Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э*******д холбогдох эрүүгийн 2215000000195 дугаартай, 163/2022/0196/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Э*******, Булган аймаг, ******* суманд 1995 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг,

урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******г эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 1 хоногийн хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, 27 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-24-ний шилжих шөнө Булган аймаг, ******* сум, 3 дугаар багийн нутагт хохирогч С.У*******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius 11 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000195 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт хохирогч С.У*******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius 11 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.У*******гийн өгсөн: Би гэр бүлийн хамт Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт амьдардаг. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай багийн төв дээр манай нөхрийн талын ургийн баяр болсон юм. 2022 оны 07 дугаар сарын 24-ний шөнийн 03 цагийн орчим манай хамаатнууд гадаа талбайд бүжиглэхдээ машинуудынхаа гэрлийг асааж зогсоогоод бүжиглэж байсан юм. Би тухайн үед бүжгийн талбайд орж 30 орчим минут бүжиглэж байгаад машин дээрээ ирэхэд миний машин байхгүй байсан. Би тэр хавиар хайж байгаад олдохгүй болохоор нь нөхөртөө хэлээд 3 дугаар багийн төвөөр хайгаад олдоогүй. Тэгээд өглөө нь цагдаад дуудлага өгч хяналтын камер шүүлгэсэн. Миний машин Япон улсад үйлдвэрлэгдсэн Toyota Prius загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл юм. Би өөрийн тээврийн хэрэгслээ 2021 оны 12 дугаар сарын 03-нд 5.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Надад одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэний маргааш нь би машинаа бүрэн бүтэн олж авсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ууган-Эрдэнийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг, ******* сум, 3 дугаар багийн Дугуйн төв гэх газар миний ээжийн талын ах, дүү нар нийлж ургийн баяраа хийсэн юм. Тэгээд шөнө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 24-ний 03:00 цагийн орчим манай эхнэр С.У******* ирээд машинаа хайгаад олохгүй байна. Тавьсан газраа байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед манай хамаатнууд машинаа тойруулж зогсоогоод гэрлээ асаагаад бүжиглэж байсан юм. Тэгээд би эхнэрийн хамт тухайн газар хайгаад байхгүй болохоор нь багийн төв орж хайгаад өглөө болгосон. Тэгээд цагдаад дуудлага өгч ******* сумын хэсгийн төлөөлөгч ирж уулзаад явсан. Тэгээд өнөөдөр эхнэр бид хоёрыг дуудахаар нь сумын төвд ирэхэд манай машиныг олсон байсан. Манай машиныг авч явсан хүн нь миний төрсөн дүү Б.Э******* байна. Манай машин эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, бүрэн бүтэн байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оюунчимэгийн өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* сум орохоор төв зам дээр машин тосож, гараа өргөөд зогсож байхад цагаан өнгийн приус загварын машин зогсоод намайг авч ******* сумын төв орсон. Би сумын төвөөс хоол хүнсний зүйл цуглуулж дуусаад байж байхад Б.Э******* эгчээ би таныг гэрт чинь хүргээд өгье гэж хэлэхээр нь би гэртээ хүргүүлж ирсэн. Тэгээд орой болчихлоо хоноод явъя гэхээр нь гэртээ хонуулсан. Маргааш өдөр нь машин угаагаад, дугуйгаа хийлээд манайхаас явах гээд байж байхад цагдаа нар ирээд аваад явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

5. Тольдох Оюуны Өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22176 дугаартай: Цагаан өнгийн Toyota Prius 11 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 5.500.000 төгрөгөөр үнэлэв. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-40 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э*******гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлд тохирч байна. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай ээж Хишигдаваагийн талын хамаатнуудын ургийн баяр болсон юм. Би тухайн баяр дээр нэлээн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тухайн үед баяр дээр байж байтал манай найз болох Жаавка гэх залуу залгаад манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би найз нь машин олдвол яваад очъё, машин олдохгүй бол чи намайг ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би машин байрлуулсан байсан хэсгээр явж байтал манай төрсөн ах болох Ууган-Эрдэнэ, эхнэр У*******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай Toyota Prius 11 гэх загварын тээврийн хэрэгслийн хаалга нь онгорхой, түлхүүр нь дотроо байсан юм. Ингээд би бэр эгчийн машиныг унаад Хангал сумаар дайраад Орхон аймгийн ар хэсгээр тойроод ******* сум руу явж байтал цагдаа нар намайг саатуулсан юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.У*******, гэрч Б.Ууган-Эрдэнэ, О.Оюунчимэг нарын өгсөн мэдүүлэг, алдагдсан тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-24-ний шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт хохирогч С.У*******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius 11 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э******* нь тээврийн хэрэгслийг бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг мэдсээр байж авч явж буй үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон. Прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байдлыг ойлгоно гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Э*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.У*******д 5.500.000 төгрөгийн хохирол учирсан нь Тольдох Оюуны Өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.У******* нь цагаан өнгийн ******* улсын дугаартай, Toyota Prius 11 загварын тээврийн хэрэгслээ биет байдлаар бүрэн бүтэн буцаан авсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж хавтаст хэргийн 43 дахь талд хүсэлтээ хавсаргасан байна.

Иймд шүүгдэгч Б.Э*******г бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э*******г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Б.Э*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 44-65 дахь талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э******* нь Булган аймаг, ******* суманд 1995 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Булган аймаг, ******* сум, 3 дугаар багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4/107 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Э*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э*******д сануулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОТГОНБААТАР