Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/621

 

 

 

 

 

 

 2022            07           29                                      2022/ШЦТ/621

 

 

 

                             

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.П- түүний өмгөөлөгч Б.Шихихутаг, Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Д-ын П-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205011011444 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, халх, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ___ ээлжийн монтёр ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 622 дугаартай шитйтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Д-ын П-.

 

Шүүгдэгч Д.П- нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шөнө Баянгол дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян тахилгат хүнсний дэлгүүрийн гадна байрлуулсан хохирогч Б.А-гийн ХХ-ХХ УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард талын багажны хаалганы цонхыг хагалан нэвтэрч, шилтэй зөгийн бал, тог өсгөгч, дугуй хийлэгч зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, нийт 1,412,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П- мэдүүлэхдээ:

“03 дугаар сарын 10-ны өдрийн шөнө найзындаа байж байгаад гэр лүүгээ явах замдаа land 200 маркийн автомашины шилийг санамсаргүй хагалсан. Дугуй хийлэгч, тог өсгөгчийг авсан. Хэргийг хийж байхдаа архи уусан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч болон энд байгаа хүмүүсээс уучлалт гуймаар байна” гэв.

 

Шүүгдэгч Д.П- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.А-гийн “... Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн үед өөрийн гэр болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 13 дугаар байр 114 тоот гэртээ унтаж байхад миний ....  дугаарын утас руу 03 цаг 41 минутын үед ...  дугаарын утаснаас нэг үл таних эрэгтэй хүн залгаад та гараад ирээч таны тээврийн хэрэгслийн хойд талын шил хагарсан хажууд нь над руу залгасан гэх залуу мөн таксины жолооч Мягмар гэх хоёр залуу байсан.

Би өөрийн тээврийн хэрэгслийн арын хэсгийг шалгаж үзэхэд нэг хайрцаг зөгийн бал, саарал өнгийн хайрцагтай дугуй хийлэгч, 3000 ваттын тог хувиргагч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Эхний мэдүүлэг дээрээ мэдээгүй байж байгаад сүүлд нь эдгээр зүйлсийг мэдсэн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

 

Гэрч Б.Мягмарын “... 2022 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-ны өдөр шилжих шөнө байсан байхаа. Би Баянгол дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн урд талын замаар өөрийн тээврийн хэрэгсэл болох ХХ-ХХ УНТ улсын дугаартай цагаан өнгийн Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ 03 цагийн орчимд явж байхад бичил 28 дугаар сургууль хоёрын голын замаар хойшоо өгсөөөд явдаг хэсэгт нэг хар өнгийн өмдтэй, сараалдуу өнгийн куртиктэй, хар өнгийн нүүр хүртлээ татдаг хүзүүвчтэй 28-32 орчим насны залуу алхаад явж байхаар нь такси авах уу гэж хэлэхэд тэр залуу зөвшөөрөөд миний машинд суусан.

Тэгээд тэр залуу Модны хоёр явна гэж хэлэхэд би хөдөлсөн. Модны хоёрын замаар уруудаж байгаад баруун эргээд нэг байрны гадаа /одоо тухайн байрны номерыг санахгүй байна/ очоод энд зогсчих гээд нөгөө залуу “та түр хүлээж байгаарай, би гэр лүүгээ юм оруулчхаад гараад ирнэ, удахгүй” гэж хэлээд буусан.

Тэгж хэлээд байр луу ороод 5 минут орчмын дараа гарч ирж суугаад буцаад Бичил орно гэж хэлсэн. Тэгээд би Бичил рүү хөдлөөд явж байх замд тэр залуу надаас асуугаад байсан нь надад сэжигтэй санагдсан.

Бичлийн тэнд очоод байрнуудын дунд очоод тэр залуу буусан. Шөнө болчихсон байхад ажлын бээлий асуугаад байсан болохоор нь надад сэжигтэй санагдаад тэр залууг дагаж харсан. Тэр залуу миний машинаас буугаад байрнуудын урд зогсоолд байрлуулсан байсан машинууд дунд руу орсон. Би машин дотроосоо тухайн залууг харж байтал зогсоолд байрлуулсан байсан машинууд дундаас тортой юм бариад гарч ирээд урагшаа чигээрээ яваад хоёр грашны завсар тавьчих шиг болсон.

Тэр залууг байрлуулсан машинууд дундаас гарч ирэхэд нэг машины дохиолол дуугарч сонсогдсон. Нөгөө залуу тортой зүйлээ тавьчхаад эргээд нөгөө байрлуулсан машинуудын голоор дахиад орохоор нь би наанаас нь явж очоод “хөөе чи наанаа зогсож бай” гэж хэлэхэд тэр залуу цаашаа зугтаасан. Би араас нь гүйгээд гүйцэхээргүй хурдан гүйж байсан. Машинууд дундаас өөр нэг залуу гарч ирэхэд нь би чи тэрэнтэй цуг явж байгаа юу гэж асуухад тэр залуу “үгүй ээ, ах наад нөхөр чинь түрүүнээс хойш энүүгээр эргэлдээд байсан юм” гэж хэлсэн.

Би дохиолол нь дуугарсан машин дээр очиход арын цонх нь хагарсан машин байсан. Миний утас нэгжгүй байсан болохоор нөгөө залууг машины жолооч руу залгуулсан. Машины жолооч нь гарч ирэхээр нь би нөгөө залуугийн грашны дунд аваачиж тавьсан зүйлийг зааж өгөхөд энэ миний хувцас байна гэж байсан. Тэгээд тухайн машины жолооч цагдаагийн байгууллагад хандсан. Миний машинд суусан гэх залуу Модны хоёрын тэнд байрнуудын дунд очиж зогсохдоо надад төлбөр гэж 5000 төгрөг миний эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-20 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Дунд зэргийн нуруутай, туранхай төрлийн жинтэй, давхраатай нүдтэй байсан санагдаж байна. 28-32 орчим насны эрэгтэй. 4 дугаарын хүн байна. Бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 25-32 дахь тал/,

 

Кости Эстимэйт ХХК-ны автомашины техникийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №29751/ДД№22685624 дугаартай тайлан, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 38-39 дэх тал/,

 

Кости Эстимэйт ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 41-43 дахь тал/,

 

Д.П-ийн яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун хойд талд байдаг найз Амарбаясгалангийн гэрээс гараад явж байгаад чулуу аваад шидсэн чинь хар өнгийн land cruiser маркийн тээврийн хэрэгслийн арын цонхыг оноод, цонх нь шууд бутраад уначихсан. Очоод цонхоор нь харахад зөгийн бал, дугуй хийлэгч, тог өсгөгч зэрэг зүйлс байсан.

... Би таксины жолоочид Баянгол дүүргийн 12 дугаар хороо 28 дугаар сургуулийн орчимд байсан газар луу явахаар заагаад land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн урд талд нь буугаад хагарсан шилний ард талаас өөрийн гараараа дугуй хийлэгч 1 ширхэг, тог өсгөгч 1 ширхэг, савтай зөгийн бал 1 ширхэгийг аваад байж байхад таксины жолооч ах байсан байхаа “боль, хүний юм яагаад аваад байгаа юм” гэхээр нь би гарч дундуур нь гараад бичлийн аркаар урагшаа нэвт гараад гэр лүүгээ алхаад харьсан.

... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчтой сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-55 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА-, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.П-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгааласан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д үнэлгээгээр тогтоогдсон дугуй хийлэгч 90,000 төгрөг, цахилгаан өсгөгч 280,000 төгрөг, зөгийн бал 192,000 төгрөг  нийт 562,000 төгрөгний шууд хохирол учирч, хор уршигт land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн арын хаалганы шил 850,000 төгрөг тогтоогджээ.

Үүнээс хохирогч Б.А-д цахилгаан өсгөгч нэг ширхэг, дугуй хийлэгч нэг ширхэгийг буцаан олгож, /хэргийн 34 дэх тал/ автомашины хаалганы шилний төлбөрт 900,000 төгрөг шилжүүлсэн /хэргийн 61 дэх хуудас/ мөн хохирогчоос гаргасан хүсэлтэдээ “ ... П-оос хохирлоо бүрэн барагдуулж эд зүйлээ болон хохирлын 900,000 төгрөг хүлээн авч гомдол, саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хэргийн 82 дах тал/ гэжээ.

Иймд шүүгдэгч Д.П-оос нэмж гаргуулах төлбөргүй, хохирол бүрэн барагдсан байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.П-оос прокурорт гаргасан хүсэлтэдээ “ ... ХХ-ХХ УАО Land cruiser 200 маркийн машины шилийг хагалж дотор байсан зүйлүүдийг авсан. Би учирсан хохирлоо төлсөн, би хохирогчид бүх хохирлоо бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгч хохиролгүй болгосон тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. /хэргийн 83 дахь тал/

Прокуророос яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.П- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санА- танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.П- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

          1. Шүүгдэгч Б овогт Д-ын П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.П-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.П-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.П- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ