Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/622

 

 

 

 

 

 

 

2022            08          01                                        2022/ШЦТ/622

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт Б-ын Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000001707 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг Рашаант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, ... хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүрэг 10 дугаар хороо .. дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ын Т-.

 

Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 2 дугаар хороо 7/2 дугаар байрны гадна хохирогч Б.Л-гийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар түүний хамар хэсэгт духаараа 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.Л-гийн “Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз Бол-Эрдэнийн ТБД Андуудад байдаг гэрт нь бэлэн гоймон, пиво бариад орсон.

Болд-Эрдэнэ урд өдөр нь уусан байсан болохоор аминдаа хамт ажилладаг найзуудынхаа дотрыг засахаар гэрт нь орсон юмаа. Мөнхтулга, Болд-Эрдэнэ бид гурав ээжийнх нь нөгөө өрөөнд сууж пиво ууцгаасан. Ингээд жаахан халж байтал Мөнхтулга багынхаа найз Т- гэдэг залууг дуудсан. Ингээд Т- гэх залуу ирээд бид танилцаад, түүний авчирсан пивыг ууцгаасан. Эрчүүд ууж идээд шуугиад, халцгаагаад эхэлтэл Болд-Эрдэнийн ээж дургүйцэж эхэлсэн.

Би шууд “бүгдээрээ гаръя, айл хүндрүүлээд дэмий” гээд ээжээс нь уучлалт гуйгаад бүгдээрээ гэрээс нь гарцгаасан. Ингээд 7/2 байрны хойд талын сааданд сууж нэг шил архи уугаад тарцгаая гэж ярилцсан. Ингээд би 1 шил 0,75 хэмжээтэй архи аваад байрны гаднах сүүдрэвчинд ууж эхэлсэн. Тэгтэл Т- гэх залууд эхлээд 2-3 удаа эвээр хэлэхэд өөдөөс агсраад огт үг авахгүй, ойлгохгүй байсан. Тэгэхээр нь эр хүн шиг ярилцах гээд тулж очоод “миний хөгшин одоо больчих, яасан агсан юм бэ, уухаа ч больё, ингээд харьцгаая” шаардлага тавьж хэлэхэд шууд намайг толгойгоороо хамар тус газарт нэг удаа маш хүчтэй мөргөсөн. Миний хамраас маш их хэмжээгээр цус асгарсан. Би цусаа тосоод доош тонгойж байтал Т- гэх залуу намайг нэмж зодох гэж байсан. Болд-Эрдэнэ түүнийг тэвэрч авч болиулах гэж хичээсэн. Сүүлдээ Болд-Эрдэнэ дийлэхээ байхад танихгүй хүмүүс цагдаа дуудсан байсан. Хүмүүс цагдаа дуудахыг мэдмэгц Т- нь шууд зугтаж гүйсэн.

... Тухайн үед Мөнхтулга, Болд-Эрдэнэ, Т- бид дөрөв байсан. Болд-Эрдэнийн ээж цонхоороо харсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ намайг мөргүүлээд доош суусан байхад цонхоороо болиочээ гэж орилж, гэрээсээ гарч ирсэн. Өөр хүмүүс харсан эсэхийг мэдэхгүй байна.

... Би гомдолтой байна. Т- гэх залуугаар өөрийн эрүүл мэнддэд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Одоо миний хамрын яс хугарч, таславч мурийсан, хамар байнгын битүүрсэн байдалтай, яаралтай мэс засалд орох эмчийн заалттай байгаа. Өнөөдрийн байдлаар мэс засалд орж амжаагүй байгаа. Би энэ Т- гэх залуугаас хамрын мэс засал, эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-12 дахь тал/

 

Гэрч Б.Болд-Эрдэнийн “ ... Нэг мэдэхэд Мөнхтулга би найзыгаа дуудсан. Намайг ирж авна гэж байсан. Л- бэлэн гоймон, том савтай пиво барьсан орж ирсэн. Дараа нь Мөнхтулга манай найз ирчихлээ гээд Т- гэх залууг манай гэрт оруулсан. Ингээд бид танилцаад эрчүүд хамтдаа пиво уусан. Нэг мэдсэн Т- гэх залуу орилж чарлаад агсраад эхэлсэн. Би байдал бишдэж байна, гэрээсээ гаргая гэж бодоод өндөрлье гээд гарцгаасан. Байрны хойд талын саравчинд бид тамхилж байтал Т- гэх залуу гэнэт орилоод хүний анхаарал татаад, ер нь л агсраад байхаар нь бид “залуу хүүхэд байж намбатай байлдаа, соёлтой байлдаа” гэж шаардлага тавихад шууд над руу “юу гэнээ пиздаа минь” гээд дайрах гээд босоод ирсэн. Л- тэр залууг болиулсан. Тэгтэл хэл амаа ололцохгүй Л-тэй маргалдаж “боль” гэсэн шаардлага тавихад түүнийг үгийн зөрүүгүй толгойгоороо хамар тус газарт нь нэг удаа маш хүчтэй мөргөсөн. Л-гийн хамраас цус асгараад гарсан. Тэгтэл нэмж зодох гээд дээр нь гараад суухаар нь би Т- гэх залууг “ хүн алчихлаа ш дээ “ гээд тэвэрч аваад болиулсан.” гэсэн мэдүүлэг. / хэргийн 18-20 дахь тал/

 

Гэрч Ж.Мөнхтулгын “ ... Т- зөрүүлээд Л-гийн хамар луу мөргөсөн. Хамраас нь цус гараад байсан. Тэгтэл удалгүй цагдаа ирж тараад Т- гүйгээд зугтаачихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-34 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6779 дугаартай:

1.3. Б.Л-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/

 

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед 10 жилийн нэг ангийн найз Мөнхтулгатай утсаар яриад түүний байгаа газарт очсон. ... Лхамаа дэлгүүрээс 1 шил архи авчраад түүнийг нь гадаа ууцгаасан.

Лхамаа бид хоёр хоорондоо муудалцсан. Энэ үед цаг 10 цаг болж байсан гэж бодож байна. Лхамаатай би юунаас болж маргалдаж муудалцснаа санахгүй байна. Муудалцаж байх явцад Лхамаа нь миний эрүүн тус газарт нэг удаа духаараа мөргөсөн. Өөрөөр цохиж зодоогүй. Биднийг Мөнхтулга, Болдоо нар салгасан. Би түүнээс цааш юу ч санахгүй байгаа. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн юмаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-62 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 7/2 дугаар байрны гадна Б.Л-, Б.Болд-Эрдэнэ, Ж.Мөнхтулга нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч Б.Л-г согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ зүй бус үйлдэл гаргалаа гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүний хамар хэсэгт духаараа 1 удаа мөргөж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Т- нь Б.Л-гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6779 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Л- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт Med trauma hospital эмнэлэгт толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ өгсөн 130,000 төгрөгийг баримтыг /хэргийн 43 дахь тал/ гарган өгчээ.

Шүүгдэгч Б.Т- нь шүүх хуралдаанд “хохирогч Л-д эмчилгээний зардал” гэсэн утгатай, 150,000 төгрөгийг Б.Л- шилжүүлсэн банкны гүйлгээний баримт гаргаж өгснийг үндэслэж шүүгдэгч нь хохирогчид нэмж төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Харин хохирогч Б.Л- нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлтыг эмчлүүлэх шаардлагатай гэсэн мэдүүлэг өгсөн тул уг эмчилгээтэй холбогдсон зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид улсын яллагчийн санал нь хийсэн хэрэгт нь тохирсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Л- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ