Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/636

 

 

 

 

 

 

 

2022            08          17                                        2022/ШЦТ/636

 

 

 

         

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Ж.О- түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ж-ын О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205008801917 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймаг Хашаат суманд төрсөн, 60 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ..., Төв аймаг, Зуун мод сум, ...  баг Нацагдорж ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горький ... дугаар гудамж ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж-ын О-

 

Шүүгдэгч Ж.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горький 27 дугаар гудамжны 1217 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Э-г “архи авч өгөхгүй бол яв” гэсэн шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О- мэдүүлэхдээ: “3 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт Энхтуяа ирсэн. Нөгөөдөр нь буюу 3 дугаар сарын 04-ний өдөр ийм асуудал болсон. Би буруутай, ухаарч байна. Г.Э-гийн цаашид шаардагдах эмчилгээний зардлыг гаргаж өгнө. Би хохирогчоос уучлалт гуйсан” гэв.

 

Хохирогч Г.Э-гийн “... Би 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагч Ж.О-ийн гэрт /Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 27 дугаар гудамж 1217 тоот/ эмчилгээний мөнгө авахаар очсон. Тэгтэл О- гэртээ Чинбат гэх найзтайгаа нэг шил Хараа нэртэй архи уугаад дуусаад сууж байсан. Би О-т хандаж чи намайг эмнэлэгт үзүүлнэ цуг явна гээд байсан, яагаад согтуу гэртээ байж байгаа юм бэ гэж хэлсэн чинь би явахгүй тийшээ чинь явж чадахгүй гэж хэлэхээр нь би гэр рүүгээ буцаад явах гэтэл О- намайг гэрт явахгүй байж бай, надад нэг архи аваад өг гэхээр нь би хамт байсан хүнээс нь санаа зовоод О-ийг дэлгүүр рүү дагуулж гараад нэг шил 0,75 литрийн Экс нэртэй архи, Жанчивлан рашаан, LD нэртэй тамхи 2 ширхэг, 5 литр ус нэг ширхэгийг 34,000 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкны картнаасаа мөнгийг нь уншуулаад авч өгсөн.

Тэгээд О-тэй хамт гэрт нь орсон. Би Чинбаттай суугаад юм ярих гэтэл Чинбатыг О- хөөгөөд чи одоо харь, манай эхнэр ирчихсэн байхад гэж хэлээд хөөгөөд байсан.

... Би О-тэй ярилцаж нэлээн суусан. Авч өгсөн архинаас бага хэмжээгээр уусан. Би архинаас согтолтлоо уусан зүйл байхгүй. Тэр өдрөө О-ийнд хэрүүл тэмцэлгүй унтаад амарсан. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өглөө босоод байж байтал О- Энхээ нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би картаа өгөөд гаргасан. Удалгүй тамхи, тараг, 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад гэртээ ороод ирсэн.

... О-т чи зүгээр байсан хүнийг цохиж зодоод өчигдөр Чинбатыг хөөгөөд, өнөөдөр Цээгий ахыг хөөгөөд цохиж нүдээд явууллаа гэж хэлээд загнатал битгий хуцаад бай, солиороод байгаарай гэж над руу хэлээд гал тогоо руу ороод би О-тэй юм яриад сууж байтал миний нүүр рүү нулимсанаа толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөөд миний хамраас цус гартал хажууд төмөр хөлтэй эвхэгддэг жижиг сандлыг аваад миний толгой руу өчнөөн цохисон.

Би баруун гараараа нүүрээ хаатал миний гар луу сандлаараа цохиод миний гарыг гэмтээсэн. Би амь авраарай гэж орилсон. Тэгтэл намайг О- манай авгай чамайг манайд ирвэл ал гэж хэлсэн, би чамайг бүр гүйцээчхээд би өөрөө шоронд яваад очно гэж хэлээд намайг сандлаар нүдэж үснээс гараараа зулгааж байгаад өчнөөн нүдсэн.

Би хөл нүцгэн гэрээс нь гараад зугтаасан. Миний толгойноос гарч байгаа цус тогтохгүй байсан. Хэсэг хугацааны дараа О- гэрээсээ гарч ирээд ороод наад цус хунараа угаа гэхээр нь би гэр лүү нь ороод цусаа угаатал намайг ор руу хэвт гэж хэлээд хэвтүүлээд О- надад толгойны эм, даралтны эм өгч уулгаад хэвтүүлсэн. Тухайн үед миний нүүр толгой гар битүү хавдар болчихсон байсан.

... Гэртээ хоёулахнаа байхдаа л зодчихоод байдаг. Хүн амьтны хажууд надад юм хэлж намайг зодоод байдаггүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-26 дахь тал/

“... Би 2022 оны 3 дугаар сард зодуулж гэмтэл авснаас хойш Төмөр замын эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Улсын 1 дүгээр эмнэлэгт тус тус үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Надад баримт байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дахь тал/

 

Гэрч Д.Энх-Амгалангийн “... 2014 оноос хойш О- гэх хүнтэй хамт байж найзлах болсон ба бид нараас хувийн харьцаагаа нуудаг байсан.

... Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 27 дугаар гудамж 1217 тоотод ээж Энхтуяаг дагуулж очиход О- нь манай ээжийг цохиж зодоод гэрээсээ хөөгөөд гаргасан байсан.

Тухайн өдөр манай ээж, эхнэрийн ажил дээр таксидаж ирээд О- гэх найз /хамтран амьдрагч/ нь зодоод гэрээсээ явуулах гэж сандлаар цохиж зодлоо гээд толгойны ар хэсэгтээ хагарсан, шархнаас нь цус гарсан, нүдний ухархай нь гэмтсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үедээ О-т хандаж юу болсныг асуухад ах нь танай ээжийг архиныхаа халуунд цохиж зодсон байна, уучлаарай, эмчилгээний зардлыг нь гаргаад төлчихнө гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-43 дахь тал/

 

Гэрч О. Мягмартуулын “... Манай аав Энхтуяа гэх хүнтэй 2015 оноос хойш хамт архи ууж, харьцах болсон бөгөөд өөрөө архи барьж манай аавын гэрт ирж уриалан дуудчихаад ямар нэгэн асуудал гарахаар 102 дугаарт манай нөхөр намайг цохиж зодоод байна гэж дуудлага өгдөг ба манай аав тухайн эмэгтэйтэй ямар нэгэн албан ёсны эхнэр нөхрийн баталгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45-46 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3938 дугаартай:

“1. Г.Э-гийн биед баруун гарын чигчий хурууны хоёрдугаар /дунд/ шивнүүрийн ясны далд хугарал, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дух, баруун мөрний ар, хоёр дал, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, 2-5 дугаар хуруу, зүүн бугуйд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, хоёр шуу, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн толгойн компьютер томографийн шинжилгээгээр эрүү, зүүн хоншоорын хөндийн өмнөд хана, баруун нүдний ухархайн гадна, дотор хана, хамрын ясны хуучин хугарал гэмтлүүд тогтоогдож байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-50 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ж.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 27 дугаар гудамжны 1217 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Э-г “архи авч өгөхгүй бол яв” гэсэн шалтгаанаар толгойгоороо мөргөж, эвхэгддэг сандлаар толгойн тус газарт нь цохиж биед нь баруун гарын чигчий хурууны хоёрдугаар /дунд/ шивнүүрийн ясны далд хугарал, баруун зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дух, баруун мөрний ар, хоёр дал, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, 2-5 дугаар хуруу, зүүн бугуйд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, хоёр шуу, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.О- нь Г.Э-гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3938 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хэрэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 186,000 төгрөгийн баримт /хэргийн 91-93 дахь тал/ авагджээ.

Шүүгдэгч Ж.О-ээс шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт Г.Э-д нийт 500,000 төгрөг төлсөн банк хоорондын шилжүүлгийн баримт гаргаж өгсөн тул түүнээс нэмж гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч Г.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдсон цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд үндэслэлээ “Хамтран амьдрагчийн биед удаа дараа халдаж байсан. Өмнөх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бол одоогийн үйлдэл бий болохгүй байсан. Нийгмээс тусгаарлаж, ухамсарлуулах зорилгоор хорих ял оногдуулах санал гаргасан” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Нэг жилийн хугацаагаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 2.700.000 төгрөгөөр торгож өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох оногдуулж, түүний өндөр насны тэтгэвэрт байдаг, өөр орлого олдоггүй байдлыг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хорих байгууллагад байлгах улсын яллагчийн саналын үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжгэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.О-ийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.О-ийг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О-ийг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Ж.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ