Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ж.П*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Ц.Л******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.П*******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Л******* нарт холбогдох эрүүгийн 2215000000189 дугаартай, 163/2022/0195/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы П*******, Булган аймаг, ******* суманд 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 4 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 31 настай, эрэгтэй, РД: *******,

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Л*******, Булган аймаг, суманд 1972 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Задгай тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 4 сарын хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 50 настай, эрэгтэй, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.П******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн нутагт иргэн Ц.Л*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, Ц.Л*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Л******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн нутагт иргэн Ж.П*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, Ж.П*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000189 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.П******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн нутагт иргэн Ц.Л*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, Ц.Л*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Л******* нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 1 дүгээр багийн нутагт иргэн Ж.П*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, Ж.П*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ж.П*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.Л*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.П*******гийн өгсөн: Би ******* сумын 4 дүгээр багт мал малладаг. Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө сумынхаа 4 дүгээр багт байрлах гэрээсээ 12 цагийн үед сумын төв орсон. ******* сумын 1 дүгээр багийн Гуртын 2-9 тоотод өөрийнхөө гэрт ирсэн. Тэгээд 13 цагийн үед хашаа боох, төмөр утас аваад Боо ахынд очиход Энхб, Боо ах, Л******* гэх хүмүүс гэртээ архи уугаад сууж байсан. Л******* гэх хүн надаас архины мөнгө байна уу? гэж асуухад мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь чи чинь дандаа яахаараа гуйлгачин царайлж явдаг юм гэсэн. Тэгэхээр нь 2000 төгрөг халаасанд байхаар нь өгөөд, та энэ мөнгөөр тамхи авчихгүй юу даа, байгаа нь энэ мөнгө л байна гэж хэлсэн. Тэгээд ширээний хажууд сууж байтал Л******* намайг цохисон. Тэгэхээр нь би заамдаад бариад автал Боо ах та 2 гарч учраа ол гээд гэрээсээ хөөсөн. Бид хоёр хоёулаа гадаа гарч учраа олъё, айлд муудалцаад яах вэ? гэж хэлээд хамт гарсан. Л******* гэгчийг хавсарч унагаад цохиж өшиглөсөн. Харин Л******* ах орж унтлаа, одоо болъё гэж хэлсэн. Тэгэхээр би Боо ахынд оруулж унтуулаад явсан. Тэгээд гараад явж байтал Боо ахтай таараад 1 шил архи хувааж уугаад сууж байтал, бороо ороод байхаар нь Боо ахын гэрт орсон. Тэгэхэд Л******* сэрчихсэн намайг орны доогуур байсан сүхний ишийг аваад өвдөг хэсэгт цохисон. Тэгээд би түүнийг гэрээс авч гараад хавсарч унагаад гараараа 2-3 удаа цохиод хөлөөрөө өшиглөж байгаад явсан. Тэгээд маргааш нь миний баруун талын араа шүд өвдөөд байсан. Тэгсэн хэд хоногийн дараа Л******* гэгч нь надад гомдол гаргасан гээд цагдаагаас ярихаар нь би бас зодуулсан гээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Л*******гийн өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Задгай гэх газарт гэртээ байж байгаад 09 цагийн үед Боо гэх найзынд ирэхэд Энхб, Боо хоёр гэртээ сууж байсан. Тэгээд Энхб 1 шил архи авч өгье гээд бид хоёр хамт дэлгүүр ороод 0.75 литрийн Монгол стандарт архи авсан. Тэгээд бид 3 архиа ууж дууссан. Тухайн өдөр Улсын баяр наадам болж байсан болохоор би дэлгүүр яваад Энхб, Боо хоёрт 0.75 литрийн Монгол стандарт архи хоёрыг авч өгсөн. Бид 3 архиа ууж дуусаж байтал гаднаас 18 цагийн үед П******* гэх залуу орж ирсэн. Тэгэхээр нь би П******* гэх залууг архи аваад өг гэж хэлэхэд чадахгүй, мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараа атгаад нүүр хэсэгт нь цохисон. Тэгсэн намайг П******* заамдаад авсан. Гэтэл Боо ах та нар манай гэрт зодохгүй, гарч учраа ол гэсэн. Тэгээд бид хоёр гадаа гартал намайг шууд тонгорч унагаагаад дээрээс өшиглөсөн. Би одоо болно, болъё гэж хэлэхэд жаахан байж байгаад харахаар урдаас өшиглөөд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа П******* яваад өгсөн. Тэгэхээр нь би Боо ахынд ороод хэвтэж байтал Боо ах гараад явсан. Удалгүй гаднаас Энхб, Боо ах хоёр нэг шил архи олж ирээд намайг уух уу? гэхээр нь хамт уугаад сууж байтал П******* нь 21 цагийн үед орж ирээд хоёулаа гаръя ах гэж хэлээд намайг авч гараад хавсарч унагаагаад өшиглөж, нүдсэн. Тэгээд би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн чинь ар нуруу руу өшиглөж байгаад явсан. Тэгээд би Боо ахыг дуудаж гэрт нь орж хоносон. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Миний эрүү хугарсан, 2 шүд хугарсан гэж хэлээд эмнэлгээр явж үзүүл гэсний дагуу Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд эрүүгээ хадуулаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Л*******, Энхб бид гурав манай гэрт архи уугаад сууж байхад гаднаас П******* гэх залуу орж ирсэн. Тэгсэн чинь Л*******, П******* гэх залууг архи аваад ир гэж хэлэхэд надад одоо мөнгө алга байна гэж хэлэхэд Л******* цохиод авсан. Тэгээд П******* зөрүүлээд Л*******г заамдаад бариад авахаар нь би та нар манай гэрт зодоон хийхгүй шүү гэж хэлээд гэрээсээ түлхээд гаргасан. Тэгээд гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа Л******* гаднаас орж ирээд унтаад өгсөн. ...Манайд байхдаа Л*******, П*******г эхлээд уруул хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгсэн П******* босож ирээд заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би гэрээсээ түлхэж гаргаад хаалгаа хаачихсан. Гадаа муудалцаад байх шиг байсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхбын өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн үед Б ахынд очиход Л******* ирсэн байсан. Тэгээд бид гурав архи уугаад сууж байхад гаднаас П******* гэх залуу орж ирсэн. Тэгсэн Л*******, П******* гэх залууг архи аваад ир гэж хэлэхэд надад одоо мөнгө алга байна гэтэл Л******* цохиод авсан. Тэгсэн П******* зөрүүлээд Л*******г заамдаад бариад авахаар нь Б ах та нар манай гэрт зодоон хийхгүй, гар гээд түлхээд гэрээс гаргасан. Тэгэхээр нь би араас дагаад гартал П******* гэх залуу Л******* гэх хүнийг гадаа гарч ирээд хавсарч унагаад цохиод байсан тэгэхээр нь салгах гэтэл дийлдэхгүй болохоор нь хаяад яваад өгсөн. ...П*******, Л*******г баруун хөлөөрөө хавсарч унагаад дээрээс баруун гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиод, ар нуруу хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь салгах гэтэл дийлэхгүй болохоор нь ингэж байгаад больцгооно биз гэж хэлээд яваад өгсөн. Намайг явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Б ахын гэрт байхад 1 удаа баруун гараараа шанаа хэсэгт нь цохисон. Гадаа гараад Л******* цохиж чадаагүй газар унан цохиулж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мийн өгсөн: Надад тэр талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Манай нөхөр П******* тухайн үед Л******* гэх хүнтэй зодсон талаар надад хэлээгүй нуусан байсан. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цагдаагаас утасдахаар нь энэ талаар мэдээд П*******гээс цагдаагаас ярьж байна чи хүнтэй зодсон юм уу? гэж асуухад Л******* намайг архи аваад өг гэхээр нь надад одоо мөнгө байхгүй байна гэж хэлэхэд намайг сууж байхад өшиглөсөн. Тэгэхээр нь би зодсон гэж хэлсэн. Тухайн өдөр П******* нь 11 цагийн үед хониндоо явлаа гээд гараад явсан. Ирэхгүй болохоор нь хонио харсан чинь гол руу шахаад өөрөө байхгүй байсан. Тэгэхээр нь би хонио буцаагаад П*******г хажуу талын хөрш Гэрлээ гэх хүнээс асуухад сумын төв рүү орж хүнтэй уулзана гээд явсан гэсэн. Тэгээд шөнө ирэхдээ хамаг хувцас нь норчихсон, жаахан архи үнэртсэн байдалтай ирсэн. Тэгээд би хувцсыг нь тайлуулаад амраасан. Ил харагдах шарх, сорви байгаагүй. Маргааш өглөө нь толгой өвдөөд байна гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Огийн өгсөн: Л******* ах гэртээ ганцаараа амьдардаг. Хөргөгчгүй болохоор манай хөргөгчид махаа хийдэг юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр махаа авах гэж ирэхдээ нүүр, ам нь нэлээн хавдчихсан ирсэн. Тэгэхээр нь би яасан та юу болов гэж асуухад ах нь хүнд зодуулсан гэж хэлсэн. ...Нүүр хэсэг нь битүү хавдсан, хүзүү хэсэг нь улаан эрээн болчихсон байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Хы өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг 20 минутын үед үзлэгээр хүнд зодуулсан гэж 50 орчим насны эрэгтэй хүн орж ирсний дагуу үзлэг хийсэн. Юу болсон талаар асуухад архи ууж байгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед нэрээ хэлэхдээ Л******* гэж хэлсэн. Ерөнхий үзлэгээр Л******* нь нүүр, нүд битүү хавдартай, эрүү хэсэг нь илүү их хавдаж хөхөрсөн, хүзүүний эргэн тойрон боомилсон оромтой, нурууны доод хэсгээр хөхрөлттэй, нуруу бүхэлдээ ороолгуулсан шархны оромтой байсан. Тухайн хүний даралт нь ихэссэн, өвдөлт ихтэй байсан. Би даралт бууруулах, өвчин намдаах эмчилгээ хийгээд 13А маягт бичиж өгөөд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүл гээд зөвлөгөө өгөөд явуулсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

10. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай: Ж.П*******гийн биед дээд баруун нэг шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээд баруун нэг шүдний хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

11. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 98 дугаартай: Ц.Л*******гийн биед доод эрүүний ясны далд хугарал, нуруу, хүзүүний эргэн тойронд, хоёр мөрөнд зулгаралт, доод зүүн тавдугаар шүдний хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславч мурийлт, зүүн талын наймдугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Доод эрүүний ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Нуруу, хүзүүний эргэн тойрон, хоёр мөрөнд зулгаралт, доод зүүн тавдугаар шүдний хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславч мурийлт, зүүн талын наймдугаар хавирганы хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

12. Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.П*******гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 12 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төвд орж ирсэн. Сумын төвд Гуртын 2-9 тоотод манай гэр байдаг. Орой 18 цагийн үед гэрээс гараад Б ахынд очсон. Б ахын гэрт ороход Энхб ах, Б ах, Л******* гэх хүмүүс архи уугаад сууж байсан. Б ахын гэрт байж байхад Л******* ах надаас мөнгө асуухаар нь надад мөнгө байхгүй гэж хэлэхэд чи дандаа яахаараа мөнгөгүй гуйлгачин царайлж байдаг юм гэхээр нь би халаасанд байсан 2000 төгрөгөө Л******* ахад гаргаж өгсөн. Тэгэхэд Л******* ах миний шүд рүү цохисон. Тэгэхээр нь би Л******* ахыг заамдаад бариад автал Б ах Л******* ах бид хоёрт хандаж та хоёр гэрээс гарч учраа ол гээд гэрээсээ хөөсөн. Гэрээс гараад би Л******* ахыг хавсарч унагаад нүүр хэсэгт нь 2 удаа цохиод, хөлөөрөө цээж хэсэгт нь 1, 2 удаа өшиглөсөн. ...Л******* ах орны доогуур байсан сүхний ишийг аваад өвдөг рүү цохихоор нь би Л******* ахыг Боо ахын гэрээс авч гараад хавсарч газарт унагаагаад гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохиод мөн хөлөөрөө цээж хэсэгт нь 2 удаа өшиглөөд Боо ахынхаас яваад өгсөн. Миний шүд рүү гэрт байхад Л******* ах нэг удаа цохиод шүд хугалсан. Л******* ах бид хоёр тохиролцсон. Би Л******* ахын 2 шүдийг хугалж, эрүүг гэмтээсэндээ 1 адуу, 1 хонь, 400.000 төгрөг өгөхөөр болсон. Одоогийн байдлаар 1 адуу, 1 хонь, 230.000 төгрөгийг өгсөн, удахгүй 170.000 төгрөг өгөөд хохирол дуусна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

13. Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Л*******гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн үед гэртээ байж байгаад Боо гэх найзынхаа гэрт очсон. Намайг Боогийн гэрт ороход Энхб, Боо хоёр сууж байсан. Тэгээд Энхб нэг шил архи авч өгье гээд би Энхбтой хамт дэлгүүр орж 0.75 литрийн Монгол стандарт архи аваад Боогийн гэрт орсон. Авсан архийг ууж дуусаад дахиад Боо, Энхб хоёр 2 шил архи авчирсан. Орой 18 цагийн үед архиа ууж дуусах гэж байтал гаднаас П******* гэх залуу орж ирсэн. Тэгээд би П*******гээс архи, мөнгө асуухад байхгүй гэж хэлэхээр нь би гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө залуу намайг заамдаж аваад цохих гэтэл Боо ах та нар манай гэрт зодохгүй, гэрээс гарч учраа ол гэж хэлэхэд би П*******гийн хамт Боогийн гэрээс гарсан. Гэрээс гарангуут П******* намайг тонгорч унагаад дээрээс өшиглөөд байсан. Тэгэхээр нь би одоо болно, болъё гэж хэлэхэд жоохон байж байгаад П******* яваад өгсөн. Тэгээд би Боогийн гэрт орж унтсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.П*******, Ц.Л*******, гэрч Ц.Б, Д.Энхб, Д.О, Л.Х, Н.М нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нар нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие, биенийхээ эрх чөлөөнд нь халдан зодож, Ж.П*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Л*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нарын бие, биедээ гэмтэл учруулсан цохиж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, өөрсдийнх нь биед учирсан хөнгөн болон хүндэвтэр гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй, бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Л*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ц.Л******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч Ж.П******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 1 адуу, 1 хонь 230.000 төгрөгийг тус тус сайн дураар хохирогч Ц.Л*******д төлж барагдуулсан байна.

Мөн хохирогч Ж.П******* нь учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж хавтаст хэргийн 92 дахь талд хүсэлтээ өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.П*******, Ц.Л******* нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.П*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Л*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Ц.Л*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, тэдгээрийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 60-81 дэх талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн газрын цахим бүртгэл хайлтын системын зөрчлийн талаарх лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.П******* нь Булган аймаг, ******* суманд 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сум, 4 дүгээр баг, ******* гэх газарт мал маллан амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

шүүгдэгч Ц.Л******* нь Булган аймаг, суманд 1972 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Задгай тоотод мал маллан амьдардаг, ам бүл 1, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 4 сарын хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хоорондоо эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/100А дугаартай тогтоолоор хангаж, тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ж.П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Л*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдгээрийн үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ы П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ******* овогт *******ийн Л*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ц.Л*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохи ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.П*******, Ц.Л******* нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР