Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-н нэхэмжлэлтэй

Гуравдагч этгээд: Замын-Үүд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, Б овгийн А.Э-д холбогдох

Албадан эмчилгээ хийлгэх тухай иргэний хэргийг 2018 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.З, гуравдагч этгээд А.Э, эмч П.Д нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтэндээ: А.Э нь гудамж талбай болон орон гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг, нийгмийн хэв журмыг зөрчдөг Засаг даргын тамгын газрын даргын хүсэлт, 1 дүгээр багийн Засаг даргын хүсэлт, цагдаагийн хэлтсийн албан хаагч нарын илтгэх хуудас, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймд албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Д.З шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: А.Э нь байнга архи уудаг, эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр архинд донтох эмгэгтэй болох нь тогтоогдсон. Эмнэлэгийн дүгнэлт болох цагдаагийн хэлтсийн хүсэлтийг харгалзан үзээд архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд А.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архи уудаг нь үнэн. Гэхдээ хаяа уухгүй байж чаддаг. Өөрөө архинаас гарч чадна. Иймд албадан эмчилгээнд явмааргүй байна гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-с А.Э-г архины албадан эмчилгээнд явуулахыг хүсч шүүхэд ханджээ.

А.Э нь архины албадан эмчилгээнд явахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан болно.

А.Э нь 2010 оноос хойш байнга согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг, гэртээ гадны хүмүүсийг бөөгнөрүүлж архи ууж, хүүхдүүдийн тайван, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг алдуулдаг зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, А.Э-н хадам эх Г.Х-н цагдаагийн байгууллагад гаргасан тайлбар, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох эмгэгтэй, А.Э-н эрүүлжүүлэгдсэн байдлын тодорхойлолт, хэсгийн байцаагч Г.У, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч Ч.А, Ю.Ж, жижүүрийн мөрдөгч Б.Г, олон нийтийн цагдаа Н.Ч нарын илтгэх хуудас, талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. 

Иймд А.Э-г Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Б овгийн А.Э-г албадан эмчлэх газарт хүргүүлж, албадан эмчилгээнд хамруулсугай.

2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэгт зааснаар А.Э-н албадан эмчилгээний хугацаа нь түүний эдгэрсэн тухай эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарснаар дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т зааснаар А.Э-г албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Э.Б