Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2018/01444

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Ө-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/01343/И  дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч З.Б, хариуцагч М.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь М.Өтой 2003 оны 09 сарын 25-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 2003 оны 11 сарын 06-ны өдөр хүү Б.Н төрсөн. Одоо 15 настай, миний ээжтэй хамт амьдардаг. Бидний хамт амьдарсан жилүүдэд байнгын хэрүүл маргаантай, таарч тохирохоо байсны улмаас бид 2008 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Одоо бид хэн аль нь тусдаа амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон, эргэж хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Нг өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч М.Ө шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Бтэй 2000 онд танилцаж үерхэж байгаад 2003 онд гэрлэлтээ батлуулж тусдаа гарсан. Бидний дундаас 2003 оны 11 сарын 06-ны өдөр хүү Б.Н төрсөн. Одоо 15 настай, аавынхаа ээжтэй хамт амьдарч байгаа. 2008 онд намайг хагалгаанд ороод бие муу байхад З.Б нь намайг өмссөн хувцастай минь үлдээгээд хаяж явсан. Хүүтэйгээ хамт нэг жил гаруй хугацаанд хамт байсан ба ажил хийж амьдрахын тулд хүүгээ аавынх нь ээж дээр үлдээсэн. Хүүгийнхээ өссөн, дассан орчинг өөрчлөөд хэрэггүй гэж бодож байгаа, мөн шүүхэд гаргасан саналыг нь харгалзаад хүүхдийн асрамжинд маргах зүйл байхгүй. Бид тусдаа амьдраад 10 жил болсон, тус тусдаа гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар гаргах маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч М.Өод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2003 оны 09 сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь ПА№00 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.Н төрсөн болох нь Г №000 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оноос өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа байдал, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Нг  зохигчийн тайлбар, хүүхдийн нас болон хүүхдийн өсөж дадсан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг байдлыг харгалзан эцэг З.Бгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.  

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч З.Б нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Нг эцэг З.Бгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Өоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Бд олгож шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар З.Б, М.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Нг эцэг З.Бгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч З.Б нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг З.Б, М.Ө нарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Өоос  70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Бд олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН