Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2022/0201/Э |
Дугаар | 2022/ШЦТ/204 |
Огноо | 2022-09-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/204
2022 09 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М*******д холбогдох эрүүгийн 2215000000209 дугаартай, 163/2022/0201/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн М*******, Булган аймаг, ******* суманд 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 5 дугаар баг, 5 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 30 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Байгалмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2215000000209 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Байгалмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Байгалмаагийн өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед манай найз Лхагважав нь хүүхдийн үсний найр хийж, урьсан болохоор нь би очсон. Тэгэхэд тухайн найран дээр манай нөхөр Б.М******* нь бас уригдсан байсан. Би тухайн айлд сууж байгаад тэдний гэрт хоноод, өглөө үүрээр 07 цагийн үед ******* сумын төв рүү явах гэж байсан. Б.М******* нь гэрийн зүг дөхүүлээд өгөөч гэхээр нь би аваад явсан. Машинд манай нөхөр Б.М******* нь эргээд хамтдаа амьдрах талаар ярихаар нь би үгүй гэж хэлсэн. Б.М******* уурлаад намайг цохиж аваад, машинаас буулгаад 2 удаа өшиглөсөн. Би шууд Б.М*******эс айгаад машинаа асаагаад гэртээ харьсан. Би 2013 онд Б.М*******тэй танилцаж, гэр бүл болоод амьдарч байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сард бид хоёр тусдаа амьдрах болсон. Миний зүүн шанаанд 1 удаа баруун гараараа цохиж авсан. Дараа нь толгойны ар хэсэгт 1 удаа, хэвлий хэсэгт 1 удаа өшиглөсөн. Дараа нь хөл рүү 2 удаа өшиглөсөн. Нийт 5 удаа намайг цохиж авсан. Зүүн нүд хөхөрсөн, баруун гуя, хэвлий хөхөрсөн. Толгойд доргилт авсан болохоор толгой өвдөж байна. Зүүн нүдэнд хөхрөлт байгаа. Тухайн үед болсон явдлаас хойш бид хоёр хоорондоо эвлэрсэн байгаа. Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сарантуяагийн өгсөн: Манай бэр М.Байгалмаа, М******* хоёр 2022 оны 04 дүгээр сарын үед хоорондоо маргалдаж, муудалцаад бэр маань сална гээд хоёр хүүхдээ аваад аавындаа очсон. Харин манай хүү М******* нь гэртээ үлдсэн. Миний хүү түргэн ууртай болохоос биш архи, дарс уугаад байдаггүй, аав, ээждээ тустай хүүхэд байгаа юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
4. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаартай: М.Байгалмаагийн биед баруун чихний дэлбэн, шанаа, бугалга, шуу, дал, зүүн нүд, хацар, дал, мөр, хэвлийд цус хуралт, баруун чих, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Би анх эхнэр М.Байгалмаатай 2013 онд гэр бүл болсон. Тэгээд энэ жилийн хавар хоорондоо маргалдаад хэсэг тусдаа байх болсон юм. Тэгээд санаандгүй байдлаар саяхан буюу 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найзынхаа хүүхдийн үсний найран дээр очтол эхнэр Байгалмаатай таарсан. Тэгээд найзындаа хонож амраад, маргааш нь эхнэрийг харих гэхээр нь замаараа намайг буулгачих гэж гуйж байгаад улмаар машинд нь суусан. Тэгээд замд явж байхдаа уучлаарай миний буруу, хоёулаа эвлэрье гэж гуйсан боловч үгүй гээд байхаар нь би уур хүрээд гараараа цохиж аваад машинаас буулгаж байгаад 2 удаа өшиглөсөн. Уг үйлдэлд манай эхнэр Байгалмаа нь сумынхаа цагдаад гомдол гаргасан байсан. Тэгээд эхнэр Байгалмаа бид хоёр гэрлэлтээ эргэж цуцлуулаагүй байсан бөгөөд би уучлалт гуйгаад одоо эргээд нийлчихсэн хамт амьдарч байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Байгалмаагийн зүүн шанаанд, толгойнд, хэвлий хэсэгт тус тус цохиулж, баруун чихний дэлбэн, шанаа, бугалга, шуу, дал, зүүн нүд, хацар, дал, мөр, хэвлийд цус хуралт, баруун чих, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл авсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоотой тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.М*******, хохирогч М.Байгалмаа нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хэдий ч тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн маргаанаас үүдэлтэй шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хууль бус үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн байнгын бөгөөд зан үйлийн хувьд зуршил болсон байх шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хохирогч М.Байгалмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч М.Байгалмаа нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй, шүүхээс хохирогч М.Байгалмаад шүүх хуралдааны товыг мэдэхэд “за ойлголоо, надад одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 40-45 дэх талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа, мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М******* нь Булган аймаг, ******* суманд 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сум, 5 дугаар баг, 5 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 03 тоотод амьдардаг, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4/105 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эвлэрсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.М******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.М******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР