгосон гэх үйл баримтыг хариуцагч үгүйсгэж ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж маргасан байна.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан хоногийг дутуу тооцсон гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал болон маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА