Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2022/0191/Э |
Дугаар | 2022/ШЦТ/199 |
Огноо | 2022-09-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч, хохирогч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарт холбогдох эрүүгийн 2215002210197 дугаартай, 163/2022/0191/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хазаадай овогт Баатарын Гэрэлбаяр, Булган аймаг, Тэшиг суманд 1963 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 3 дугаар гудамжны 305 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрэгтэй, 59 настай, РД: ГЙ63110219.
Монгол Улсын иргэн, Тавнан овогт Дэмбэрэлийн Цэцгээ, Булган аймаг, Булган суманд 1968 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 3 дугаар гудамжны 305 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эмэгтэй, 54 настай, РД: ГЙ68102802.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Гэрэлбаяр нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 3-305 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цэцгээтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Цэцгээ нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар багийн Үйлдвэрийн 3-305 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Гэрэлбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2215002210197 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нар нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар багийн нутагт хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гэрэлбаярын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цэцгээгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн Урд хорооны 305 тоотод болсон байв. ...Үзлэгийг үргэлжлүүлэн байшин руу ороход үүдний хэсгийн сандал дээр 0.3мм х 0.5мм хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Мөн үүдний хэсгийн шаргал өнгийн хулдаас дээр хивснээс нааш олон хэсэг газарт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Үүдний шкафны доод талд модон иштэй, ажлын хэсгийн урд тал нь хар өнгөтэй хутга байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,
4. Хутганд үзлэг хийсэн: Уг хутганы урт нь 25 см урттай, үүнээс ажлын хэсэг нь 13 см, бариул хэсэг нь 12 см байв. Уг хутганы үзүүр хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг хутгыг эд мөрийн баримтаар хураан авав. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гэрэлбаярын хохирогчоор өгсөн: Эхнэр бид хоёр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө бага хүүгээ эхнэр хүүхэдтэй нь Булган аймаг руу явуулаад гэртээ хоёулаа үлдсэн. Би гэртээ байж байгаад гэнэт ганц юм уумаар санагдаад байхаар нь гэрээсээ гараад дэлгүүр явсан. Би дэлгүүр ороод 2.5 литрийн савлагаатай Нийслэл гэх нэртэй пиво, мөн 0.5 литрийн савлагаатай Ерөөл нэртэй архи аваад буцаж гэртээ харьсан. Би авчирсан пиво эхнэртээ өгсөн. Манай эхнэр архи уугаагүй. Харин би өөрөө Ерөөл нэртэй архийг уусан. Манай эхнэр пивоо ууж сууж байгаад согтчихоод чи намайг ангийн зугаалгад маань яагаад явуулаагүй юм гээд уурлаад байсан. Миний уур хүрээд чи өнгөрсөн юм ярилаа гээд нүүр хэсэгт нь алгадаад газар унахад нь би хальт өшиглөчихсөн. Манай эхнэр газраас босож ирээд хоолны шүүгээн дээр байсан модон иштэй хутгийг аваад цаашаа бай гэж хэлэхээр нь би чи яах гээд байгаа юм гээд уурлаад очиход манай эхнэр сандарсандаа санамсаргүйгээр миний цээж хэсэгт хатгачихсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Цэцгээгийн хохирогчоор өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө бага хүүгээ эхнэр хүүхэдтэй нь Булган аймаг руу явуулаад гэртээ хоёулаа үлдсэн юм. Манай нөхөр Гэрэлбаяр гэртээ байж байгаад үдээс хойш 16 цагийн орчимд дэлгүүр яваад ирье гээд гараад явсан. Нөхөр Гэрэлбаяр гэртээ ирэхдээ 2.5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй пиво, 0.5 литрийн савлагаатай Ерөөл нэртэй архитай ирсэн. Бид хоёр гэртээ хамт сууж байгаад уусан. Тухайн үед би архи уугаагүй, пиво ганцаараа уусан. Харин нөхөр Гэрэлбаяр Ерөөл нэртэй архийг бас ганцаараа уусан. Тэгээд би пиво ууж сууж байгаад нэг мэдэхэд тасарчихсан байсан. Манай нөхөр Гэрэлбаяр миний нүүр хэсэгт цохиж, мөн газар унагаад дэвссэн. Тэгэхээр нь би нөхөртөө уурлаад айлгах зорилгоор шүүгээн дээр байсан модон иштэй жижиг хутгыг аваад цаашаа бай гэж хэлсэн боловч манай нөхөр дайраад ирэхээр нь санамсаргүйгээр нөхрийнхөө цээж хэсэгт хатгачихсан юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ононгийн өгсөн: ...Намайг эмнэлэг дээр очиход аав эмнэлгийн орон дээр дусал залгуулаад хэвтэж байсан. Цээжин хэсэгтээ хутгалуулсан байдалтай байсан. Би эмнэлгээс гараад аавын гэрт очиход ээж уйлчихсан сууж байсан ба гэрийн шал цус болсон байхаар нь би ээжээс юу болсон талаар асуухад ээжийгээ уучлаарай гээд уйлаад байсан. Би ээжийг тайвшруулж унтуулаад буцаад эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
8. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай: Б.Гэрэлбаярын биед цээжинд өвчүүний дээд хэсэгт сорви, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь цээжинд өвчүүний дээд хэсэгт үүссэн сорви нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Цээжинд өвчүүний дээд хэсэгт цус хуралт нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цээжинд өвчүүний дээд хэсэгт үүссэн сорви нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цээжний дээд хэсэгт үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
9. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 94 дугаартай: Д.Цэцгээгийн биед гарын бугалга, цээж, баруун ташаа, хоёр хөлийн гуянд олон тооны цус хуралт үүсжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
10. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гэрэлбаярын яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ архи, согтууруулах ундааны зүйлийг эхнэр Цэцгээгийн хамтаар хэрэглэсэн. Улмаар бид хоёр согтсон байсан. Тэгээд хоорондоо маргалдаж, муудалцаад би эхнэрийнхээ толгой хэсэгт нэг удаа алгадаад газар унахаар нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай эхнэр Цэцгээ гал тогооны шүүгээний дээд талаас хутга аваад улмаар миний цээжин тус газарт нэг удаа зүссэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
11. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Цэцгээгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын төвд байрлах өөрийн гэртээ нөхөр Гэрэлбаярын хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар хоорондоо маргалдаж хэрүүл маргаан хийж байтал нөхөр Гэрэлбаяр эхлээд намайг алгадаад газар унасан байхад хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би уур хүрээд гал тогооны шүүгээн дээр байсан хутгыг аваад нөхөр Гэрэлбаярын цээжин тус газарт хутгаараа зүссэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон иштэй хутга нэг ширхэг зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ, гэрч Г.Онон нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Гэрэлбаяр нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 3-305 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цэцгээтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан зодсон, харин шүүгдэгч Д.Цэцгээ нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 3-305 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.Гэрэлбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт хутгалж бие биеийнхээ эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гэрэлбаярын хохирогч Д.Цэцгээг цохиж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, шүүгдэгч Д.Цэцгээгийн хохирогч Б.Гэрэлбаярыг хутгаар зүсэж, хутгалсан гэм буруутай үйлдэл, тэдгээрийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нар нь гэм буруугийн талаар маргаагүй, тэдгээрийн бие эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарын гэм буруутай үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Гэрэлбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.Цэцгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 65-69 дэх талд авагдсан цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Гэрэлбаяр нь Булган аймаг, Тэшиг суманд 1963 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 3 дугаар гудамжны 305 тоотод амьдардаг, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
шүүгдэгч Д.Цэцгээ нь Булган аймаг, Булган суманд 1968 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймаг, Тэшиг сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 3 дугаар гудамжны 305 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4/99 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хоорондоо эвлэрсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон шүүгдэгч Б.Гэрэлбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Цэцгээг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Гэрэлбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Цэцгээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хазаадай овогт Баатарын Гэрэлбаяр, Тавнан овогт Дэмбэрэлийн Цэцгээ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гэрэлбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Цэцгээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Гэрэлбаяр, Д.Цэцгээ нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР