Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0366

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар

Нэхэмжлэгч: Б.Г

Хариуцагч: Ховд аймгийн ЖСЗД, Ховд аймгийн ИТХ

Нэхэмжлэлийн шаардлага: “ХА ЖСЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Б.Гд холбогдох хэсэг, ХАИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын Б.Гд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 125/ШШ2023/0008 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: ХАИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 125/2023/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г нь Ховд аймгийн ЖСЗД, Ховд аймгийн ИТХд тус тус холбогдуулан “ХА ЖСЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Б.Гд холбогдох хэсэг, ХАИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын Б.Гд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0008 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг ойн бүсд байршилтай 8414007251 дугаар бүхий 5000.0 /0.5/ газар дээр модны суулгац бэлдэх хүлэмжийн төслийг жижиг дунд үйлдвэрийн газраас зээл авч хэрэгжүүлж байсан бөгөөд тухайн төслөө тасралтгүй явуулж жижиг дунд үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний дагуу зээлээ хугацаанд нь төлж барагдуулах ёстой билээ. 125/ШШ2024/0008 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны биш бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг маш их зөрчиж төслийг цаашид хэрэгжих боломжгүй болгож санхүүгийн хохирол учруулж байгаа учраас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Г нь ХА ЖСЗД-ын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/65 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүсэд байрлалтай 10000 м.кв талбай бүхий газрыг Т.Цагаанхишигээс эрх шилжүүлэн авч, мод үржүүлгийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших болсон ба ХА ЖСЗД-ын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/194 дүгээр захирамжаар тус 10000 м.кв талбай бүхий газраас 5000 м.кв талбай бүхий газрын  эзэмших эрхийг Т.Цагаанхишигт шилжүүлж, үлдсэн 5000 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Г 9 жилийн хугацаатай, мод үржүүлгийн зориулалтаар эзэмших болсон байна.

2.1. Гэтэл Ховд аймгийн ЖСЗД 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч нийт 36 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Б.Г-ын газар багтжээ.

2.2. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох ХАИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт байрлах ойн бүсийн 32.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар мөн багтсан байна.

2.3. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн "ХА ЖСЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "ХАИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолуудын Б.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2.4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 3 үндэслэлээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх 2 үндэслэл нь тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитой, хэрэгт хамааралтай талаас нь бүрэн үнэлээгүй, маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

2.5. Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д газар эзэмших гэрээнд тусгах зүйлүүдийг жагсааж, гэрээний 2 талын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан бөгөөд гэрээний биелэлтийг дүгнэх талаар газар эзэмшигчид мэдэгдээгүй атлаа гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж зөвхөн нэг талыг буруутгаж газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ зөрчил гаргасан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогоогүй.

2.6. Хариуцагч ЖСЗД Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Г-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

3. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “...газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

3.1. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд газрын төлбөр төлөгдөх ажиллагаа нь газрын алба иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын төлбөрийг ногдуулж, тодорхой хугацаанд татварын албанд хүргүүлэхээр, татварын алба газрын төлбөр ногдуулалтыг газар эзэмшигчид мэдэгдэхээр газар эзэмшигчийн хувьд тухайн төлбөрийг төлөхөөр байх бөгөөд энэ тохиолдолд газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд нэхэмжлэгч Б.Г 2020-2023 онд ногдуулалт хийгдсэнээр газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь  Газрын кадастрын мэдээллийн системд хийсэн үзлэгээр 2021 онд 80,000 төгрөг, 2022 онд 100,000 төгрөг, 2023 онд 200,000 төгрөгийн газрын төлбөрийн ногдуулалт тус тус үүсч “төлөгдсөн” гэх төлөвтэй, татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2021 оны газрын төлбөр 80,000 төгрөгийг 2 хувааж, 32,000, 48,000 төгрөгөөр, 2022 оны газрын төлбөр 100,000 төгрөг, 2023 оны 200,000 төгрөгийг тус тус 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн болох нь тогтоогдож байна.

3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигчээс газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох хэдий ч газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, төлбөр төлөлттэй холбоотой гэрээний талуудын эрх, үүрэг хариуцлага, түүнээс үүсэх үр дагавар нь мөн хуулийн 34.6-д заасны дагуу байгуулсан гэрээнд зааснаар тодорхойлогдохоор байна.

3.3. Тухайлбал, газар эзэмшигч Б.Г газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд түүнтэй байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №08401-2018/00065 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.6-д “төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх”-өөр тусгасан байна.

3.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмшигч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч газраа хашаалсан, мод үржүүлгийн зориулалтаар эзэмшихдээ 2 хүлэмж, шар хуайс, үхрийн нүд нийлсэн 82 ширхэг мод, 43 алим, 13 ширхэг бөөрөлзгөнийн мод суулгасан, нэг хүлэмжид огурци тарьсан болох нь анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар тогтоогдож байхад Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.1. Хариуцагч ЖСЗД газар эзэмшигчийн газар эзэмших эрх ашгийг хөндсөн маргаан бүхий захиргааны акт гаргахаасаа өмнө нэхэмжлэгч Б.Гд энэ тухай мэдэгдэх, тодруулбал, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд эхлээд гэрээнд зааснаар алданги тооцож болохоор байхад газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр /энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Г-ын хувьд 2023 оны газрын төлбөрийг хугацаа хожимдуулан төлсөн, бусад онуудынх төлсөн байдалтай байна/ газраа зориулалтын дагуу тодорхой хөрөнгө, хөдөлмөр зарцуулан эзэмшиж, ашиглаж байгаа газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн гэж үзэхээс гадна мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

4.2. Дээрхээс дүгнэхэд хариуцагч сумын Засаг дарга нэхэмжлэгч Б.Гантулгыг газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Түүнчлэн Ховд аймгийн ИТХ нь ХА ЖСЗД-ын захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий 13/05, 13/15 тогтоолоор бусдын эзэмшил ашиглалтад байхгүй нийтийн эдэлбэр газар гэж үзэж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, байршлыг тогтоосон нь мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай нийцээгүй.

5.1. Маргаан бүхий Жаргалант сумын Засаг даргын захирамж хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон  тул тухайн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн ХАИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзэв.

5.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийн дээрх зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 125/ШШ2023/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан ХА ЖСЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Б.Гд холбогдох хэсэг, ХАИТХ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын Б.Гд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ