Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 658

 

105/2019/0555/Э

 

 

 

 

 

 2019      7         2                            2019/ДШМ/658               

 

М.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор И.Ариунсанаа,

хохирогч Д.Сэлэнгийн өмгөөлөгч И.Батбаяр, Ц.Эрдэмбилэг, 

шүүгдэгч М.Б  ийн өмгөөлөгч Э.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Сэлэнгийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Б-т холбогдох эрүүгийн 1806016541087 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн М-ын Б, ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

М.Б нь “Номин холдинг" компанид борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Д.Сэлэнгэд “...БНХАУ-аас бараа буюу хүүхдийн цүнх оруулан ирж “Номин” компанийн сүлжээ дэлгүүрүүдэд зарж борлуулан, богино хугацаанд ашиг олно...” гэж худал хэлж, Д.Сэлэнгийг итгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараар дамжуулан түүнээс 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б  ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б  ийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б   нь шүүхээс оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б   нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Д.Сэлэнгэ нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Сэлэнгийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Б   нь “Номин холдинг” компанид борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Д.Сэлэнгэд “БНХАУ-аас бараа буюу хүүхдийн цүнх оруулж ирж “Номин” сүлжээ дэлгүүрүүдээр зарж борлуулж, богино хугацаанд ашиг олно гэж итгүүлж “Хаан” банкны салбараар дамжуулан түүнээс 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх нэрээр хуурч, бодит байдлыг нууж, албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хохирол учруулсан талаар зөв дүгнэсэн.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг оногдуулсан гэдэг.

Гэтэл шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн гэх боловч М.Б   нь залилан мэхлэх гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй, гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт удаа дараа бусдаас мөнгө зээлэх нэрээр авч, буцаан төлөлгүй удааж байсан зэргээс гадна шүүх түүнийг гэм буруутай гэдгийг тогтоох хүртэл тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөлгүй явсаар ирсэн. Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ, гэрч Ц.Ууганцэцэгийг сайн таних дотны найзууд, нэгнийхээ гэр бүлийн байдлыг ч мэдэх хүмүүс, бидний хооронд цүнх оруулж ирэх талаар яриа байгаагүй, Д.Сэлэнгэтэй уулзаж, өр төлбөрийг нь төлье гэхэд ажлаас халсан, намайг ялтан болгож байж сална гэсэн. Би Д.Сэлэнгээг залилсан зүйл байхгүй зэргээр өөрийгөө залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж тайлбарласаар байсан.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Б  ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг үйлдлийг удаа дараа гаргаж байсан зэргийг харгалзан оноосон ялын хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Сэлэнгийн өмгөөлөгч И.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Сэлэнгэ, шүүгдэгч М.Б   нар нь бие биенээ огт таньдаггүй байсан. Ц.Ууганцэцэг нь Д.Сэлэнгэ, М.Б   нарыг тус тус таньдаг ба хооронд нь зуучилж өгсөн. Ц.Ууганцэцэг гэрчээр мэдүүлэг өгсөн.

Дээрх гэмт хэргээс үүдэлтэй хохирол нь 50,000,000 төгрөг, энэ гэмт хэргийн хор уршиг нь 25,000,000 төгрөг. Хор уршиг, гэм хорын хохирлыг тусад нь тооцон гаргуулж шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Б  ийн өмгөөлөгч Э.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Б-т оногдуулсан ял хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Хор уршиг 25,000,000 төгрөгийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жил нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Хохирогч Д.Сэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт 25,000,000 төгрөгийн хор уршиг учирсан гэж байгаа боловч энэ баримтаа шүүхэд бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б   шууд учирсан хохирол 50,000,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар хохирогч маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

М.Б   нь “Номин холдинг" компанид борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Д.Сэлэнгэд “...БНХАУ-аас бараа буюу хүүхдийн цүнх оруулан ирж “Номин” компанийн сүлжээ дэлгүүрүүдэд зарж борлуулж, богино хугацаанд ашиг олно..” гэж худал хэлж,  2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараар дамжуулан түүнээс 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар Д.Сэлэнгийг төөрөгдөлд оруулж, 50,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Сэлэнгийн “...Би анх М.Б  тай манай найз Ц.Ууганцэцэгээр дамжуулж 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр уулзсан. Тэр эмэгтэй надад “Би “Номин” компанид борлуулалт хариуцсан бүсийн менежер хийдэг, 2015 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө Хятад улс руу явж хүүхдийн цүнх худалдаж авч, “Номин” худалдааны төвд нийлүүлнэ, шахна. Надад бараа худалдаж авах 50,000,000 төгрөг хэрэгтэй байна, чи надад сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг зээлүүлээч” гэж хэлж, “Номин холдинг” ХХК-ийн нийлүүлэлтийн менежер М.Б   гэсэн нэрийн хуудас өгсөн. Мөн “Ц.Ууганцэцэг эгчийн чинь найз учир чи надад итгээд барьцааны гэрээ хийхгүй 50,000,000 төгрөг өгчих, би найдвартай буцаагаад хүүтэй нь өгнө” гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр над руу М.Б   залгахаар нь би “таньдаг хүнээсээ таны хэлснээр хүүтэй мөнгө авахаар болсон” гэж хэлэхэд “эгч нь итгэлтэй, найдвартай би наад нөхцөлийг чинь хүлээн зөвшөөрч байна” гэж хэлэхээр нь би түүнд мөнгө зээлэхээр болж, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрөө “Баян Монгол” хорооллын “Хаан”’ банкны салбар руу хамт орж, би өөрийн 5133034884 дугаартай данснаасаа түүний 5022279275 дугаартай данс руу бэлэн бусаар 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /хх 28/ гэх,

гэрч Ц.Ууганцэцэгийн “...Би М.Б  тай 2015 оны 8 дугаар сарын эхээр ажил дээрээ тааралдаад өдрийн хоол цуг идэж байхад надад М.Б   “Би бизнес хийх гэж байна, надад мөнгө хэрэгтэй болоод байна, мөнгө зээлэх хүн байна уу” гэхээр нь би “асууж өгнө” гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед би “чи ямар бизнес хийх гэж байгаа юм, мөнгийг юунд зарцуулах юм” гэж асуухад “би сургуулийн хүүхдийн цүнх оруулж ирж, “Emart”, “Оргил”, “Номин” компаниудаар зарна” гэж хэлэхээр нь би өөрийн найз дүү Д.Сэлэнгээ рүү залгаад “манай ажлын хүн мөнгө асуугаад байна, мөнгө зээлэх үү” гэж хэлэхэд “яг одоо надад байхгүй, 2-3 хоногоос хариу өгнө” гэхээр нь би М.Б   руу залгаад “асуугаад хариу өгье гэж байна, ямар ч байсан та 2 бие биенийхээ дугаарыг аваад хоорондоо холбогд” гэж хэлээд М.Б-т Д.Сэлэнгийн 99999944 дугаарыг өгч, Д.Сэлэнгээд М.Б  ийн 99091257 дугаарын өгч, би өөрөө хөдөө явсан. ...” /хх 39/ гэх,

гэрч Г.Батнасангийн “...2015 оны 8 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Д.Сэлэнгэ надаас 50,000,000 төгрөг зээлсэн. Д.Сэлэнгэ надад хэлэхдээ “манай найзын эгчид нь мөнгөний хэрэг байгаа, 3 сарын хугацаатай зээлэх хэрэгтэй байна, их найдвартай хүн, 3 сарын дараа зээлсэн мөнгөө буцаагаад төлнө” гэж Д.Сэлэнгэ хэлсэн болохоор 50,000,000 төгрөг зээлсэн. 6 сар орчим мөнгөний хүү төлж явж байгаад сүүлдээ надад ямар ч мөнгө өгөөгүй. Миний тооцоолж байгаагаар Д.Сэлэнгэ надад 20 гаруй сая төгрөг өгсөн. Д.Сэлэнгээгээс асуухад “нөгөө хүн мөнгө нь орж ирэхээр өгнө гээд байна, найдвартай хүн байгаа, таны мөнгийг хүүтэй нь төлнө” гэж өдийг хүрч байна. ...” /хх 44, 113/ гэх,

гэрч Б.Амарзаяагийн “...Тухайн үед М.Б   “Номин” худалдааны төвд борлуулалтын ажил хийдэг байсан санагдаж байна. 2015 оны 5 дугаар сард М.Б   нь надтай уулзаад “надад мөнгө зээлээч” гэж гуйхаар нь би “яах гэж байгаа юм” гэсэн чинь “Номин” ХХК-ний худалдааны төвд хүүхдийн бараа нийлүүлэх гэж байгаа юм. “Номин” ХХК-д бараа нийлүүлж мөнгө эргэлтэнд оруулаад таньд буцаагаад өгье” гэж 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлж авсан. Тэгээд авснаас хойш 1 сарын хугацаанд мөнгөө өгөхгүй, хүүгээ ч төлөхгүй, сүүлдээ хэрүүл болж байж 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 18,500,000 төгрөгийг буцааж авсан. Надад ямар ч хүү төлөөгүй. ...” /хх 191/ гэх,

гэрч А.Мөнгөнсүхийн “...М.Б   надаас бизнест хэрэглэнэ гэж 5,000,000 төгрөг зээлсэн. Ингээд зээлсэн мөнгөө төлөхгүй 1 жил орчим болж, би араас нь мөнгө нэхэж байж 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж байсан санагдаж байна. ...“ /хх 192/ гэх мэдүүлгүүд,

“Хаан” банкны дансны хуулга /хх 11-19, 130-153/, мөнгөн шилжүүлгийн хуулга /хх 20/, хохирлын баримтууд /хх 212-213/, “Хаан” банкны депозит хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 154-155/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Хуурч, ... бодит байдлыг зориудаар нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн гэмт хэргийн шинжтэй “Залилах” гэмт хэргийг тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “...албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжээр үйлджээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хохирогч Д.Сэлэнгийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг “...М.Б-т оноосон ялын хэмжээг хүндрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б  ийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, уг ялын доод хэмжээгээр М.Б  ийг шийтгэжээ.

 

Анхан шатны шүүхээс М.Б-т оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул түүнд оногдуулсан ялыг хүндрүүлэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Б   нь 50,000,000 төгрөгийн хохирлоо хохирогчид төлсөн байна.

 

Анхан шатны шүүх хохирогч Д.Сэлэнгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо М.Б  аас нэхэмжлэх эрхийг нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахдаа, хохирогч Д.Сэлэнгэ ямар нэхэмжлэлийн шаардлагаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг ойлгомжгүй заажээ.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч М.Б  ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлсон атлаа тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

  

Иймд дээр дурдсан зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын зохих заалтад оруулж, хохирогч Д.Сэлэнгийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Боржигон овогт Магсаржавын Б   ийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Боржигон овогт Магсаржавын Б   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Хохирогч Д.Сэлэнгэ нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэснийг “...Хохирогч Д.Сэлэнгэ нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Д.Сэлэнгийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ