Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ц.Уртнасан,

Шүүгдэгч Т.Цибүүдэй,

Хохирогч Б.Баясгалан нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Тэмүүлэнгийн Цибүүдэйд холбогдох эрүүгийн 201625021852 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Бодонгууд овогт Тэмүүлэнгийн Цибүүдэй, Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 40-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: УУ92041013/;

 

Шүүгдэгч Т.Цибүүдэй нь танхайн сэдэлтээр бусдыг илтэд үл хүндэтгэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТҮЦ”-ний орчим догшин авирлаж хохирогч Б.Баясгалангийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цибүүдэй мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баясгалан мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ТҮЦ-ний үүдэн дээр зогсож байхад Цибүүдэй

 

намайг хаалгаар цохьсон. Тэгэхээр нь би чи аятайхан яв л даа гэж хэлсэн. Тэгтэл Цибүүдэй миний шанаа тус газар цохьсон. Хамт явж байсан 2 найз нь салгасан. Тэгээд эргүүлийн цагдаа ирээд Цибүдэйг авч явсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд 1.800.000 төгрөг авсан.” гэв.

Хохирогч Б.Баясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Чоно Бөртэ төвийн урд байрлах ТҮЦ-ний хажууд тамхи татаад зогсож байтал 4-5 эрэгтэй хүн баруун талаас ирж байсан. Тэгтэл Цибүүдэй гэх залуу намайг цохисон. Тэгэхээр нь зам харж яваач гэж хэлсэн чинь үзэх үү гэж хэлэнгүүтээ шууд миний зүүн хацар луу гараараа цохисон. Тэгээд дайраад байсан. Тэгээд надыг тэврээд газар унасан. Тэгээд цагдаа дуудсан. Би тэр хүнийг танихгүй, гомдолтой байна, 1.800.000 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч Ж.Энхболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…би тухайн үед 1 дүгээр сургуулийн үүдэнд өөрийн найз Сайхнаа, Цибүүдэй, Амка нартай 2-3 ширхэг гар айраг ууж юм ярьж суусан. Тэгтэл Амка түрүүлээд яваад өгсөн. Бид 3 тамхи авахаар ТҮЦ рүү явсан. Тэгээд алхаж байхад Цибүүдэй урд явж байсан. Тэгсэн Цибүүдэй ТҮЦ-ний худалдагчтай зууралдаад газар уначихсэн байсан. Тэгэхээр нь очиж салгаад худалдагчийг ТҮЦ-рүү нь оруулсан…” гэсэн мэдүүлэг /хх-7-8/,

Гэрч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би тухайн өдөр 1 дүгээр сургуулийн урд найз нарын хамт архи уусан юм. Тэгээд архи ууж байгаад тамхи авах гээд ТҮЦ-рүү явсан. Цибүүдэй түрүүлж яваад бид 2 раас нь явж байсан. Тэгээд хартал Цибүүдэй ТҮЦ-ний худалдагчтай маргалдчихсан зууралдаад газар хэвтэж байсан. Тэгэхээр ньЭнхболд бид 2 очиж салгасан. Тэгээд цаашаа яваад тамхи авах гээд зогсож байхад цагдаа ирээд бид нарыг цагдаад хүргэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-8-9/,

Гэрч Т.Үүрийнтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би өөрийн нөхөр Цибүүдэйтэй 2 жилийн өмнө гэр бүл болсон. Дундаасаа нэг хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийнхээ ажилд тусалдаг, зан араншингийн хувьд сайхан харьцаатай, нийтэц, гэр бүлдээ маш их хайртай, тамхи татдаг, архи уусан үедээ ааш авиргүй…” гэсэн мэдүүлэг /хх-39-40/,

Шүүгдэгч Т.Цибүүдэй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 06 дугаар сарын 28-ны орой найзуудтайгаа уулзаад архи ууж байгаад шөнийн 03 цагийн үед Чонон Бөртэ төвийн хойд талд байрлах ТҮЦ-ний залуутай барьцалдчихсан газарт унаж басан. Тэгээд манай найзууд ирээд салгасан, тэгээд тамхи татаад зогсож байхад цагдаа ирээд цагдаагийн газарт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-16-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 9114 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Баясгалангийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй… /хх-11/,

Шүүгдэгч Т.Цибүүдэйн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/,

Хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Цибүүдэй нь танхайн сэдэлтээр бусдыг илтэд үл хүндэтгэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТҮЦ”-ний орчим догшин аьирлаж хохирогч Б.Баясгалангийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-5-6/, гэрч Ж.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-8-9/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 9114 тоот шинжээчийн дүгнэлт “…Б.Баясгалангийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-11/ болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Цибүүдэйн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Т.Цибүүдэйд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Цибүүдэйд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Цибүүдэй нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Бодонгууд овогт Тэмүүлэнгийн Цибүүдэйг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг

 

үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Т.Цибүүдэйг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Цибүүдэйд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Цибүүдэй нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Цибүүдэйд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Цибүүдэйд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Цибүүдэйд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР