Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0397

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр          Дугаар 128/ШШ2020/0397            Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “М.у.р” ХХК

            Хариуцагч:   М.У.З.г

                                А.м,г.т.г

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхацсан 28129.25 гектар талбайд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа А.м,г.т.г болон М.У.З.г-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг М.У.З.г т уламжлахыг А.м,г.т.г, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг М.У.З.г тус тус даалгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Д.А, хариуцагч М.У.З.г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагч А.м,г.т.г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М.у.р” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.у.р” ХХК нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрээр олгогдсон Ц-002Х, Ц-003Х тоот цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдын нутагт орших Хүйтэн уул нэртэй 105.937 гектар талбай болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хэрэмийн цагаан өндөр нэртэй 208,135.06 гектар бүхий нийт 314,072.06 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан.

Сүхбаатар аймгийн Засаг даргаас 2015 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор Сүхбаатар аймагт байрлах Дарьгангын байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Зотол хаан уулын орчмын газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайнууд тус компанийн эзэмшлийн Ц-002Х, Ц-003Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах зарим хэсэгтэй давхацсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Энэхүү захиргааны хэргийг Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “М.у.р” ХХК д олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсэг буюу 28,129.25 га талбайг хүчингүй болгож, үлдсэн 77,807.75 га талбайн эзэмших эрхийг “М.у.р” ХХК -д хэвээр үлдээсэн.

УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбай нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу тусгай хэрэгцээний газарт хамаарч байх бөгөөд Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газар нөхөх олговор олгох шийдвэр гаргах бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлдэг.

Тус компанийн зүгээс нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрыг давхцалгүй газраар солих талаар А.м,г.т.г-т удаа дараа хандаж, албан бичиг солилцсон боловч тус газраас бидний хүсэлтийг хянаад, асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгснөөс өөрөөр хуульд заасан шаардлагатай арга хэмжээ аваагүй болно.

А.м,г.т.г-аас хамгийн сүүлд тус компанид 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9/46 тоот албан бичгээр “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт орших “Бор толгой” нэртэй талбайн мэдээллийг хүлээн авлаа...Засгийн газраар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн өмнө өгдөг хариугаа давтан ирүүлсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар А.м,г.т.г нь улсын хэмжээний хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага байна. Гэтэл тус газраас ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд улсын хэмжээнд хяналт тавьж, улсын тусгай хэрэгцээний газартай давхацсан үндэслэлээр хайгуулын талбайн томоохон хэсгээ хүчингүй болгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлахгүй байгаагаас “М.у.р” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд Засгийн газраас нөхөх олговор авч чадалгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж байна.

Тухайлбал, “М.у.р” ХХК нь улсын тусгай хэрэгцээний талбайтай давхацсан тусгай зөвшөөрлийн 28,123 га талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн баталгаажсан дүнгээр 350.0 орчим сая төгрөгийн зардал гаргасан боловч тусгай зөвшөөрлийн талбайн томоохон хэсгийг хүчингүй болгосноор тус компанийн зүгээс цаашид нийт талбайд эрэл, хайгуулын ажлыг төлөвлөх, хийх боломжгүй болж, уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг бүхэлд нь буюу нийт талбайн хэмжээнд зогсооход хүрсэн болно.

Иймээс хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг давхацсан үндэслэлээр хүчингүй болгосонтой холбоотойгоор хуульд заасны дагуу нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа А.м,г.т.г болон Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлахыг А.м,г.т.г, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг Засгийн газар тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдын нутаг Хүйтэн уул нэртэй 105,937 гектар талбай бүхий газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-002 тоот тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрээр анх “М.у.р” ХХК -д олгосон байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-002 тоот тусгай зөвшөөрлийг тус компанид олгосонд дурдсан 34 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхэд гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 тоот албан бичгээр тус газарт ирүүлсэн чиглэлийн дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гаргасан геологийн болон санхүүгийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газар болон тус газрын албан хаагчдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хүсэлт гаргасан 16 аж ахуйн нэгжийн холбогдох материалуудыг хүлээн авч, урьдчилсан байдлаар судалгаа хийж хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулсан.

Дээр дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбогдуулан ажлын хэсгээс тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн талбайг дүйцүүлэн авах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдсэн байдлаар уулзалт зохион байгуулж ажлын хэсгийн чиг үүрэг, зорилго, хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс хүсэлт болон түүнд хавсарган ирүүлэх шаардлагатай холбогдох баримт материал, мэдээллийг агуулсан албан бичгийг компани тус бүрд гардуулан өгсөн. Улмаар аж ахуйн нэгжүүдээс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт, холбогдох баримтуудыг тус газарт ирүүлсэн дэс дарааллын дагуу хүлээн авсан.

Ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Материал ирүүлэх тухай” 10/8284 тоот албан бичгийн дагуу “М.у.р” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэлд дурдсан холбогдох материалаа ирүүлж, мөн нэмэлт материалаа 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус газарт ирүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аргачлал, шалгуур үзүүлэлтийг боловсруулж төслийг газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1/6250 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлэхэд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2816 тоот албан бичгээр “Албан бичигт дурдсан аргачлалыг төрийн захиргааны байгууллага батлах нь зүйтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн. Нөхөх олговор олгох журам болон аргачлалыг хуулиар тусгайлан батлах эрхийг А.м,г.т.г олгоогүй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын хүрээнд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоход баримтлах журмыг хэрхэн баталж мөрдүүлэх талаар хуулийн зохицуулалт байхгүй.

“М.у.р” ХХК -ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20/101 тоот албан бичгээр ажлын хэсэгт өмнө нь ирүүлсэн талбайн байршлыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт орших Бор толгой нэртэй талбайгаар солих хүсэлт ирүүлснийг ажлын хэсэг хүлээн авч хариуг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9/46 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М.у.р” ХХК -иас М.У.З.г, А.м,г.т.г холбогдуулан гаргасан  “Ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтай 28129.25 гектар талбайд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа А.м,г.т.г болон М.У.З.г-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг М.У.З.г уламжлахыг А.м,г.т.г, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг М.У.З.г-т тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 23 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “М.у.р” ХХК -д олгосон Ц-002Х тусгай зөвшөөрлөөр олгосон 105937 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосон бөгөөд энэхүү нөхцөл байдалтай хэргийн оролцогчид маргаагүйг дурдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч “...тусгай хэрэгцээнд авсан газрыг давхцалгүй газраар солих талаар хандсан боловч хуульд заасан шаардлагатай арга хэмжээ аваагүй…” гэh үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч короновирусын цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар хөл хорио тогтоосны улмаас ажлын хэсгийн ажил удаашралтай хэдий ч  нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн журмыг баталж мөрдүүлэх асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна…” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: … 11.1.15.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх; … 11.1.19.түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;” гэж заажээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч “М.у.р” ХХК -ийн эзэмшиж байсан Ц-002Х дугаар тусгай зөвшөөрлийн 105937 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосноор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт зааснаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг Засгийн газар гаргахаар байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу олгохоор хуульд зохицуулжээ.

Хуульд ийнхүү тусгай зөвшөөрөл олгох харилцааг тодорхой зохицуулаагүй бөгөөд хариуцагч нар хуулийн дээрх заалтад заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай харилцан тохиролцон шийдвэр гаргахаар ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан солилцсон албан бичиг болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандсан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1815 дугаар албан бичгээр нотлогдож байх тул Ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтай 28129.25 гектар талбайд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа А.м,г.т.г болон М.У.З.г-ын эс үйлдэхүй хууль бус гэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байвал захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгахаар зохицуулжээ.

Энэ тохиолдолд хариуцагч М.У.З.г, Ашигт малтмал, газрын тосны газрын захиргааны акт гаргахгүй байгаа буюу тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нөхөх олговрын асуудлыг М.У.З.г уламжлахыг А.м,г.т.г, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг М.У.З.г тус тус даалгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэдийгээр хуульд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох асуудлыг тодорхой зохицуулаагүй боловч хариуцагч нар “М.у.р” ХХК -д тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан шуурхай, тасралтгүй байх зарчмын хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэх нь зүйтэйг хариуцагч нарт анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М.у.р” ХХК -иас М.У.З.г, А.м,г.т.г холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтай 28129.25 гектар талбайд нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа А.м,г.т.г болон М.У.З.г эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг М.У.З.г уламжлахыг А.м,г.т.г, хуульд заасны дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг М.У.З.г тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН