Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2018/01449

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 2001 онд төрсөн, 17 настай, эмэгтэй, ам бүл 5 эцэг, эх, дүү, хүүгийн хамт тус сумын 5 дугаар багт оршин суух Я овогт Д-ийн С /***************/-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: Малчин, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн **************** оршин суух О С-ийн  Т /********************/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт тус сумын 3 дугаар багт оршин суух Х овогт Г-ын  Ц /***************/-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Т, хариуцагч Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.Цтай 2016 онд танилцаж үерхэж байгаад 2017 онд хурим найраа хийж хамт нэг гэрт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд хүү Бийг 2018 оны 5 дугаар сарын 30-нд төрүүлсэн. Нөхөр маань хүүхдээ төрсний 1 сарын дараа нэг зүйл болохгүй байна гээд хүү бид хоёроос хөндийрөх болсон. Сүүлдээ утсаа авахгүй болсон ба хүүгээ аавтай болгоорой гэж хэлэхлээр нь гомдоод шүүхэд хандсан юм. Тиймээс Г.Ц нь одоо хүүхэд, эхнэрээ тоохгүй болсон учраас Г.Цийг хүү С.Бий эцэг мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан болно.

Иймд 2018 оны 5 дугаар сарын 30-нд төрсөн хүү С.Бий эцгээр Г.Ц мөн болохыг тогтоолгож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хоёр хүүхдийг үерхэж байхад нь та хоёрын нас бага байна гэж хэлж байсан гэтэл сууна барина гээд хадаг хүртэл өгч хурим найр хийсэн. Тэгээд энэ хоёр хүүхдээ гартал зүгээр л байсан. Тэгтэл хүүгээ гараад нэг сар болж байхад Г.Цын зан байдал нь өөрчлөгдөж хоёр хүүхэд маань тус тус амьдрах болсон ба бүүр сүүлдээ хүү дээрээ ирэхээ больсон. Би уг нь энэ хоёрыг хамт амьдруулах хүсэлтэй байна. Нэгэнт ийм зүйл болсон болохоор охиныхоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Г.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Салах болсон шалтгаан надаас болоогүй харин хадам аав, ээж хоёр бид хоёрын амьдралын дундуур орж бид хоёрыг салгасан тэрнээс надад салах шалтгаан байхгүй гэж бодож байна. Гэхдээ шүүхээс албан ёсны гэр бүл биш учраас эвлэрүүлэх хугацаа өгдөггүй гэдгийг мэдлээ. Бид хоёр 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хурим найраа хийж хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү С.Б мэндэлсэн. Хүү С.Б нь миний хүүхэд мөн тул хүүхдийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно. Би одоо хүүхдийн тэтгэлэг төлнө гэхэд үнэхээр хэцүү байна. Миний ээжийн бие муу байгаа болон эм тарианы мөнгө байнга хэрэг болж байна.

Иймд С.Бий эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Г.Цид холбогдуулан эцэг, тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.С хариуцагч Г.Ц нарын дундаас хүү С.Б төрсөн болох нь Тухайлбал:

Хариуцагч Г.Цийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ....хүү С.Б нь миний хүүхэд мөн тул хүүхдийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно.... гэх,

Нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд өгсөн: ....бидний дундаас хүү С.Б 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн.... гэх тайлбар, мэдүүлэгүүд болон хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Я овогт Сгийн Б /***************/-д олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайн-Элбэрэлт ӨЭМТ-ийн их эмчийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Я овогт Сгийн Б /***************/-ий эцгээр Г.Ц мөн болохыг тогтоож, эцэг Г.Цид хүүхдийн тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй хүү С.Бийг тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон хүүхдийн тэтгэлэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101.044 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Я овогт Сгийн Б /***************/-ы эцгээр Х овогт Г-ын  Ц /***************/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч Г.Цаас 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү С.Бийг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад Ялахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ