Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/641

 

 

 

 

 

 

 

2022             08           18                                      2022/ШЦТ/6...

 

 

 

      

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Б.Н- түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Боржигон овогт Баттуяагийн Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202001790155 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан-Уул аймаг Дархан сум .. дугаар баг Баяндаваа гудамж ... тоотод оршин суух, Баянгол дүүрэг ... дүгээр хороо ...  хороолол ... байр ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баттуяагийн Н-.

 

Шүүгдэгч Б.Н- нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот орон сууцанд үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Мөс” нэршилтэй метамфетамин агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт 3 хэсэг уутанд хийсэн нийт цэвэр жин 2.0526 грамм бодисыг,

2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 4 дүгээр жагсаалтад багтсан “Пировалерон” /Pyrovalerone/ гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0320 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “... Хажууд нь тунгалаг амсар хэсэг нь наалддаг 3 ширхэг уутанд бүхэл зүйл байв. Уг зүйлүүдийг эд мөрийн баримтаар хураан авав. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 8-12 дахь тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “... Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамин агууламжтай мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 25 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1728 дугаартай:

“1.2 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Н- БГД-I 2022.03.14. 1430” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /THC/, метамфетамин /мethamphetamine/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/, метамфетамин /мethamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт. /хэргийн 35-37 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1729 дугаартай:

“1.2 Шинжилгээнд ирүүлсэн нунтаг мөс мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Хуванцар саванд байсан мөс мэт зүйл, 3 ширхэг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /мethamphetamine/ илэрсэн. Метамфетамин /мethamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар саванд байсан мөс мэт зүйлийн үлдэгдлийн цэвэр жин нь 0,0528 гр, 1 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлийн уутны хамт жин нь 0,8305 гр, цэвэр жин нь 0,6280 гр, 2 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн уутны хамт жин нь 1,0152 гр, цэвэр жин нь 0,8259 гр, 3 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн уутны хамт жин нь 0,7386 гр, цэвэр жин нь 0,5459 гр байсан ба 0,05 гр-г шинжилгээнд зарцуулав. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 39-43 дахь тал/

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 80-84 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2280 дугаартай:

“2. “4” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,0320 гр байсан ба 0,016 гр-г шинжилгээнд зарцуулав.

3. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан бөөрөнхий ёроолтой шилэн бонго мэт зүйл, “4” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл тус бүрээс пировалерон /Pyrovalerone/ илэрсэн. Пировалерон /Pyrovalerone/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын IV жагсаалтад хамаарна. “2” гэж дугаарласан модон иштэй хөвөн бамбар, “3” гэж дугаарласан шар өнгийн асаагуур тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 111-114 дэх тал/

 

Гэрч А.Эрдэнэбатын “... 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг гээд ажлаа тараад гэртээ ирээд хоол ундаа хийж идээд байж байгаад би гарах гээд хаалга онгойлгосон чинь доошоо доошоо гээд цагдаа нар ороод ирсэн. Би юу ч ойлгоогүй. ... Миний түрээслэн амьдарч байгаа байранд нэгжлэг хийгээд зураг дараад баахан юм үзээд хувцас хунар шалгаад байсан. Би Н- эгчийг хар тамхины хэргээр шалгагдаж байгааг мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 143-144 дэх тал/

 

Гэрч П.Ганбаатарын “ ... Тэгтэл Эрдэнэбат найз охинтойгоо уулзана гээд гэрээс гарах гэтэл урдаас нь цагдаа нар ороод ирсэн. Манай гэрт нэгжлэг хийсэн. Би Нандиа эгч, Энхмандах нарын хамт 2022 оны 3 дугаар сарын 25-ны үеэс байр хамт түрээслэн амьдарч байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 147-149 дэх тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “ ... Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... байрны ... тоотод нэгжлэг хийн хураан авсан №1 гэж дугаарласан цагаан өнгийн шилэн бохирлогдсон бонго, №2 гэж дугаарласан модонд ороосон хөвөн, №3 гэж дугаарласан шар өнгийн асаагуур, №4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс гэх нэршилтэй ... 0,016 грамм эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 152 дахь тал/

 

Б.Н-ийн яллагдагчаар өгсөн “2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... байрны ... тоотоос гарч Андуудын автобусны буудлын ертөнцийн зүгээр урд байрлах гурван залгаа түргэн үйлчилгээний цэгээс идэх юм авахаар гарсан.

Дэлгүүрийн үүдэнд очиход хар куртиктэй, малгайтай цамцтай, 30 орчим насны залуу түргэн үйлчилгээний цэгийн хойно тамхины хайрцаг шидээд зургийг нь дараад яваад өгсөн. Тухайн үед санаанд ороогүй дэлгүүр орж юмаа аваад гарах үед хайрцагтай зүйл байхаар нь зургийг нь дараад явсан болохоор сонин санагдаад тамхины хайрцагтай зүйлийг аваад гэр рүүгээ орсон.

Ингээд гэртээ ороод задалж үзэхэд нэг ширхэг тамхи, дөрвөн ширхэг ууттай цагаан өнгийн нунтаг зүйл байсан. Ууттай зүйлүүдийг сонирхож интернэтээс хайхад хар тамхины төрлийн бодис байсан ба интернэтээс хэрэглэх зааврыг харж байгаад гэртээ ганцаараа байх үедээ чихрийн цаасан дээр тавьж ууршуулж хэрэглэсэн.

... 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дахин Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 4 ууттай мөс олсон ба нэг ууттай мөсөө шубаныхаа халаасанд хийгээд мартсан байсан. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шубаа дэрлэх гээд гаргаж ирэхэд халаасанд нь юм байгаад байхаар нь үзтэл үлдэгдэл нэг ууттай мөс байгаад баригдсан.

Эхний гурван ууттай мөс нь жижиг, жижиг хэлбэртэй байсан. Харин шубаны халаасанд хийсэн мөс нь цагаан өнгийн нунтаг хэлбэртэй байсан. Шинжээчийн дүгнэлтээр пировалерон бодис гэж гарч ирсэн байсан. Би энэ талаар мэдэж байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм төрлийн гэмт хэрэгт орооцолдохгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 206-207 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

   Шүүгдэгч Б.Н- нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот орон сууцанд үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Мөс” нэршилтэй метамфетамин агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт 3 хэсэг уутанд хийсэн нийт цэвэр жин 2.0526 грамм бодисыг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 4 дүгээр жагсаалтад багтсан “Пировалерон” /Pyrovalerone/ гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0320 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Н- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Н-ийн үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч Б.Н- нь гэмт хэргийн улмаас учруулсан, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н- нь хоёр удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг хангасан буюу эхний үйлдэлдээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа дахин хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалж байсан, нөгөө талаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “зорчих эрх хязгаарлах”, “тэнсэх” саналыг хүлээн авах боломжгүй байна.

 Иймд Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хуванцар саванд байсан мөс мэт бодис цэвэр жин 0,0528 грамм, №1 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт бодис цэвэр жин 0,6280 грамм, №2 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт бодис цэвэр жин 0,8259 грамм, №3 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт бодис 0,5459 грамм, цагаан өнгийн шилэн бонго, модонд ороосон хөвөн, шар өнгийн асаагуур, цагаан өнгийн мөс мэт бодис 0,0320 грамм зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баттуяагийн Н-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Н- оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Н- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хуванцар саванд байсан мөс мэт бодис цэвэр жин 0,0528 грамм, №1 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт бодис цэвэр жин 0,6280 грамм, №2 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт бодис цэвэр жин 0,8259 грамм, №3 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт бодис 0,5459 грамм, цагаан өнгийн шилэн бонго, модонд ороосон хөвөн, шар өнгийн асаагуур, цагаан өнгийн мөс мэт бодис 0,0320 грамм зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ