Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/623

 

 

 

 

 

 

 

 2022            08          01                                       2022/ШЦТ/623

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Б.Билгүүн,      

шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Б-ын Э-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205005451411 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг ... дүгээр хороо Горькийн ... дугаар гудамж ...  тоотод оршин суух,

урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жилийн тэнсэн, хянан харгалзсан ялыг сэргээж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан энэ таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг нэмж нэгтгэн бүгд 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Б-ын Э-.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн орчмоос өөрийнх нь жолоодон явсан тээврийн хэрэгсэлд суусан С.Бат-Эрдэнийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 53 дугаар байрны үүдэнд буулгахдаа такси үйлчилгээ авсан мөнгөө өгөх зорилгоор хохирогчоос хүлээлгэн өгсөн Хаан банкны виза картыг буцаан өгөхдөө өөр хүний банкны картаар сольж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч, түүний эзэмшлийн картнаас нийт 900,000 төгрөгийг бэлнээр гарган авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “Тухайн үед Бат-Эрдэнийн картыг авсан. Согтуу байсан. Шуналын сэдлээр картыг нь авч ашигласан” гэв.

 

Хохирогч С.Бат-Эрдэнийн “Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 4 замын урд талд байдаг Bull нэртэй газрын хажуу талд найз Оргил гэх залуугийн гэрт найзуудын хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад 04 цаг 30 минутын үед найзынхаа гэрээс гарч такси барьж гэр лүүгээ буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо 53 дугаар байр руу хүргүүлэхээр такси барьсан.

Би нилээн согтуу байсан тул хаагуур явснаа болон болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Тэгээд би гэртээ хүргүүлээд Хаан банкныхаа гүйлгээг хартал миний 5030674478 дугаарын данснаас мөнгө гарсан байсан. Тэгээд 20,000 төгрөг Цамбагаравын үйлчилгээний төвийн АТМ-с 05 цаг 34 минутын үед, дараа нь 10 дугаар хорооллын Сэлбэ төвийн АТМ-с 05 цаг 49 минутад 10,000 төгрөг, 06 цаг 10 минутад хорооллын Их хүрээ төвийн АТМ-с 500,000 төгрөг, дараа нь нэг өөр АТМ-с 06 цаг 43 минутад 400,500 төгрөгөөр нийт 930,500 төгрөг миний данснаас гарсан бйасан. Би таксины жолоочид өөрийн Хаан банкны картыг АТМ ороод эндээс мөнгө авчих гээд кодтойгоо хамт тухайн жолоочид өгснөө санаж байгаа. Би хаана яг картаа өгснөө санахгүй байна. Сүүлд гүйлгээгээ харахад хамгийн эхэнд Цамбагаравын үйлчилгээний төвд гүйлгээ хийгдсэн байсан. Мөн би Хаан банкны лавлах руу ярьж хаана, хаана гүйлгээ хийгдсэн талаар мэдсэн. Өглөө нь түрийвчнээсээ картаа байгаа эсэхийг хартал Батдоржийн Батмөнх гэдэг карт гарч ирсэн. Би тийм нэртэй хүн танихгүй. Тухайн жолооч надад миний картыг буцааж өгөхдөө сольж өгсөн байх гэж бодож байна. Тухайн хүн надад буцааж 1,000,000 төгрөгийг миний 5030674478 дугаарын данс руу 2 хувааж Баасанжав Э- гэсэн нэртэй 102400484990 гэсэн данснаас хийсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/,

 

Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29/1312 дугаартай хэрэглэгч Сайханбаярын Бат-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 29-30 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 цаг 34 минутын бичлэгийг тоглуулан бичлэгийн 05 цаг 34 минут 41 секундэд очиход АТМ-ны хяналтын камерт хохирогч Б-, холбогдогч Б.Э-ын хамт АТМ-р үйлчлүүлж байгаа бичлэг үлдсэн байв.

... 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 цаг 09 минутын бичлэгийг тоглуулан бичлэгийн 06 цаг 09 минут 21 секундэд очиход АТМ-ын хяналтын камерт холбогдогч Б.Э- ганцаараа АТМ-р үйлчлүүлж байгаа бичлэг үлдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 31-33 дахь тал/,

 

Б.Э-ын яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө өөрийнхөө 39-46 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Андуудын автобусны буудлын ойролцоогоос үл таних 1 эрэгтэй хүнийг таксиндаа суулгаад явж байтал тэр хүн надаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав автобусны буудлын хажууд байрлах Хаан банкны АТМ болон 10 дугаар хорооллын туслах зам дагуу байрлалтай АТМ-ээс тус тус хамт орж мөнгө авч өгсөн ба тухайн үедээ би тэр хүний Хаан банкны картынх нь нууц кодыг олж мэдсэн юм.

Тэгээд би тэр хүнийг очих газарт хүргэж өгөөд буулгасан чинь миний машинд өөрийнхөө картыг орхисон байсан. Тухайн үед тэр хүн нэлээн согтолттой байсан.

Тэгээд би тэр хүний нууц кодыг нь мэдэж байсан учраас картыг авч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний төвийн автобусны буудлын урд байрлах АТМ-с 500,000 төгрөг авсан. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бичилийн аркны хажууд байрлах АТМ-с 400,000 төгрөгийг тус тус авсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг их байсан учир би тэр хүний картнаас мөнгө авсан.

... Гэхдээ би тэр хүний мөнгийг буцаагаад өөрийнхөө Төрийн банкны дансаар нийт 1,000,000 төгрөг болгож хуваан шилжүүлж хохирлыг нь барагдуулсан ба баримт нь надад байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Э- нь таксины ажил, үйлчилгээ үзүүлэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн орчмоос Баянгол дүүргийн 6 дугаар хороо 53 дугаар байр хүргүүлэхээр зорчсон зорчигч С.Бат-Эрдэнийн өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалахдаа хайхрамжгүй хандсан нөхцөл байдлыг далимдуулан үйлчилгээний үнийг төлөхдөө ашигласан Хаан банкны виза картын мэдээллийг мэдмэгцээ бусдын банкны картыг зорчигч Б-д хүлээлгэн өгч түүний эзэмшлийн картнаас нийт 900,000 төгрөгийг авчээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Э-ын өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Иймд шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан баримт буюу Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29/1312 дугаартай хэрэглэгч Сайханбаярын Бат-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хэргийн 29-30 дахь тал/ хохирогч Б-д 900,000 төгрөгийн хохирол тогтоогджээ.

Хэрэгт хохирогч С.Бат-Эрдэнийн “... Тухайн хүн надад буцааж 1,000,000 төгрөгийг миний 5030674478 дугаарын данс руу 2 хувааж Баасанжав Э- гэсэн нэртэй 102400484990 гэсэн данснаас хийсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Голомт банкны Baldorj Batmunkh гэсэн бичиглэлтэй хар өнгийн виза картыг устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Голомт банкны Baldorj Batmunkh гэсэн бичиглэлтэй хар өнгийн виза картыг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ