| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2022/0607/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/625 |
| Огноо | 2022-08-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/625
2022 08 05 2022/ШЦТ/625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас С овогт Б-ын У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205009351420 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг ,эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ын У-.
Шүүгдэгч Б.У- нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хороо Усан сангийн задгай тоотын нийтийн байранд байх хугацаандаа 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Инвескор хэтэвч ББСБ” ХХК болон иргэн Н.А- нарын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ, цахим төлбөр тооцооны гэрээгээр халхавчлан Pocket зээлийн үйлчилгээнд Н.А- нэрээр цахим хэрэгсэл ашиглан нэвтэрч бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан хохирогч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д 425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхчимэгийн “2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Нэргүйн А- гэх хүн манай байгууллагатай “Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ” байгуулж байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.
Нэргүйн А- нь манайхаас нийтдээ 10 удаа зээл авч байсан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 19, 6 дугаар сарын 27, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд авсан зээлээ эргэн төлж барагдуулсан байгаа. 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 101,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 56,000 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 27,000 төгрөг, 8 дугаар сарын 29-ний өдөр 40,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 109,000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 27,000 төгрөг, 9 дүгээр сарын 22-ны өдөр 65,000 төгрөг нийтдээ 425,000 төгрөгийн зээл авсан боловч 83,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, үлдсэн 342,000 төгрөгийг зээлээ төлөөгүй байна. Нэргүйн А- нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулж дуусгаагүй байгаа.
Манайхаас зээлийн эргэн төлөлтийн хугацаа дөхсөн тохиолдолд зээлийн апплейкешинд бүртгэлтэй байгаа утасны дугаарт хугацаа дуусаж байгаа талаар мэдэгдсэн мессеж хүргүүлдэг бөгөөд хугацаа дуусах үед зээлийн хугацаагаа сунгах эсэхийг асуусан мессеж мөн хүргүүлдэг. Тэгээд зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд анх бүртгүүлсэн дугаар болон баталгаат дугаар руу нь залгаж мэдэгддэг юм.
Анх бүртгүүлсэн утасны дугаарт нь мессежээр мэдэгдэл код очоод нэвтэрч орсны дараа бүртгүүлсэн утасны дугаар, нууц кодуудаа дурын үедээ солих боломжтой. Гэхдээ гол нь анх бүртгүүлсэн утасны дугаараар код авч байж солигддог. Н.А-ийн үлдэгдэл 342,000 төгрөг байгаа бөгөөд хүү нэмэгдээд 380,755.48 төгрөг болсон. Одоогоор төлөлт хийгдээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дахь тал/,
Гэрч Н.А-ийн “ Би 2021 оны 6 дугаар сарын сүүлээр найзынхаа найзаар дамжуулан У-тай танилцаад тухайн үед тус тусдаа байр түрээслэн амьдарч байсан болохоор хамт байр түрээслэн амьдаръя гэж ярилцаад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хорооллын эцсийн усан сангийн ойролцоо нийтийн байр түрээслэн амьдарсан.
Тэр хугацаанд У- зээлийн “Pocket” гэх аппликейшн ашиглаад 100,000 төгрөг түр зээлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд өөрийн утасны дугаараас “Pocket” апплейкшинд бүртгүүлэх гэсэн боловч болохгүй байхаар нь У-агийн зүс таних ах Ганцолмон манайд ирэхээр нь Ганцолмонгийн утаснаас бүртгүүлээд үзье гээд дугаарыг нь оруултал бүртгэл нь баталгаажчихсан.
Тэгээд Ганцолмонгийн дугаараар өөрийн нэр дээр “Pocket” апплейкшинд бүртгүүлээд 100,000 төгрөгийн зээл аваад У-ад өгсөн. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “зээлийн төлөлтөө хийнэ үү” гэж “Pocket”-с мэдэгдэхээр нь би У-ад хэлсэн боловч төлөх боломжгүй байна гэсэн тул би мөнгийг нь өмнөөс нь төлсөн.
Тэгээд би ар гэрийн гачигдлын улмаас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг руу явж тэндээ ажилд ороод хотод ч буцаж ирээгүй юм. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эгч над руу залгаад “чи Pocket-с мөнгө зээлсэн юмуу, зээлийн төлөлт хэтэрсэн гээд юм яриад байна” гэхээр нь би “Pocket”-ын лавлахаас залгаж асуутал “таны нэр дээр хүүтэйгээ нийлээд 450,000 төгрөгийг зээл байна, 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 5 удаагийн оролдлогоор зээл авсан байна” гэсэн. Би Ганцолмонгийн 88642127 дугаарын утас руу залгаад зээлийн талаар асуухад “У- надаас хэд хэдэн удаа нууц үг сэргээх, баталгаажуулах код сэргээж авсан. Тэгээд чамайг яасан юм гэтэл надтай хамт байна, кодоо мартчихсан, тэгээд сэргээж авч байна гэж хэлээд 5 удаа нууц код авсан” нэж хэлсэн. У-агийн дугаарыг олж холбогдоод “чи миний нэр дээр зээл авчихсан юм уу” гэтэл “ тиймээ” гэсэн боловч дахин залгахад тийм хүн байхгүй гээд утсаа салгаад байгаа. Би анх удаагаа л “Pocket” аппликейшныг ашиглаж үзсэн бөгөөд нэг л удаа ашиглаж У-ад зээл авч өгчихөөд дахиж ашиглаагүй байсан юм. ...“ гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дахь тал/
Гэрч Б.Ганцолмонгийн “ ... Тухайн үед А- “ахаа би нэг апплейкшин татсан юм, миний дугаар болохгүй байна, таны дугаараар бүртгүүлээд 4 оронтой тоо авчих уу” гэхээр нь би “тэг тэг” гээд өөрийн 88642127 дугаараа өгөөд нэг удаа код ирэхээр нь А-т хэлж өгсөн.
Тэрнээс хойш тэр хоёртой холбогдоогүй байж байгаад 8 дугаар сард У- над руу залгаад “ахаа таны утсанд очдог 4 оронтой тоо дахиад явуулаад өгөөч, нөгөө апплейкшин дахиад болдоггүй ээ” гэсэн ба удалгүй миний утсанд код ирэхээр нь би У-д хэлж өгсөн.
2021 оны 10 дугаар сард Pocket зээлийн апплейкшинээс ярьж байна “та А- гэх хүнийг таних уу” гээд дахин дахин залгаад байхаар нь би тухайн үед А-ийг зээлийн аппликейшнд бүртгүүлсэн гэдгийг мэдээгүй болохоор “мэдэхгүй ээ, би зээлийн аппликейшнд бүртгүүлээгүй” гэж хэлсэн.
2021 оны 12 дугаар сарын үед гадуур явж байгаад У-тай таараад “А- чинь хаана байгаа юм бэ, миний дугаараар зээлийн аппликейшнд бүртгүүлсэн байна” гэхэд У- “мэдэхгүй ээ ахаа, бид хоёр холбоогүй байгаа” гэж хэлээд өнгөрсөн.
Тэгээд 2022 оны 01 дүгээр сард А- над руу залгаад “У- хаана байна, та надад олоод өгөөч” гэхээр нь би “мэдэхгүй ээ, чи ямар сонин охин бэ, хүний дугаараар код авна гэчихээд зээлийн аппликейшнд бүртгүүлээд зээл авчихсан юмуу, энэ учраа олоочээ, над руу Pocket байнга залгаад байна” гэтэл А- “үгүй ээ ахаа, У- харин миний регистрээр ороод таны утас руу код явуулж аваад 2,3 удаа зээл авчихсан байна. ... ” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 50-54 дэх тал/,
“Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ны хэтэвчийн хуулга. /хэргийн 57 дахь тал/,
Б.Уянгын яллагдагчаар өгсөн “... Би А-ийн нэр дээр бүртгэлтэй Pocket зээлийн аппликейшнээс нь түүнд хэлэлгүйгээр өөрийнхөө данс руу хэд хэдэн удаагийн үйлдлээр 300,000 гаран төгрөг авч гэмт хэрэг үйлдсэн.
... А- нь Ганцолмон гээд ахын утасны дугаар дээр бүртгүүлж байсан болохоор нь зээлийн хүсэлт өгөөд утасны дугаар дээр нь мессеж очдог болохоор Ганцолмон ах руу залгаад утсанд чинь код очно хэлээд өг гээд авчихсан юм.
... Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй. Бусдыг хохиролгүй болгоно. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У- нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Инвескор хэтэвч ББСБ” ХХК болон иргэн Н.А- нарын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ, цахим төлбөр тооцооны гэрээг Б.Ганцолмонгийн гар утасны дугаараар бүртгүүлсэн бүртгэлийг ашиглан 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хороо Усан сангийн задгай тоотын нийтийн байранд байх хугацаандаа Б.Ганцолмонтой холбогдож “ахаа таны утсанд очдог 4 оронтой тоог явуулаад өгөөч, нөгөө аппликейшн дахиад болдоггүй ээ” гэж худал хэлэн Б.Ганцолмонгоос ирүүлсэн нууц кодоор Pocket зээлийн үйлчилгээнд Н.А- нэрээр нэвтэрч Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д 425,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.У- нь Н.А-ийн Pocket зээлийн үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан Инвескор хэтэвч ББСБ” ХХК-нийг хуурч зээл авч 425,000 төгрөгийн хохирол учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Уянгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.У- нь шүүх хуралдаанд хохирол төлсөн талаарх банкны гүйлгээний баримтыг гарган өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Б.У- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ын Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уянгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Уянгыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.У- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ