| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00838/И |
| Дугаар | 155/ШШ2018/01464 |
| Огноо | 2018-09-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2018/01464
| 2018 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2018/01464 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ц-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2018/00838/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б би 1998 онд Г.Цтай танилцаж, үерхэж байгаад 2006 онд гэр бүлээ батлуулсан. 2004 онд охин Ц.Х, 2006 онд охин Ц.Ха, 2015 онд охин Ц.Хо төрсөн. Бидний амьдрал эхэн үедээ аз жаргалтай байсан. 2005 оноос хойш нөхөр Г.Ц нь архи ууж эхэлсэн ба архи уухаараа намайг бусадтай хий хардаж зоддог, гэр орны эд хогшилоо хулгайлж зарах болсон. 2018 оны 03 дугаар сарын 04-ны шөнийн 02 цагт аавын гэрт агсам тавьж, намайг хутгалж ална гэж сүрдүүлж, намайг зодож, миний машины купер хага цохисон. Би болон миний хүүхдүүд нөхөр Г.Цаас маш ихээр айж байна. Иймд Г.Цтай цаашид амьдрах боломжгүй бөгөөд гэр бүл цуцалж, охин Ц.Х, Ц.Ха, Ц.Хо нарыг асрамжиндаа авч эцэг Г.Цаас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд бид эвлэрээгүй. Өмнөх шүүх хуралдаанд хэлэх гэсэн зүйлээ бүгдийг ярьсан. Өөр нэмж ярих тайлбар байхгүй байна. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.Ц миний бие Д.Бтэй 2006 онд гэр бүлээ батлуулж 3 охинтой болж музейн номын санд 2004 оноос 2017 он хүртэл 13 жил ажилласан. Үр хүүхэд хань ижилтэйгээ сайн сайхан амьдарч байсан. Цалин болон цалингийн зээл авч хашаа байшингаа тохижуулж, эхнэртээ унаа машин авч өгч хүний дайтай л явсан. Би архи уух үе байдаг байсан. Гэхдээ ажил амьдралаа алдаж эд зүйл хоол хүнсээ зарж байгаагүй, эхнэр охидоо сүрдүүлж ална тална гэж дарамталж байгаагүй. 2017 оны 5 сард хадам эгч Д.Н, хадам дүү Д.Л нарын ятгаж зөвлөснөөр Оюу-толгойн уурхайд ажилла цалин өндөр гэснээр би ажлаасаа гарч тэнд 56 хоноод 28 хоног амардаг байсан боловч цалин өндөр байгаагүй. Би гэр орондоо хань ижил, үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдармаар байсан. Тийшээ явснаас хойш эхнэр маань хөндий хандах болсон. Мөн 2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 01 цагт хадмынд очсон гэтэл эхнэр Д.Б согтуу байсан. Би халамцуу байсан нь үнэн. Гэхдээ эхнэр болон хадмууддаа хутга мэс барьж агсам тавиагүй. Хоёр охинтойгоо гэртээ ирж хоноод маргааш өглөө 09 цагт хадмынд очиход хадам эгч Д.Н намайг чи энэ гэрт орох эрхгүй зайл гэж доромжилж цохиж хөөснөөр би хариуд нь танай дүү чинь мөсний баярт намайг хаяж хүнээр машинаа бариулж явсан гээд машиныхаа “гупер”-ыг цохисон. Миний амьдралд хадам эгч дүүс оролцож байгаад би гомдолтой байна. Би музейдээ ажиллаад эхнэр хүүхэдтэйгээ цуг байсан бол бид ойлголцоод амьдраад яваад болоод л байх байсан. Би 3 охиноо эцэггүй өсгөхгүй элэг бүтэн байлгамаар байна. Ханьтайгаа ч гэсэн ойлголцоно гэж найдаж байна. Цаашид би архи уухгүйгээр эхнэртэйгээ амьдарч, гэр бүлээ авч явахыг зорилгоо болгоно гэж бодож байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Эвлэрэх хугацаа бидэнд өгсөн ба энэ хугацаанд би эхнэр хүүхдүүдийнхээ араас зөндөө очсон боловч намайг хүлээж аваагүй. Шүүхээс гэрлэлтийг цуцална гэвэл би том охиноо ч юм уу, дунд охиноо ч юм уу, аль нэгийг нь өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Цид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь №0000115/000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний дундаас 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Ц.Х төрсөн болох нь 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №0184000 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Ц.Ха төрсөн болох нь 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №0209876-000 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.Хо төрсөн болох нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №6701000000 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 2 /хоёр/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд зохигч эвлэрээгүй, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн нь үр дүнд хүрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчдийн дундаас 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.Х, 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Ц.Ха, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ц.Хо нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Д.Бгийн асрамжид үлдээж, эцэг Г.Цаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ц.Х, Ц.Ха, Ц.Хо нарыг эх Д.Бгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 13.314 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Цаас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.Х 14 настай, 2006 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн охин Ц.Ха 12 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийг хүүхэд тус бүрт, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ц.Хо 3 настай тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар болгон хариуцагч Г.Ц төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ц.Х, Ц.Ха, Ц.Хо нарт сар бүр төлөх тэтгэлэг 456.500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 5.478.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 102.598 төгрөг, нийт 172.798 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Г.Ц, Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.Х, 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Ц.Ха, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ц.Хо нарыг эх Д.Бгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ц.Хоыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасанаар 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.Х, 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Ц.Ха нарыг 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Цаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Г.Цид, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Бд тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.112 /нэг зуун арван найман мянга нэг зуун арван хоёр, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цаас 172.798 /нэг зуун далан хоёр мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг, улсын орлогоос 13.314 /арван гурван мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН