Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Т.Ганчимэг нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Ганчимэгт холбогдох эрүүгийн 2215000000199 дугаартай, 163/2022/0197/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Олгонууд овогт Тэрбишийн Ганчимэг, Булган аймаг, Булган суманд 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 6 дугаар байрны 07 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эмчилгээний хоол зүйч мэргэжилтэй, Булган аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт хоол, хүнс, орчин хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 27 настай, эмэгтэй, РД: ГЮ95100906.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ганчимэг нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг, Булган сум, 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төгрөг дэлгүүрт иргэн Б.Чулуунчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000199 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Ганчимэг нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг, Булган сум, 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төгрөг дэлгүүрт Б.Чулуунчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ганчимэгийн өгсөн: 2022 оны 8 дугаар сарын 25-ны өглөө манай ах зуслангийн газар явах болсон тул би Төгрөг дэлгүүрт суухаар болсон. Ах Ганбат намайг дуудсан. Би дэлгүүр дээр сууж байсан. Хохирогч Б.Чулуунчимэгтэй маргалдсан. Манай хүүхэд шонгийн мод мөргөж унасан. Б.Чулуунчимэг эгч над руу тооны машин шидсэн. Над руу салаавч гаргасан. Кассын хажууд байсан төмрөөр цохих гэж байсан. Би эгчийгээ баруун гараараа пос машинаар цохисон. Удаа дараа очиж уучлалт гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Чулуунчимэгийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14-15 цагийн хооронд би Төгрөг дэлгүүр дээр бараа худалдаад сууж байхад нөхрийн дүү болох Ганчимэгийн хүүхэд Амармөрөнг дэлгүүрт байхаар нь Ганбааг дуудаад ирээч гэж хэлсэн. Тэгсэн чинь Амармөрөн дуудах гээд гараад явсан. Амармөрөнг дэлгүүрээс гараад удаагүй байхад Амармөрөнгийн ээж Ганчимэг дэлгүүрт орж ирээд манай хүүхэд гадаа дугуйнаасаа уначихсан байна гээд уурласан. Намайг юугаа харж байдаг юм, яахаараа хүүхдээр нөхрөө дуудуулдаг юм, дэлгүүр дээр чинь ажиллаж байхад битгий давраад байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганчимэгт хандаж чи юун сүртэй юм бэ?, хүүхэд газарт унаж л байдаг шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс уурлаад янз бүрийн зүйл хэлсэн. Би Ганчимэгийг дэлгүүрээс одоо яв гээд би Ганчимэгийг түлхсэн. Ганчимэг ч гэсэн намайг түлхсэн. Ингэж байтал Ганчимэг миний үснээс зулгаагаад доош нь дараад байсан. Ганчимэг намайг доош нь дарж байгаад тавихаар нь би кассын хажуугаас тооны машин аваад Ганчимэг рүү шидсэн. Тооны машин Ганчимэгийг оноогүй хажуугаар нь өнгөрсөн. Бид хоёр зайнаас нэг нэгэнтэй хэрэлдэж байгаад Ганчимэг миний гэдэс орчимд хөлөөрөө өшиглөсөн. Өшиглөтөл би доошоо өмдөндөө шээчихсэн. Би Ганчимэгийг дийлэхгүй болохоор дэлгүүрээс гарах гээд үүдэн дээр хойшоогоо эргэж хартал Ганчимэг миний толгой руу Хаан банкны пос машинаар дух, зулай хэсэгт цохисон ба тухайн хэсгээс цус гарсан. Эмчилгээний мөнгө нэхэмжилнэ. Надад эм авсан мөнгө болох 96.000 төгрөг, компьютер томографикт үзүүлсэн 36.000 төгрөгийн баримтууд байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагад үзүүлэхэд 8.000 төгрөг төлсөн. Нийтдээ 140.000 төгрөгийг Ганчимэгээс нэхэмжилнэ. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,  

3. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шинжээчийн: Б.Чулуунчимэгийн биед тархи доргилт, духанд язарсан шарх, сорви, баруун бугалгад сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

4. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаартай: Т.Ганчимэгийн биед зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ганчимэгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ах Ганбат намайг дэлгүүр дээр ирж айраг зар гэж дуудсан. Тэгээд би дэлгүүрийн хажуугийн байшинд айраг зараад байж байхад миний хүү замын хажуугийн шон мөргөөд газарт унасан. Тэгээд явж очиход хүүгээс юу болсон талаар асуухад эгч Чулуунчимэг намайг Ганбат ахыг дуудаад ир гэж хэлсэн. Тэгээд ахыг дуудах гэж байгаад дугуйтайгаа уначихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ газраас босгоод дэлгүүр рүү орж эгч Чулуунчимэгтэй уулзаад хүүхэд машинд мөргүүлэх шахлаа, ахыг гар утсаар дуудчихгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд эгч өөдөөс уурлаад яасан сүртэй юм бэ? гээд янз бүрээр хараагаад байсан. Би тухайн үед эгчтэй уулзахаас гадна хүний карт уншуулах гээд пос машин аваад байж байхад гараас пос машин авч газарт унагаагаад байсан. Тэгж байгаад над руу кассаас тооны машин авч шидсэн. Тооны машин намайг оноод зүүн эгмийн ясны дор хөхөрсөн. Үүний дараа эгч Чулуунчимэг миний ам руу салаавч хийгээд түлхсэн. Энэ үед миний уур хүрээд Чулуунчимэг эгчийн үснээс доош нь дарсан. ...Гадаа байсан хогийн савны тагийг авч эгч рүү шидсэн. Гэхдээ айлгая гэж бодоод шидсэн. Би нэг удаа толгой руу нь карт уншуулдаг пос машинаар цохисон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Чулуунчимэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Ганчимэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Т.Ганчимэг нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг, Булган сум, 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төгрөг дэлгүүрт иргэн Б.Чулуунчимэгтэй хүүхэд зам хөндлөн гаргаж, нөхрийгөө дуудууллаа, юм мөргөсөн байна гэх шалтгаанаас улбаалан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож биед нь тархи доргилт, духанд язарсан шарх, сорви, баруун бугалгад сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ганчимэгийн хохирогчийг цохисон, хогийн сав шидсэн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Т.Ганчимэг нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Ганчимэгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Чулуунчимэг нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ болон бусад зардалд нийт 140.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Т.Ганчимэг нь хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 140.000 төгрөгийг төлж /хавтаст хэргийн 60 дахь тал/, хохирлыг барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Т.Ганчимэгийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Ганчимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Т.Ганчимэгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Ганчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 42-45 дахь талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Ганчимэг нь ам бүл 2, хүүхдийн хамт Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 6 дугаар байрны 07 тоотод амьдардаг, Булган аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт хоол, хүнс, орчин хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Ганчимэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/101 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Ганчимэгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ганчимэг нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олгонууд овогт Тэрбишийн Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганчимэгийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ганчимэг нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Т.Ганчимэг нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР