| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/01463/и |
| Дугаар | 155/ШШ2018/01463 |
| Огноо | 2018-09-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2018/01463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Гоо даль” үсчний салонд үсчин ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 3-20 тоотод оршин суух, РЮ84042366 дугаар регистртэй, Тогоруутан овогт Д.М-ийн
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 20-17 тоотод оршин суух, РЭ83040575 дугаар регистртэй, Шань овогт Т.Б-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2018/01039/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У, нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагч Т.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б бид хоёр 2012 онд танилцан үерхэж байгаад 2013 онд охин Б.Б маань төрсөн. Бид 5 жил хамт амьдарсан ч гэрлэлтээ батлуулаагүй. Охин Б.Б-т төрсний гэрчилгээ авахдаа Т.Б өөрийнхөө нэрээр овоглож бүртгүүлсэн байсан. Хамтран амьдрах хугацаанд намайг ажил төрөл хийснээс болж, гэр бүлийн маргаан их гардаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Т.Б, түүний эх И-ын хамт намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулж Цагдаагийн байгууллагаар шалгуулж буруутай нь тогтоогдсон. Үүнээс хойш тусдаа амьдарч байна. Охин маань Т.Б бид хоёрын дунд ирэн очин амьдарч байгаа. Ихэнх цаг хугацаанд надтай хамт байдаг. Намайг Т.Б хүүхдээ халамжилж авч явж чадахгүй гэж байгаа ч би өөрийн гэсэн гэр оронтой, ажил төрөлтэй учир боломжтой. Шүүхэд нэхэмжлэл гаргаж, эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээс өмнө миний хүүхэд биш гэдэг байсан, мөн Т.Б эхнэр авсан мөртлөө охиноо өөрийн асрамжид авна гэж байгаад гайхаж байна. Би охиноо ганцаараа өсгөж байгаа тул эцэг Т.Б-с хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулж авна гэв.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М бид хоёр 2012 онд танилцаад 2013 онд охин Б.Б төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Хамт амьдарсан хугацаанд Д.М нь хүүхэддээ анхаарал халамж тавихгүй, ажил хийдэг мөртлөө гэр орондоо мөнгө төгрөгөө зарцуулдаггүй байсан. Би охиноо өөрийнхөө ээжийн хамт өсгөж хүмүүжүүлсэн. Одоо ч надтай хамт байгаа. Гэтэл надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаад гайхаж байна. Би өөр хүнтэй гэр бүл болсон нь үнэн. Охиноо өөрийнхөө асрамжид авмаар байна. Хүүхдийн асрамж тогтоолгохдоо тусдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг гэдгийг ойлголоо. Надад хүүхдийн тэтгэлэг өгөхгүй гэх асуудал байхгүй. Гэхдээ охин Б.Б миний асрамжид байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Т.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь охин Б.Б миний асрамжид байдаг тул хуульд заасан хэмжээгээр эцэг Т.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлнэ, хариуцагч нь охин миний асрамжид байдаг тул хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.М, Т.Б нар 2012 оноос 2018 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан, гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний дундаас 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Б төрсөн, түүний төрсөн эцэг Т.Б мөн болох нь зохигчийн тайлбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн тухай №0000915005/399 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Б.Б, 5 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “ Дүгнэлт: 1. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, Penta E, D5S818, D13S315, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Т.Б нь Б-ын биологийн эцэг байх боломжтой байна. 2. Т.Б нь Б-ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99% магадлалтай байна” гэх бичилттэй 6784 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “РЮ84042366, Д. М нь 12-3-28 тоотод ам бүл 2, охины хамт түр оршин сууж байгаа” гэх бичилттэй 15 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Т.Б “...Охиноо өөрийнхөө асрамжид авмаар байна...охин Б.Б миний асрамжид байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа ч хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн охин Б.Б гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Т.Б-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Б.Б-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Б 5 нас 4 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг охин Б.Б-т сар бүр хариуцагч Т.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Б-т сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг 1.095.600 /нэг сая ерэн таван мянга зургаан зуу/ төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигчоос шүүхэд ирүүлсэн дараах баримтыг нотлох баримтад үнэлээгүй болно. Үүнд: Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Т.И-ын хүсэлт зэрэг баримтууд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Шань овогт Т.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА