| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0857/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/934 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/934
2022 06 20 2022/ШЦТ/934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр
Шүүгдэгч Б.М-,
Хохирогч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ын М-ад холбогдох эрүүгийн 2206 00154 0466 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “-” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Далангийн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ХХ00000000/ Б овогт Б-ын М-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 1346 тоот хашааны гадна иргэн Б.Э-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгой хэсэгт нь мөргөж, түүний биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, доод уруулын цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ:..Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Э өгсөн мэдүүлэг /хх-8-10/, гэрч С.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-18/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 447 дугаартай дүгнэлт /хх-24-25/, шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44-45/, Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, хохирогч Б.Э-оос хохирлын баримт хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-34-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.М- 2021 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 1346 тоот хашааны гадна иргэн Б.Э-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгой хэсэгт нь мөргөж, түүний биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, доод уруулын цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э-ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 1346 тоот өөрийн гэртээ Анхбаярын хамт ирээд эхнэрийн утсаар хүргэлтээр архи пиво зардаг хүний дугаар руу залгаад 1 том пиво захиалаад, Ганцын автобусны буудал дээр хүргэлтийн хүн ирсэн гэхээр нь найз Анхбаярын хамт очсон. Тэгээд мөнгөө өгөх гэсэн чинь мөнгөө гэртээ мартсан байсан. Тэгээд намайг жолоочийн хажуу сандал дээр сууж байсан залуу нь машинаас татаж буулгаад газар унагаагаад нүүрэн тус газар өшиглөсөн. Маргааш нь босоод болсон асуудлын талаар санахад миний шүдийг өшиглөж биш, харин толгойгоороо мөргөж хугалсан юм байна лээ. гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Б.М- машинаас бууж ирээд намхан нуруутай залууг надаас салгаж аваад цаашаа зууралдаж явж байгаад түлхэж унагаасан чинь нөгөө газарт унадаг залуу нь газраас босож ирэхдээ чулуу аваад Б.М-ын толгойны орой хэсэг рүү нь цохиж толгойг нь хагалсан. Б.М- уурлаад Б.Э- гэх залууг нүүр хэсэг рүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-18-19/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №447 дугаартай “...Б.Э-ын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх 24-25/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр найз С.Мөнх-Эрдэнийн гэрт ирээд 2 хонож байсан чинь 2021 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө хэвтэж байсан чинь С.Мөнх-Эрдэнэ намайг сэрээгээд “найраас үлдсэн хоёр ширхэг пиво байгаа тэрийг хүн авъя гэнэ хоёулаа аваачиж өгчхөөд ирье” гэж хэлэхээр нь гараад С.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө машиныг бариад би урьд талынх нь суудалд суугаад гудамжны үзүүр дээр гараад ирсэн чинь үл таних хоёр залуу зогсож байсан. Тэгээд машинд суугаад шууд 102 дугаар руу залгаад дуудлага өгч байгаад “алалцах уу” гэж хэлсэн тэгэхээр нь Мөнх-Эрдэнэ бид хоёр маргалдаад яахав гэж бодоод та хоёроос айж байна аа хөгшөөн гэж хэлээд байж байсан чинь тэр хоёр үл таних залуу мөнгөө мартчихаж гэж хэлээд гэр рүү хамт очоод хашааных нь үүдэнд зогссон чинь С.Мөнх-Эрдэнэ “мөнгөө аваад гараад ир” гэж хэлсэн чинь пиво авч орчхоод буцаад гарч ирээд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. С.Мөнх-Эрдэнэ хүлээн зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь л шууд С.Мөнх-Эрдэнийг ардаас нь өмссөн куртикнийх нь малгайнаас татаж байгаад толгойны ар хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд С.Мөнх-Эрдэнэ машинаас буугаад нөгөө хоёр залуу ч буусан юм. Би ардаас нь буусан чинь хохирогчийн найз гэх залуу намайг бариад авахаар нь би хавирч унагаад өөрөөсөө холдуулах гэж түлхэж унагаачихаад С.Мөнх-Эрдэнэ нөгөө залуу хоёр руу явж байсан чинь ардаас нөгөө түлхэж унагадаг залуу чулуугаар миний толгой руу цохиод улмаар миний толгойноос их хэмжээний цус гараад С.Мөнх-Эрдэнэтэй зууралдаж байсан залууг очоод толгой хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн чинь амнаас нь цус гарч байсан улмаар эхнэр нь гараад ирэхээр нь бид хоёр яваад өгсөн. Тэгээд тэр хүмүүсийг цагдаа руу явж байна гэхээр нь өөрсдөө ирсэн юм ” гэх мэдүүлэг /хх-44/,
Хохирогч Б.Э-оос гаргаж өгсөн хохирлын баримт /хх-34-35/
Шүүгдэгч Б.М- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-46/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.М-ын 2021 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 1346 тоот хашааны гадна иргэн Б.Э-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгой хэсэгт нь мөргөж, түүний биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, доод уруулын цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э- нь баримтаар 119.500 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-аас 119.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-од олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч Б.Э- цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Шүүхээс шүүгдэгч Б.М-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М- нь шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-аас 119.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-од олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС