Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Нэргүй нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Нэргүйд холбогдох эрүүгийн 2215001910182 дугаартай, 163/2022/0190/Э индекстэй хэргийг хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Бэгзийн Нэргүй, Хөвсгөл аймаг, Цагаан-Уул суманд 1965 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 21 дүгээр баг, Баян замын 7 дугаар гудамжны 43 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 57 настай, эрэгтэй, РД: РЭ65051913.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Нэргүй нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сумаас Орхон аймгийн чиглэлд 15-53 ОРБ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтыг зөрчиж, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны орчимд замын хажуу руу унаж онхолдсоны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Л.Энх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001910182 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Жолооч Б.Нэргүй нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сумаас Орхон аймгийн чиглэлд 15-53 ОРБ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны орчимд замын хажуу руу унаж онхолдсоны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Л.Энх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нэргүйн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Уг осол болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Төлүүгийн давааны баруун талд асфальтан зам дээр болсон байв. Уг газар нь эргэж буй асфальтан зам байв. Асфальтан замын тойрог хэсэг дээр замын зорчих хэсгийн баруун талаас 2 тооны дугуйны мөр үүссэн байна. Улмаар асфальтан замын зүүн талын зорчих хэсгээр гарч замын хөвөөн дээр байх эрээн шонг буюу дөрвөлжин бетон шон зэргийг мөргөөд цааш замаас гарсан мөр байв. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,

3. Зам тээврийн осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Лхагвасүрэнгийн өгсөн: Манай хадам аав болох Нэргүй нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 04 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сум руу явсан. Тухайн үед шөнө байсан болохоор нойрмоглоод уг зам тээврийн осол гарсан байх гэж бодож байна. Миний хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Батнасангийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 20 минутын орчим Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Төлүүгийн давааны баруун талын Зүүн булаг гэх газарт байх аавындаа очих гээд явж байтал засмал замын хажууд осол гарсан байсан. Тэгээд би очоод уулзтал цагаан өнгийн Prius 20 загварын тээврийн хэрэгсэл онхолдоод замын урд талд урагшаа хараад зогссон байсан. Уг машинд 1 настай хүн, 2 эрэгтэй хүүхэд, 1 эмэгтэй хүүхэд байсан. Жолооч нь бололтой настай хүн ах нь аваар хийчихлээ гээд уйлаад байсан. Юунаас болж аваар гарсан талаар надад хэлээгүй. Тэгээд би эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Чинзоригийн өгсөн: Би хадам аав Б.Нэргүй болон 3 хүүхдийн хамтаар Хөвсгөл аймгаас Орхон аймаг руу явж байгаад замдаа осолд орсон талаар осол болсны дараахан утсаар мэдээд Булган аймагт үдээс хойш ирсэн. Осол болох үед манай хадам аав Б.Нэргүй болон охин Наранчимэгийнх нь хүүхдүүд болох Л.Төгөлдөр 16 настай, Л.Анужин 10 настай, Л.Энх-Эрдэнэ 8 настай хүүхдүүд явж байсан. Уг ослоос болж Л.Төгөлдөр, Л.Анужин нарын бие нь бага зэрэг шалбарсан байсан. Харин Л.Энх-Эрдэнэ нь ослоос хойш ухаангүй байдалтай одоог хүртэл байгаа. Толгойдоо их хүнд гэмтэл авсан гэж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9584 дугаартай: Л.Энх-Эрдэнийн биед духны хөндий, баруун ухархайн дээд, дотор, гадна хана, баруун хоншоорын хөндийн урд, ар, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, шанаанд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн алимын салстад цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай: Б.Нэргүйн биеэс авсан цусанд этилийн спирт илрээгүй болно. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

9. Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай: жолооч Бэгзийн Нэргүй /РЭ65051913/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно:

a). Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол нь жолооч Бэгз овогтой Нэргүй /РЭ65051913/ нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ жолоо барьсны улмаас осол гарсан байна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63 дахь тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Нэргүйн гэм буруугаа хүлээж өгсөн: Би хэрэг болох үед өөрийн охин Наранчимэгийн хүүхэд болох том хүү Төгөлдөр, том охин Анужин, бага хүү Энх-Эрдэнэ нарыг аваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас үүрийн 04 цагт Орхон аймаг руу хөдөлсөн. Тэгээд замд явж байгаад улмаар Төлүүгийн давааны ертөнцийн зүгээр баруун талд асфальтан зам дээр явж байх үед миний нойр хүрч зүүрмэглэсэн. Улмаар нойрноосоо сэрэхэд замын эсрэг урсгал руу орчихсон байхаар нь жолооныхоо хүрдийг баруун дартал тогтолгүй замаас гулгаж гараад замын хажуу тал руугаа машин маань хөмөрч онхолдсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Лхагвасүрэнгийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Батнасан, Ш.Чинзориг нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Б.Нэргүй нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн магадалгаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9584 дугаартай Л.Энх-Эрдэнийн биед духны хөндий, баруун ухархайн дээд, дотор, гадна хана, баруун хоншоорын хөндийн урд, ар, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, шанаанд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн алимын салстад цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Б.Нэргүй нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Орхон аймгийн чиглэлд 15-53 ОРБ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны орчимд замын хажуу руу унаж онхолдсоны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Л.Энх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч Б.Нэргүйн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Л.Энх-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу унах үед хатуу мохоо зүйлд цохигдох байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Нэргүйн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Нэргүй жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Нэргүй нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Нэргүйг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Нэргүйн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.Энх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9584 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Лхагвасүрэн нь иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Нэргүйг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Нэргүйг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Нэргүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 84-89 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа, мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Нэргүй нь ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 дүгээр баг, Баян замын 7 дугаар гудамжны 43 тоотод амьдардаг, өндөр насны тэтгэвэрт гарсан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Нэргүй нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 4/90 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Нэргүйн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Хэрэгт мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 15-53 ОРБ улсын дугаартай, цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Боржигон овогт Бэгзийн Нэргүй /РЭ65051913/-д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Нэргүй нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нэргүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бэгзийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэргүйг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Нэргүй нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нэргүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Нэргүйгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 15-53 ОРБ улсын дугаартай, цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Боржигон овогт Бэгзийн Нэргүй /РЭ65051913/-д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОТГОНБААТАР