| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/01443/и |
| Дугаар | 155/ШШ2018/01443 |
| Огноо | 2018-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2018/01443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********************** байрлах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, 2863133 дугаар регистртэй, “И.ч” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох
Үндсэн зээлийн үлдэгдэл 83.580.000 төгрөг, алданги 41.790.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 125.810.000 /нэг зуун хорин таван сая найман зуун арван мянга/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлага хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2018/01306/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Монгол мал” хөтөлбөрийн 3.5.1 дэхь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/118 дугаар тушаалыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь “И.ч” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ТЭ2011/06 дугаар зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэхь хэсэгт заасны дагуу “И.ч” ХХК-д нийт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар 72 сарын хугацаатайгаар хөнгөлөлттэй зээлээр олгосон. Гэвч зээлдэгч “Идэр чандмань” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл зээлийг бүрэн төлөөгүй тул дараахь төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1. Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83.580.000 төгрөг, 2. Алданги 41.790.000 төгрөг, 3. Нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг, 4. Нийт 125.810.000 /нэг зуун хорин таван сая найман зуун арван мянга/ төгрөг. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг үндэслэн зээлийн барьцааны гэрээний 3.1 дэхь хэсэгт заасан барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1964 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Хүнс хөдөө аж ахуйн газрын дотоод хяналт үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 20-02 тоотод оршин суух, ШЖ64042971 дугаар регистртэй, Д овогт Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.ч” ХХК нь 2011 оны 8 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 жилийн хугацаатай, хүүгүй, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулах үйл ажиллагаанд зориулахаар авсан байдаг бөгөөд үүнээс 16.420.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл 83.580.000 төгрөгийн төлбөрийг хийгээгүй байдаг. Зээлийн гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор тохирсон бөгөөд 1.526 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Алдангийг зээлийн үлдэгдэл 83.580.000 төгрөгийн 50 хувиар тооцож 41.790.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хөдөө аж ахуйн бирж нь түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авч, бөөний худалдаанд оруулах, бусдад зуучилж өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулах байгууллага байсан боловч Монгол улсын хэмжээнд байгуулагдаж чадаагүй. Үүнээс болж “И.ч” ХХК-д ямар хохирол учирсан талаар мэдэхгүй. Мөн тус байгууллагад зориулж ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Алдангийг багасгах боломжгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нийт дүн 125.390.000 төгрөг байхад 125.810.000 төгрөг гэж зөрүүтэй бодож, алдаа гарган илүү нэхэмжилсэн 420.000 төгрөгийг хасч тооцно. Мөн төлбөрөө бэлнээр өгөхгүй тохиолдолд ямар барьцаа хөрөнгөөс гаргуулах талаар тодорхой заагаагүй байх тул зөвхөн зээлийн үлдэгдэл 83.580.000 төгрөг, алданги 41.790.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 125.390.000 /нэг зуун хорин таван сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг “И.ч” ХХК-иас гаргуулж авна гэв.
Хариуцагч байгууллагын захирал Ч.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “И.ч” ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулахаар тус сангаас 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хүүгүй зээл авсан. Тухайн төсөл 2011, 2012, 2013 онд Монгол улсын хэмжээнд бүх аймгуудад хэрэгжиж, харилцаа уялдаа холбоотой ажиллах ёстой байсан. Гэтэл бусад аймгуудад ч Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаагүй, тухайн төсөл улсын хэмжээнд амжилттай хэрэгжээгүйн улмаас манай компани Хөдөө аж ахуйн биржийг аймагтаа байгуулах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон. Энэ байдалд “И.ч” ХХК-ийн буруу байхгүй. Хөдөө аж ахуйн бирж аймгуудад байгуулагдах ёстой цаг хугацаандаа байгуулагдаж, аймгууд харилцан уялдаа холбоотойгоор үйл ажиллагаа нь хэвийн явагдсан бол тухайн төслийн зээлийг төлөхөд саад бэрхшээл байхгүй байх байсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь бусад аймгуудад тухайн төслийн хэрэгжилтэнд өдөРхяналт тавьж, Хөдөө аж ахуйн биржүүд цаг хугацаандаа байгуулагдсан бол “И. ч” ХХК ч ийм алдагдал хүлээхгүй байсан.
Иймд “И.ч” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 83.580.000 төгрөг төлнө. Харин алданги 41.790.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 41.810.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч “И.ч” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 83.580.000 төгрөг, алданги 41.790.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 125.810.000 /нэг зуун хорин таван сая найман зуун арван мянга/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлага хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмждлэгдсэн төлөөлөгч “...алдаа гарган илүү нэхэмжилсэн 420.000 төгрөгийг хасч тооцно. Мөн төлбөрөө бэлнээр өгөхгүй тохиолдолд ямар барьцаа хөрөнгөөс гаргуулах талаар тодорхой заагаагүй байх тул зөвхөн зээлийн үлдэгдэл 83.580.000 төгрөг, алданги 41.790.000 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 125.390.000 /нэг зуун хорин таван сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг “И.ч” ХХК-иас гаргуулж авна” гэх тайлбар гарган шаардлагаа багасгасан ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй бөгөөд харин алданги 41.790.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 41.810.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хариуцагч “Идэр чандмань” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг, 72 сар буюу 6 жилийн хугацаатай, хүүгүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцох эрх, үүрэгтэйгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2011/06 дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, “Идэр чандмань” ХХК-ийн эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд олгосон түүхий эдийн төв байгуулах төслийн зээлүүдэд мэдэгдэл хүргүүлэх тухай санхүүгийн тооцоолол, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тогтоосон хугацаанд зээлийн эргэн төлөлтөөс 83.580.000 /наян гурван сая таван зуун наян мянга/ төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй 1.526 хоногийн хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар “…30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдлийн 0.1 хувийн алданги тооцно…” гэсний дагуу нэхэмжлэгч алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 41.790.000 /дөчин нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан заалттай нийцсэн бөгөөд харин нотариатын үйлчилгээний төлбөрт 20.000 төгрөг зарцуулсан тухай нотлох баримт байхгүй байна.
Хариуцагч байгууллагын захирал нь “...манай компани Хөдөө аж ахуйн биржийг аймагтаа байгуулах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон. Энэ байдалд “И.ч” ХХК-ийн буруу байхгүй. Хөдөө аж ахуйн бирж аймгуудад байгуулагдах ёстой цаг хугацаандаа байгуулагдаж, аймгууд харилцан уялдаа холбоотойгоор үйл ажиллагаа нь хэвийн явагдсан бол тухайн төслийн зээлийг төлөхөд саад бэрхшээл байхгүй байх байсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь бусад аймгуудад тухайн төслийн хэрэгжилтэнд өдөРхяналт тавьж, Хөдөө аж ахуйн биржүүд цаг хугацаандаа байгуулагдсан бол “И.ч” ХХК ч ийм алдагдал хүлээхгүй байсан...алданги 41.790.000 төгрөг...төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.
Иймд хариуцагч “И.ч” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас үндсэн зээлийн үлдэгдэл 83.580.000 /наян гурван сая таван зуун наян мянга/ төгрөг, алданги 41.790.000 /дөчин нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөг, нийт 125.370.000 /нэг зуун хорин таван сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.000 /хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас 125.370.000 /нэг зуун хорин таван сая гурван зуун далан мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 784.800 /долоон зуун наян дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч “И.ч” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас үндсэн зээлийн үлдэгдэл 83.580.000 /наян гурван сая таван зуун наян мянга/ төгрөг, алданги 41.790.000 /дөчин нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөг, нийт 125.370.000 /нэг зуун хорин таван сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.000 /хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “И.ч” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 784.800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА