| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00875/И |
| Дугаар | 155/ШШ2018/01446 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2018/01446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Э -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Г-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2018/00875/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Э нь Н.Гтай 2004 онд танилцаж, үерхэж байгаад 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү М 2008 оны 7 сарын 25-ны өдөр, 2 дахь хүү Т 2013 оны 1 сарын 1-ний өдөр, охин У 2017 оны 2 сарын 20-ны өдөр төрсөн. 2010 оноос хойш нөхөр Г архи уух болж, улмаар уух нь улам ихсэж, бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Нөхөр маань архи уугаагүй үедээ ч уур уцаартай байх болж, хүүхдүүдээ загнаж, зандарч харааж зүхэх болсон нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Иймд 2006 оны №0042221 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү М, Т, охин У нарыгаа өөрийн асрамжинд авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байна. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 27 дугаар гудамжны 8 тоотод байрлах 10м2х12м2 харьцаатай улсын бүртгэлийн Ү-1723000000 дугаартай 25 сая төгрөгийн үнэлгээтэй хувийн сууцны надад болон хүү М, Т, охин У нарт ногдох хувийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад нэмж ярих зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаанд бүх зүйлээ тодорхой ярьсан байгаа. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь нөхөр Г нь бидэнд өгсөн эвлэрүүлэх 3 сарын хугацаанд эхний 2 сар нь огт үзэгдээгүй байж байгаад сүүлийн 1 сард нь ирж уулсан. Тэгэхдээ ирж уулзаад надаас уучлалт гуйх нь битгий хэл “чи миний амьдралыг үгүй хийлээ, миний байшинг авах гэлээ” гэх мэтээр зөвхөн өөрийгөө бодсон, үр хүүхдээ огт бодсон сэтгэлгүй байдлаар асуудалд хандаж байсан ба бидний амьдралд хөндлөнгөөс оролцож ийм байдалтай болгосон ах, эгч нартай чинь тооцоо бодно шүү” гэх мэтээр олон юм яриад байсан. Тэгэхээр энэ хүнээс би хашаа байшингаас ногдох хэсэг гаргуулаад, хүүхдийн тэтгэлэг авлаа гэж бодоход дараа нь надад улам л дарамт болох болов уу гэж бодож байна. ...Тийм учраас гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. Өөр надад хэлэх зүйл байхгүй гэв.
Хариуцагч Н.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Этэй 2006 оны 9 сарын 18-ны өдөр гэр бүлж болж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хоёр хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд хүү М 2008 оны 7 сарын 25-ны өдөр, 2 дахь хүү Т 2013 оны 1 сарын 1-ний өдөр, охин У 2017 оны 2 сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд бид хоёр гэр бүл болж 11 жил нэг гэрт амьдарсан. Энэ хугацаанд би 3 хүүхдээ эцгийн ёсоор хайрлан хамгаалж, би 3 хүүхдээ өсгөсөн юм. 3 хүүхэддээ хайртай. Энэ хугацаанд би хааяа архи уудаг болсон бөгөөд эхнэр П.Э надтай байнга ширүүн догшин харьцдаг болсон. Гэр орноо өөд нь татаж, аятайхан байхыг хүсэж энэ талаар би юм хэлэхэд би чадахгүй, манайд хэн ирдэг юм гэж хэлдэг бөгөөд үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг юм. Миний бодол санаа бол 3 хүүхдийнхээ цаашдын хувь заяа, амьдралыг бодож, архи уухаа больж, хэн хэн маань ааш зангаа засаж үргэлжлүүлэн амьдарна. Надад сална гэсэн бодол санаа байхгүй. Би салахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Н.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Гэрлэгчид нь 2006 оны 09 сарын 18-ны өдөр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №0042200 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү М төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 115/000879 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүү Т төрсөн болох нь №0000850752/00 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин У төрсөн болох нь 6701000100 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 3 /гурав/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн нь үр дүнд хүрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.М, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Т, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Г.У нарыг зохигчийн тайлбар, хүүхдийн нас болон хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан эх П.Эийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.М, Г.Т, охин Г.У нарыг эх П.Эийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 420.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Эт олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Н.Гд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч хэрэгт авагдсан баримт нотлогоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Н.Г, П.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.М, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Т, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Г.У нарыг эх П.Эийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч П.Э нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Н.Гд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг П.Эт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420.700 /дөрвөн зуун хорин мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин Т болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН