Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 106/2022/655

 

 

 

 

 

 

 

 

 

 2022           08           25                                       2022/ШЦТ/655

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч О.Н- түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Ё овогт О-ын Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203002390315 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ...  дугаар хорооо, Зүүн нарангийн ...  дугаар гудамж .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ё овогт О-ын Н-

 

Шүүгдэгч О.Н- нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун замд Toyota Prius маркийн ХХ-ХХ УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ унадаг дугуйтай зорчигч Р.Даваацэрэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н- мэдүүлэхдээ: “Замын хөдөлгөөний дүрмийн дагуу тасархай зураасаар ухрах үед хойд толиндоо харахад юу ч харагдаагүй. Хойноос ирж буй машин ч надад зам тавьж өгсөн. Даваацэрэн ах нэгдүгээр эгнээнээс орж ирсэн. Зогсох арга хэмжээ авах үед л ийм зүйл болсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Даваацэрэн мэдүүлэхдээ: “5 дугаар сарын 4-ний өдрийн орой Эх нялхсаас дээшээ өгсөж байхад миний урдуур буцаж эргэсэн. Зогслоо гэж бодоход зогсоогүй буцаад эргэсэн. Би зогсоох арга хэмжээ аваагүй. Хавирга, гар хугарсан. Одоог хүртэл ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй байна. 474,730 төгрөгийн хохирол учирсан. Үүнд эмчилгээний зардал болон, дугуйны руль 320,000 төгрөг болсон” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6-13 дахь тал/,

Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай Эд мөрийн баримтаар тооцох тухай “...1 ширхэг цагаан CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 15 дахь тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийн 24 дэх секундэд камерын дунд хэсэгт байрны булангаас хойноос урд зүгт цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл урд зүгт явж байна. Улмаар уг тээврийн хэрэгсэл нь Эх нялхасын Эрүүл мэндийн үндэсний төвийн баруун гарцан дээр буцаж эргэх үйлдэл хийх ба 30 дахь секундэд ухрах хөдөлгөөн хийх ба бичлэгийн 32 дахь секундэд уг тээврийн хэрэгслийн хойд хэсэг рүү нь унадаг дугуйтай зорчигч мөргөөд газарт унаж байгаа бичлэг байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 16 дахь тал/

Хохирогч Р.Даваацэрэнгийн “Би 2022 оны 5 дугаар сарын 04- ний өдөр 17 цаг 30 минутын үед ажлаа тараад өөрийн эзэмшлийн Shingmilo маркийн цахилгаан унадаг дугуй унаад Эх нялхасын эрүүл мэндийн баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байх үед өөдөөс буюу эсрэг урсгалаас явж байсан Toyota Prius маркийн автомашин буцаж эргэсэн ба би тэр автомашиныг зогсчихлоо гэж бодоод хажуугаар нь гарах гэтэл тэр автомашин гэнэт хойшоо ухраад намайг мөргөөд унагасан.

Тэгээд би унахдаа унаж явсан дугуйныхаа руль дээр нь дараад зам дээр унасан. Намайг мөргөсөн автомашины жолооч гэх нэг үл таних эмэгтэй хүн автомашинаасаа буугаад ирсэн харагдсан. ... Тухайн үед гадаа дулаахан нартай, тогтуун цаг агаартай байсан.

.... Ослын улмаас рулийн тулгуур босоо рам нь гулзайсан байсан. Мөн руль нь бас гулзайсан. Тоормосны базуур нь хагарсан байсан. ... Жолооч Н- осол гарсан өдөр, Гэмтлийн эмнэлэг дээр миний цээжний хөндийн Компьютерт томографийн шинжилгээний төлбөрийг төлсөн. Би жолоочоос эмчилгээний зардал болон унадаг дугуйнд учирсан хохирлыг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар. /хэргийн 27-28 дахь тал/

 

Иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр өгсөн Б.Төгсжаргалын “...Энэ Toyota Prius маркийн ХХ-ХХ УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сард худалдаж авсан санагдаж байна. Түүнээс хойш өөрийн ажил гэрийн хооронд хувийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг. Надаас өөр хүн бараг унаж хэрэглэдэггүй. Найз охин хамтран амьдрагч Н- бас унаж хэрэглэдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,

“...Уг ослын улмаас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 400,000 төгрөгийн хохирол учирсан. Хэн буруутай хүнээс өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41 дэх тал/

 

Гэрч Г.Нямсүрэнгийн “... манай охин Н- зам дээр автомашинтайгаа буцаж эргэсэн. Тэгээд буцаж эргээд автомашин нь замын хашлага тулж зогсохоор нь буцаад зөөлөн ухрах үед автомашины хойд талд түг хийх чимээ гарсан. Тэгэхээр нь Н- автомашинаасаа буусан. Тэр үед миний сууж явсан талд автомашины хажууд унадаг дугуйтай хүн зам дээр унасан байсан. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6750 дугаартай:

“1. Р.Даваацэрэнгийн биед баруун 5, 7-р хавирга хугарал, зүүн шууны доод булууны шөвгөн сэртэнд хөндлөн зөрүүгүй сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. /хэргийн 53-54 дэх тал/

 

Лазер мед эмнэлгийн Компьютерт томографийн шинжилгээний хуулбар. /хэргийн 55 дахь тал/

 

Ашид Билгүүн ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын “...Үнэлгээгээр тогтоосон дүн 400,000 төгрөг” гэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 89-90 дэх тал/

 

Техникийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 05/25 дугаартай:

“1. Жолооч Отгонжаргал овогтой Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр заалт буюу “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Унадаг дугуйтай зорчигч Равдангийн Даваацэрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 98-99 дэх тал/

 

Ашид Билгүүн ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын “...Нийт үнэ өртөг 320,000 төгрөг ” гэсэн үнэлгээ. /хэргийн 89-90 дэх тал/

 

Түргэн тусламжийн №2022030760 дугаартай хуудасны хуулбар. /хэргийн 157 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүгдэгч О.Н- нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун замд Toyota Prius маркийн ХХ-ХХ УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зорчиж явахдаа зүүн гар тийш буюу буцаж эргэх хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн хашлагад тулсаны улмаас ухрах үйлдлийг гүйцэтгэх явцдаа уг зорчих хэсэгт явсан унадаг дугуйтай зорчигч Р.Даваацэрэнг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

          Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ч.Болдбаатараас “шүүгдэгч О.Н-ыг гэм буруугүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, О.Н- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, техникийн шинжээчий дүгнэлт буруу гарсан” гэж гэм буруугийн дүгнэлт гаргажээ.

Гэвч хэрэгт авагдсан Техникийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 05/25 дугаартай дүгнэлт, болон зам тээврийн осол гарч буй үйл явдлыг буулгасан дүрс бичлэг анхдагч, шууд нотлох баримтаар шүүгдэгч О.Н- нь автомашинаар ухрах үйлдэл хийж байхдаа унадаг дугуйтай зорчигчид зам тавьж өгөөгүйгээс осол гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр заалт буюу “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөө талаар унадаг дугуйтай зорчигч Р.Даваацэрэн нь замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байгаад урд байгаа автомашиныг тойрч гарах үйлдэл хийсэн боловч уг автомашин нь ухрах үйлдэл хийснээс болж автомашинтай мөргөлдсөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Н- нь Toyota Prius маркийн ХХ-ХХ УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй буюу унадаг дугуйтай зорчигч Р.Даваацэрэнг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн “Автозам дээр ухрах үйлдэл хийх явцдаа тус замаар дугуйтай зорчиж явсан иргэнийг мөргөж биед хүндэвтэр гэмт учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Р.Даваацэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6750 дугаартай тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Р.Даваацэрэнд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд 154,730 төгрөгийн /хэргийн 25 дахь тал/, Shingmilo маркийн цахилгаан унадаг дугуй эвдэрч, гэмтсэн зардалд үнэлгээгээр 320,000 төгрөгийн /хэргийн 89-90 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Б.Төгсжаргалын эзэмшлийн Toyota Prius маркийн ХХ-ХХ УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Ашид Билгүүн ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 400,000 төгрөгийн /хэргийн 89-90 дэх тал/ хохирол тогтоогдсон тул шүүгдэгчээс нийт 474,730 төгрөг гаргуулж хохирогч Р.Даваацэрэнд, 400,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Төгсжаргал нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар болон хохирогч Р.Даваасүрэн нараас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний жирэмсэн, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн буюу амьжиргааны түвшний босго онооноос доогуурт багтдаг байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ё овогт О-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н-ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар О.Н-оос 474,730 төгрөг гаргуулж хохирогч Р.Даваацэрэнд, 400,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Төгсжаргалд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан О.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ