Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/634

 

 

 

 

 

 

 

 2022            08          15                                       2022/ШЦТ/634

 

 

 

         

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Ч.М-, П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ч-ын М-, Б овогт П-ын Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205019321925 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж АОС-р ... дугаар байранд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч-ын М-

 

Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, лам, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч 1 дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж АОС-р ... дугаар байранд оршин суух,

урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт П-ын Б-.

 

Шүүгдэгч Ч.М-, П.Б- нар нь бүлэглэж 2022 оны 5 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачтан эмнэлгийн хажуу талын АОС-ны 70 дугаар байрны орчим “хашаа руу шээсэн” гэх шалтгаанаар хохирогч С.Ц-ынын биед халдаж хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв

 

Хохирогч С.Ц-ынынМиний бие 2021 оны 9 дүгээр сараас эхлэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо Амины орон сууц 65 дугаар байранд амьдарч байгаа юм. Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр найз нартайгаа жаахан гадуур явж байгаад гэртээ харихаар эхнэр ирэхээр нь автомашин бариулаад гэртээ харихаар явж байсан чинь Ачтан эмнэлгийн тэнд бие засахаар амьхандаа гэрэлгүй газар ороод гэрийн ойролцоо байран дунд хөнгөнөөр бие зассан юм. Тэгээд байж байхад нэг байрнаас үл таних хүн надад хандаад чи наанаа шээхээ боль гээд хэлсэн бөгөөд энэ үед би хариуд нь энд бие засах газар олдохгүй байна, өмдөндөө шээлтэй нь биш дээ гээд хэлсэн чинь намайг хараагаад байсан. Тэгээд жаахан маргаан болсон бөгөөд энэ үед нөгөө ах өөдөөс ирэхээр нь би машины араас айлгах гээд камерын хөл гаргаж ирээд хөл дээр нь дэлгээд тавьсан байхад цаанаас нь хар бараан өнгийн фудволк өмссөн 25 орчим насны тарган эрэгтэй хүн шууд ирээд намайг шанаа хэсэгт цохиод авахаар нь өөдөөс нь зуураад авсан чинь миний энгэрээс заамдаж байгаад хавсраад газар унагаасан. Тэгээд дээр гарч ирж суугаад шанаа хэсэгт цохисон. Би босох гээд хажуу тийш эргээд хартал хажууд зогсож байсан анх надтай маргаан хийгээд байсан ах нэг удаа нүүрний хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед миний хамраас цус гараад эхэлсэн бөгөөд өөр нэг залуу болон манай эхнэр нар ирээд маргаан зодоон салгасан. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн бөгөөд дуудлагаар цагдаа ирэх үед нөгөө гурван хүн гэртээ яваад орсон юм. Цагдаа нар ирэхээр нь би нөгөө хүмүүсийн орсон гэх гэрийг заагаад өгсөн бөгөөд гэрээс анх маргаан эхлээд намайг хөлөөрөө өшиглөж хамар гэмтээсэн ах гарч ирсэн ба харин сүүлд нэмж ирээд байсан залуу болон нөгөө намайг цохиж унагаасан эрэгтэй нар байхгүй байсан.

... Одоо надад баримтаар байгаа нь 173,000 төгрөгний баримт байгаа бөгөөд цаашид хамар ясны хугарал гэмтэл янзлуулах мэс зардал зардал мөнгө нь 2,500,000 төгрөг болно гэж хэлсэн. Иймд энэ зардал мөнгөө гэм буруутай хүнээр нь барагдуулмаар байна.

Би өмнө харж байгаагүй хүн байсан бөгөөд одоо харвал танина. Би тэр өдөр анх таарсан тул өөр ямар нэг өр авлага өс хонзон гэх зүйл байхгүй. Би огт гар хүрээгүй тул гэмтэл бэртэл учруулаагүй. Намайг анх ирээд цохисон залуу миний мөрөнд байгаа зулгаралт гэх гэмтэл учруулсан бөгөөд тэр нь хавирч унагаах үед зүүн мөрөнд зулгаралт үүссэн гэмтэл. Харин хамар яс хугарсан гэх гэмтэл нь настай ах намайг хүний доороос гарах гээд тэмцэж байхад ирээд өшиглөсөн. Энэ үед үүссэн гэмтэл гэж бодож байна. Би өөрт учирсан зардлаа гаргуулж авмаар байна. Мөн цаашид миний хамар хугарсан байгаа бөгөөд энийг 2,500,000 төгрөг гэж хэлсэн. Тэр мөнгөө гаргуулаад авмаар байна. Би өөрөө болсон явдлын талаар үнэ зөвөөр мэдүүлж байна. Надад ямар нэг дарамт шахалт үзүүлсэн нөлөөлсөн зүйл байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-34 дэх тал/

 

Гэрч Л.Уранчимэгийн “Би 2022 оны 5 сарын 21-ний өдөр 00 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачтан эмнэлгийн баруун талд байрлах 70 дугаар байрны гадна зогсоолд нөхөр Ц-ынын хамтаар машинаа байрлуулаад байж байсан ба Ц-ына бие гээд машинаас буусан. Тэгээд машинд орж ирэхгүй удаад, мөн гадаа хүмүүс шуугилдаад байхаар би машинаас буугаад хартал Ц-ына нь үл таних 3 хүнд зодуулж цохиулаад байж байсан. Тэгээд би салгах гэж очоод тэр хүмүүсийг болиоч гээд Ц-ыныг салгаад машины хажууд цусыг нь арчаад сууж байсан чинь цаанаас нь дахиад 1 залуу нь ирээд манай нөхрийг нүүр хэсэг рүү нь цохиж дайрсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дэх тал/

 

Гэрч Ч.Бямбабаярын “... 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед 10 дугаар хороололд байдаг М- ахын гэрийн гадна бид 2 тамхи татаж байтал М- ахын байрны хашаа руу нь нэг үл таних залуу бие засч байсан. Тэгэхээр нь манай ах очоод болиулах гэтэл та нар нойл бэлдэхгүй яасан юм гээд машиныхаа араас камерын хөл гаргаж ирсэн. Тэгээд нэг хартал ах газар уначихсан ахынд байсан манай дүү Сувдбилэгийн найз залуу Баяраа нь тэр үл таних хүнтэй ноцолдож байсан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очиж салгасан. Би тэрийг сайн анзаараагүй. Намайг харж байхад ноцолдоод л байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 95 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 8664 дугаартай:

“1. С.Ц-ынын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 37-38 дахь тал/

 

Шинжээч Т.Чимэд-Очирын “... Эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөрөн дэх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дахь тал/

 

Ч.М-ын яллагдагчаар өгсөн “2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед гэрийн гадна гартал манай байрыг тойрсон хашаа руу нэг үл таних эрэгтэй хүн шээгээд зогсож байсан.

Тэгэхээр нь би чи яагаад ил задгай бие засаад байгаа юм гэтэл над руу ирээд чамайг ясыг чинь яариулаад өгнө шүү гэж хэлээд машиныхаа араас камерын хөл шиг том хар төмөр гаргаж ирээд наашаа хүрээд ир гэхээр нь өөдөөс нь яваад очтол миний нуруу хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл манай дүү охины найз Баяраа гэх залуу нэг харсан тэр үл таних залуугийн дээр нь гарчихсан нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Тэр үед нь манай дүү Бямбабаяр болон тэр үл таних залуутай хамт явж байсан нэг эмэгтэй нар гарч ирээд бид нарыг салгаад би шууд гэр рүүгээ явж орсон.

... Би уг гэмт хэргийг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51 дэх тал/

П.Б-ын яллагдагчаар өгсөн “... ах М- очоод боль гэж иргэний хувиар шаардлага тавьсан. Тэгтэл нөгөө үл таних эрэгтэй хүн тэгвэл энд шээх газар бэлдэхгүй яасан юм бэ гэж хэлээд ахыг хүрээд ир ясыг чинь яариулаад өгье гэхээр нь М- ах яваад очтол тэр эрэгтэй М- ахыг нэг цохих шиг болсон. Тэгэхэд нь би тэр хоёр дээр очоод үл таних хүний барьчихсан байсан 3 хөлтэй төмрөөс нь бариад түлхээд унагасан. Тэгээд салсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

2022 оны 5 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачтан эмнэлгийн хажуу талын АОС-ны 70 дугаар байрны орчим хохирогч С.Ц-ына нь бие засахад шүүгдэгч Ч.М- нь хашаа руу бие заслаа гэсэн шалтгаанаар С.Ц-ынатай маргалдах явцад шүүгдэгч Ч.М-, П.Б- нар нь бүлэглэж биед нь халдаж хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөж хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4  Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.М-, П.Б- нар бүлэглэн С.Ц-ынын Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.М-, П.Б- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч С.Ц-ынын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 8664 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ц-ына нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хэрэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 173,000 төгрөгийн баримт /хэргийн 35 дахь тал/ авагджээ.

Хэрэг шүүхэд хянагдах хугацаанд шүүгдэгч нараас 173,000 төгрөгийг хохирогч С.Ц-ынын Голомт банкны 1205039782 дугаарын дансаар шилжүүлсэн орлогын мэдүүлэг баримтыг гарган өгсөн байх тул шүүгдэгч Ч.М-, П.Б- нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч С.Ц-ына нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлтыг эмчлүүлэхтэй холбогдсон зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдвал зохино.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох, П.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.М-, П.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол, хор уршгийг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.М-, П.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт П-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

П.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.М-, П.Б- нарыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.М-, П.Б- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Ч.М-, П.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Ц-ына нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.М-, П.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ